2000 оны 3-р сарын 15-ний өдөр Өмнөд Энэтхэгийн Мундгод дахь "Бат Оршил" өргөх үеийн айлдвар

25-01-2013, 01:18  |  Хэвлэх

Бат оршил өргөсөн бичигт “бид Шүгдэнг шүтэхгүй” гэж бичсэн байна. Маш их баярлалаа! Ихэнх төвдүүд Шүгдэнг шүтэж болохгүйн учир шалтгааныг ойлгоод шүтэхээ больсон. Гэвч цөөхөн хэсэг нь өнөөг хүртэл шүтсээр байна. Тэдгээрийн зарим нь юугаа ч мэдэхгүй шүтсээр байгаа тул тайлбарлаж өгөх нь чухал юм.

Шүгдэнг ахин дахин судлах хэрэг надад гарч байсан. V Далай лам, Пүржог Агваанжамба, Дэчин Агваанчогдон, Ёнзон Ишжанцан тэргүүтэй олон мэргэд Шүгдэнг шүтэхийг хориглож байсан юм. Үүнийг та бүгд мэдэж байгаа байх. Хуучин ном, зохиолуудад Шүгдэнг шүтэж болохгүйн учир шалтгаан тодорхой гардаг. Шүгдэнг шүтэхийг хориглосон нь дан ганц миний бодол санаа биш юм шүү! “Хуурамч хувилгаан Дагважанцан буруу ерөөл тавьж, тангараг буруудан буг чөтгөр болсон” гэж V Далай Ламын “буман зарлиг” дотор маш тодорхой гардаг. Үүнийг бид бүгд мэдэх хэрэгтэй. Ямар ч атугай өмнөх Далай Лам нарын хослон барьж байсан Төвдийн шашин, төртэй зөрчилдөн буруу ерөөл тавьж, тангараг буруудсан буг болсон түүний уршгаар үе үеийн Далай лам нар болон Төвдийн засгийн газар Гандан-Потанд өлзий бусын олон муу ёр гарч байжээ. XIII Далай Лам таалал барах үед Шүгдэн “хорин еснийг дуусгаад битүүнд өнгөрнө!” хэмээн баярлан орилж байсан гэдэг. XIII Далай Лам таалал бараад Төвдийн ард түмэн уй гашууд автаж байхад Шүгдэн баярлан чанга дуугаар орилсон нь муу ёрын буг гэдгээ харуулж буй хэрэг. Тиймээс Далай Лам нарын удирдаж байсан Төвдийн засгийн газар Гандан-Потанд сэтгэл итгэмжилж, тус санадаг хүн л бол эдгээрийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Нэлээн хэдэн жилийн өмнө Шүгдэнгийн нийгэмлэгээс гаргасан нэгэн бичигт “Төвдийн засгийн газар Гандан-Потантай тэмцэл хийнэ” гэж бичсэн байсан. Шүгдэнгийн энэ асуудал V Далай Лам Төвдийн засгийн газар Гандан-Потаныг байгуулсан тэр үеэс эхтэй. “V Далай Лам буруу ерөөл тавьж буг болсон Дагважанцангийн ордонг нураалгасан учраас тэмцэл хийнэ” гэж байгаа бол болох юм. Харин V Далай Ламаас авахуулаад Далай Ламын хойд дүрүүд, дээшлээд анхдугаар дүрийн Далай Лам нартай тэмцэлдээд байгаа нь хачирхалтай. Тэд үүнийгээ ямар нэгэн байдлаар тайлбарлаж болох юм. Ямартаа ч энэ асуудлыг сайтар мэдэх хэрэгтэй. Өнгөрсөн түүхийг судалбал энэ асуудал улам тодорхой болно. Түүхийг судлахдаа хэн нэгний талд орж үнэнийг худал болгож, худлыг үнэн болгож гуйвуулалгүйгээр бодит байдлыг байгаагаар гаргах нь чухал. Хятадуудын ярьдаг шиг “сайныг нь авч, мууг нь хаях” байдлаар түүхэнд хандаж болохгүй.

Би нэг түүх ярья. Миний таньдаг Сэра-Мэ дацангийн Бомра аймгийн настай ламыг бага байхад Лхасын Тодэ Хансар хэмээх Шүгдэн тахидаг хийдийн дуганч лам түүнд: “Нэг удаа хурал хурах үед Шүгдэнгийн онгод бууж, хурлын дунг аваад <<Шашны дайсан Гандан-Потаны орой дээр цохино!>> хэмээн орилоод дунгаараа газар цохиход гарсан мөр нь усны суваг шиг харагдаж байсан” хэмээн ярьсан гэдэг. Энэ түүхийг надад ярьсан тэр лам одоо бараг 70, 80 орчим настай байх.

Нүдэнд цагаа унахад бүрэлздэг шиг мунхгийн эрхээр бодит байдлыг харж чадахгүй байгаа хүмүүс өрөвдөлтэй. Бодит байдлыг бүгдийг нь судалж мэдчихээд намайг эсэргүүцэн тэмцэж байгаа бол хамаа алга. Хувь хүний хэрэг.

Төвдийн зургаан сая хүн, Нинмава, Сажава, Гаржүдба, Гэлүгба болон Бөө мөргөлтөн нарын дотроос Далай Ламыг эсэргүүцдэг ганц л бүлэг байдаг. Энэ нь Шүгнэнг шүтдэг бүлэглэл юм. Тэдний энэ эсэргүүцэл надад хорлож байна уу, тусалж байна уу гэдэг нь чухал биш. Харин нийт Төвдийн ард түмний үүднээс авч үзвэл энэ нь үнэхээр гутамшигтай явдал юм. Энэ бүхнийг би урьдын түүхэнд тулгуурлан ярьж байгаа болохоос биш өөрийнхөө санаанд нийцүүлэн ярьж байгаа юм биш шүү! Та бүхэн сайн судлаад үнэн мөнийг тунгаагаарай!

Шүгдэн болон түүнийг дагагч хүн хийгээд хүмүүн бусын хүч чадал доройтож байгаа нь тодорхой. Ер нь энэ асуудлыг сайн судалбал Шүгдэн гэж юу болох нь улам тодорхой болно. Тиймээс та бүхэн сайн судалж үзээрэй! Утга учрыг мэдэхгүй явах нь сайн хэрэг биш ээ.
Үзсэн: 5 790
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц