Нобелийн Энх Тайвны шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үг

24-10-2012, 19:23  |  Хэвлэх

Эрхэм дээдэс ээ, Нобелийн хорооны эрхэм хүндэт гишүүд, ахан дүүс нар аа,

Өнөөдөр би энд Нобелийн Энх Тайвны шагнал авахаар ирсэндээ туйлын баяртай байна. Төвдийн жирийн лам надад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулан өгч байгаад миний сэтгэл ихэд хөдөлж, маш их баярлаж байна. Би тийм онцгой хүн биш ээ. Гэхдээ Бурхан багшийн сургааль болон Энэтхэг, Төвдийн мэргэдийн айлдварын дагуу энэрэнгүй үзэл, хайр, нигүүлсэл, хүч үл хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэхээр зүтгэж ирснийг маань үнэлж энэхүү шагналыг өгч байна гэж би хувьдаа бодож байна.

Хаа нэгтээ зовж шаналж байгаа, мөн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, даян дэлхийн энх тайвны төлөө зүтгэж байгаа бүх хүмүүсийн өмнөөс уг шагналыг би баяртайгаар гардан авч байна. Өөрчлөлтийг хүчирхийлэлгүйгээр хэрэгжүүлэх жишгийг орчин цагт тогтоосон Махатма Гандид үзүүлж буй хүндэтгэл гэж би энэхүү шагналыг хүлээн авч байна. Тэрээр туулж өнгөрүүлсэн амьдралаараа надад сургамж, урам зориг өгч байдаг билээ. Мөн олон жил зовсон, зовсоор ч байгаа баатарлаг зургаан сая Төвд хүн, эх орон нэгт эрэлхэг охид хөвгүүдийнхээ өмнөөс энэ шагналыг би гардан авч байна. Үндэсний болоод соёлын өвөрмөц онцлогийг нь устгахаар урьдчилан тооцоолж, зохион байгуулсан стратеги бодлогын эсрэг тэд нүүр тулан зогсож байгаа. Шийдэмгий байдал, шударга үнэн, зориг хатуужлаараа зэвсэглэсэн бидний итгэл үнэмшлийн үр дүнд Төвд орон чөлөөлөгдөх болно гэдгийг энэ шагнал баталж байгаа юм.

Дэлхийн аль хязгаараас ирсэн нь хамаагүй бид бүгдээрээ адилхан хүн билээ. Бид бүгдээрээ аз жаргалыг хүсч, зовлонгоос ангид байхыг хичээдэг. Бидний үндсэн хэрэгцээ шаардлага ижил, санаа зовж буй асуудлууд маань ч ижил. Хувь хүн, ард түмэн болохынхоо хувьд бид бүгд эрх чөлөөтэй байх, өөрийн тавилан мөрөө тодорхойлох эрхтэй байхыг хүсч байна. Энэ бол хүмүүний мөн чанар. Зүүн Европоос Африк хүртэл дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа өөрчлөлтүүд нь үүний тодорхой нотолгоо мөн.

Хятадад өрнөсөн ардчиллын төлөөх ард түмний тэмцлийг энэ оны 6 дугаар сард зэрлэг балмадаар дарлаа. Хятадын ард түмний эрх чөлөөг эрмэлзэх зүрх сэтгэлийн галыг дүрэлзүүлсэн энэхүү жагсаал тэмцлийг талаар болсон гэж би бодохгүй байна. Дэлхийн олон оронд түрж байгаа эрх чөлөөний долгионы нөлөөнөөс Хятад улс зайлсхийж чадахгүй. Тэдгээр баатарлаг оюутнууд болон тэднийг дэмжигчид Хятадын удирдлага болон дэлхий дахинд агуу их үндэстний хүмүүнлэг нүүр царайг харуулж чадлаа.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн өмнө дахин хэд хэдэн Төвд хүнийг арван ес хүртэлх жилээр хорих болсон нь өнөөдрийн энэ үйл явдлын өмнө ард иргэдийг айлган сурдүүлэх гэсэн оролдлого биз ээ. Хайртай эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө өөрсдийн чин хүслээ илэрхийлсэн нь тэдний үйлдсэн цорын ганц “гэмт хэрэг" юм.

Сүүлийн дөчин жилийн эзэрхийллийн дор манай ард түмний амссан зовлон шаналлыг сайн баримтжуулсан байдаг. Бидний тэмцэл маш удаан үргэлжилж байна. Бидний үйлс шударга гэдгийг бид мэдэж байна. Хүчирхийлэл зөвхөн хүчирхийлэл, зовлонг авчирдаг учраас бид үзэн ядалтаас ангид байж, хүчирхийллийн бус замаар тэмцлээ үргэлжлүүлэх ёстой. Бусдад зовлон учруулалгүйгээр өөрсдийн зовлонд цэг тавихыг бид хичээж байна.
Ийм бодлын үүднээс би Төвд, Хятадын хооронд хэлэлцээр хийх саналыг нэг бус удаа тавьж байсан. 1987 онд миний бие Төвдөд энх тайван, хүний эрхийг сэргээх "Таван зүйлт төлөвлөгөө" бүхий тодорхой саналыг дэвшүүлсэн юм. Төвдийн бүх газар нутгийг Ахимса буюу хүн, байгаль эв зохицолтойгоор зэрэгцэн оршиж болох амар амгалан, хүчирхийллийн бус ариун дагшин бүс нутаг болгох тухай санал үүнд орсон.

Өнгөрсөн жил энэхүү төлөвлөгөөгөө би Страсбургт Европын Парламент дээр тодорхой танилцуулсан. Хэдийгээр манай зарим нөхөд миний тавьсан саналуудыг хэтэрхий эвлэрэнгүй хэмээн шүүмжилдэг ч энэ бол хэрэгжих боломжийн, бодит саналууд гэдэгт би итгэлтэй байна. Харамсалтай нь томоохон буулт хийсэн бидний саналд Хятадын удирдлага нааштай хариу өгсөнгүй. Хэрэв байдал энэ янзаараа үргэлжилбэл бид байр сууриа эргэн харахаас өөр аргагүйд хүрнэ.

Төвд, Хятадын бүхий л харилцаа тэгш эрх, хүндлэл, итгэлцэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлах ёстой. Түүнчлэн энэхүү харилцаа нь Төвд, Хятадын эртний мэргэн удирдагчид аль манай эриний өмнөх 823 онд байгуулсан гэрээндээ тусгасан эрхэм зарчим буюу "Төвдүүд Төвдийнхөө агуу нутагт, хятадууд Хятадынхаа агуу нутагт аз жаргалтай амьдрах болно" гэсэн санаанд үндэслэх ёстой. Энэ бичээсийг Лхасын хамгийн дээд ариун сүм Жокангийн багана дээр сийлсэн байдаг нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.

Буддист лам хүний хувьд би хүмүүний гэх гэр бүлийн бүх гишүүдийн төлөө, тэр тусмаа зовж шаналж буй хамаг амьтны төлөө санаа зовниж байна. Бүх зовлон мунхагаас үүдэлтэй гэдэгт би итгэдэг. Хувийн жаргал, өөрийн сэтгэлийн таашаалыг дээдэлснээрээ хүмүүс бусдад зовлон авчирч байна. Хамтран эзэмшиж байгаа эх дэлхийнхээ болоод нэг нэгнийхээ тусын тулд бид хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай байна. Хэдийгээр би өөрийн буддын шашныг дайснаа гэж үздэг хүндээ хүртэл хайр сэтгэл, нигүүлслийг бий болгоход тусалдаг шашин гэж үздэг ч сайхан сэтгэл, хамтын хариуцлагыг шашинтай, шашингүй хэн бүхэн хөгжүүлж чадна гэдэгт мөн итгэлтэй байна.

Бидний амьдралд шинжлэх ухааны үзүүлж буй үр нөлөө өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүнлэг мөн чанараа эргэн санахад маань шашин, оюун санааны ертөнц томоохон үүрэг гүйцэтгэж байна. Шашин, оюун санааны ертөнцийн хооронд зөрчил байхгүй. Аль нэг нь нөгөөгийнхөө талаар бидэнд үнэ цэнэтэй гүн гүнзгий ойлголтыг өгдөг. Шинжлэх ухаан хийгээд Буддын сургаалийн аль аль нь бүх зүйл хоорондоо уялдаа холбоотойг өгүүлдэг. Хэрэв бид байгаль орчны талаархи дэлхий нийтийн хойшлуулшгүй асуудлаар нааштай бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсч байгаа бол энэхүү ойлголт туйлаас чухал ач холбогдолтой.

Бүх шашин хүний сайхан сэтгэлийг төлөвшүүлж, бүх хүнд аз жаргалыг авчрах нэг л зорилготой гэдэгт би итгэдэг. Хэрэгжүүлэх арга зам нь өөр байж болох ч эцсийн зорилго нь адил билээ.

ХХ зууны сүүлийн арван жилд орох босгон дээр хүн төрөлхтний бий болгосон эртний үнэт зүйлс илүү сайхан, илүү аз жаргалтай ХХI зуунд биднийг бэлтгэж оруулахын тулд дахин сэргэн гарч байгаа хэмээн би өөдрөгөөр бодож байна.

Би дарангуйлагч хийгээд найз нөхөд, бүх хүмүүсийн төлөө залбирч байна. Хайр энэрэл, ойлголцлын хүчээр бид хамтдаа илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээснээр хамаг амьтны зовлон, шаналлыг багасгаж чадна.

Баярлалаа.

1989 оны 12 дугаар сарын 10, Осло хот, Аула Их сургууль
Үзсэн: 4 721
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц