Орчин үеийн ертөнц дэхь дэлхий нийтийн хариуцлага

9-11-2012, 06:21  |  Хэвлэх

ОРЧИН ҮЕИЙН ЕРТӨНЦ ДЭХЬ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАРИУЦЛАГА

РОЯАЛ АЛБЭРТЫН ТАНХИМ, ЛОНДОН, ИХ БРИТАНИЙН ВАНТ УЛС, 2008.5.22

Рики Хайд – Хурлын танхим – (Төвдийн Нийгэмлэгийн дарга)
Ноёд, Хатагтай нараа, та бүгдэд Төвдийн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзан Жамцыг танилцуулж байгаа нь миний хувьд онцгой эрх эдэлж буй явдал болж байна.

Зааланд сууж буй хүмүүсээс хэн нэг нь: Бид таньд хайртай.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: Баярлалаа.
Эхлээд би суудлаа засаад тухтай суугаадхая. Гэхдээ санаа зоволтгүй. Би чимээгүй бясалгал хийхгээгүй юм шүү. За та бүгдэд маш их баярлалаа. Энэ танхимд хүрэлцэн ирсэн хүмүүстэй ахин уулзаж байгаадаа ихэд баяртай байна. Энэ нь бидний хоёр дахь, эсвэл гуравдахь удаагийн уулзалт болж байгаа байх. Би сайн санахгүй байна.

Эрхэм ах, эгч нараа.
Би энд суугаад та бүгдтэй харилцаж буйдаа ихэд таатай байна. Би гучаас дөчин минутын турш ярих байх. Би нарийн цаг төлөвлөн ярьдаггүй бөгөөд яриа маань ихэвчилэн миний тухайн үеийн сэтгэлийн байдлаас болдог. Хэрэв миний сэтгэл аятай сайхан байвал илүү удаан хугацаагаар ярих жишээтэй. Хэрэв сэтгэл санаа тиймэрхүү байх аваас яриа маань богино болох талтай. Би яриа хийх бүртээ ямар нэгэн тэмдэглэл эсвэл тусгайлсан бэлтгэл хийдэггүй. Би маш энгийнээр өөрийн сэтгэлийн хандлагыг тэр л байдлаар нь илэрхийлэн гаргадаг. Ингээд зарим нэг нь асуулт асууна. Заримдаа огт санаанд ороогүй, миний эргэцүүлж байгаагүй асуулт болон асуудлыг хөндөн тавьдаг учир надад тустай байдаг. Энэ нь тухайн асуудлын утга учрыг илүү нухацтай эргэцүүлэхэд тусалдаг. Тиймээс бидний яриа харилцан тус өгөөжтэй байх болно.

Яриагаа эхлэхийн өмнө энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй байгууллагууд болон ялангуяа Төвдийн нийгэмлэгт баярласан талархаснаа илэрхийлье. Миний бодлоор Төвдийн нийгэмлэг нь биднийг дүрвэгсэд болсон тэр цагаас эхлэн Төвдийн үйл хэргийг дэмжих үүднээс байгуулагдсан хамгийн их удаж буй ахмад нийгэмлэг мөн. Би талийгаач Лорд Энналз болон Төвдийн үйл хэргийг дэмжихэд асар их хувь нэмрээ оруулсан бусад идэвх зүтгэлтэй гишүүдийг санаж байна. Лорд Энналз бидэнтэй хамт байхгүй байгаа хэдий ч намайг анх 1973 онд айлчлал хийж байхад Рики байсныг би сайн санаж байна. 1973 оноос хойш түүний зүс царай нэг их өөрчлөгдсөнгүй. Тэрбээр биеийн хувьд тийм том, биерхүү хүн биш хэдий ч маш халуун дотно сайхан сэтгэлтэй, эрч хүч бүхий нэгэн мөн. Ийм хүмүүс өөрийн уг сэтгэлийн мөн чанараараа байдаг төдийгүй түүнийгээ улам илүү хурцлан, бэхэлж байдаг. Би Төвдийн нийгэмлэг ба бидний найз нөхөд болон тусалж, дэмжиж байдаг хүмүүстээ талархал илэрхийлье. Маш их баярлалаа.

Мөн парламентын гишүүдийн дунд нилээд хэдэн тооны хүмүүс бидний үйл хэрэгт чин сэтгэлээсээ санаа зовнин буй. Та бүгдэд баярлалаа. Биднийг дэмжигчид маань Төвдийг нэгдэхэд бус харин илүүтэй шударга ёсыг дэмжиж буй гэдэгт би итгэдэг. Үүний тань төлөө ихэд талархаж байна.

Төвдийн хөгжимчид болон бүжигчдэд талархаснаа илэрхийлье. Би тэдэнд машид их талархаж байна. Тэд бараг хагас зууны туршид гэр оронгүй байцгаалаа. Төрөл, үе удам шинээр төрөн гарч, солигдож буй ч манай хүмүүс Төвдөө гэсэн сэтгэлийн хүчээ хэвээр хадгалсаар ирсэн. Англи оронд цөөхөн Төвдүүд оршин сууж байна. Гэсэн хэдий ч тэд эх орноо гэсэн өөрсдийн сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа юм. Зөвхөн үүгээр зогсохгүй энд төрж, өсөцгөөсөн залуу хүүхдүүд Төвд орноо гэсэн сэтгэлийн хандлагыг өөрсдийн эцэг, эхээсээ өвлөн авч байна. Ахмад үе залуу хойч үедээ дамжуулж байна. Бидний гол зорилго бол энэ юм. Өөрсдийн нутаг орноос дүрвэн гарсан тэр л цагаас эхлэн бид Төвдийн бурханы шашны баялаг соёлыг хадгалж үлдэх явдалд гол анхаарлаа хандуулж ирлээ. Өөрөөр хэлбэл амар амгалан хийгээд энэрэн нигүүлсэхүйн соёлыг хадгалж үлдэх явдал юм. Өнөөдөр дэлхий дээр энэ асуудал нь машид харьцангуй зүйл болжээ. Үүнтэй уялдаж бүр анхнаасаа бидний гол чармайлт, хүчээл зүтгэл бол Төвдийн соёлыг хадгалж үлдэх явдал байсаар ирсэн юм. Өнөөгийн энэ цаг үед Хятадын эрх баригчидтай хэлэлцэж буй бидний гол асуудал бол Төвдийн соёлын үнэт өв, уламжлалыг хэрхэн хамгаалан авч үлдэх тал дээр оршиж байна. Энэ л бидний гол анхаарал анхаарлаа хандуулсан асуудал юм. Энд буй цөөхөн бүлэг хүмүүс өөрсдийн эх орон, үндэс угсаагаа гэсэн сэтгэл, соёлын өвөө хадгалж үлдэхийн төлөө ихэд идэвх зүтгэл гаргасан байна. Та бүхэнд маш их баярлалаа.

Өөрийн үндсэн яриандаа орохын өмнө та бүгдийн ихэнх нь намайг хоёр зүйл дээр голлон анхаардагыг мэдэх байхаа. Надад сайн дурын үйл дээр үндэслэсэн үндсэн хоёр үүрэг бий. Нэгдүгээрт хүний үнэ цэнийг урамшуулан дэмжих, хоёрдугаарт шашны эе эвийг хөхүүлэн дэмжих явдал. Би эдгээр хоёр баримтлалд насан эцэслэх хүртлээ үүрэг хүлээсэн үнэнч хэвээр байна. Гуравдахь үүрэг бол Төвдийн асуудал/тэмцлийн тухайд юм. Энэ нь надтай түүхэн холбоотой тул сайн дурын үйл хэрэг дээр үндэслэсэн байх албагүй. Хамгийн гол нь Төвд оронд болон гадаад улсад амьдран буй Төвд хүмүүсийн аль нь ч надад маш их итгэдэг бөгөөд асар их итгэл, найдварыг хүлээлгэсэн. Иймд би өөрийн чадлын хэрээр тэдэнд үйлчилж, туслах ёс суртахууны үүрэг хариуцлага хүлээж буй. Миний авьяас чадвар, мэдлэг болон туршлага олон салбарт хязгаарлагдмал байх нь мэдээжийн хэрэг боловч тэдэнд өөрийн чадлын хэрээр туслан, үйлчлэх нь миний ёс суртахууны үүрэг хариуцлага билээ. Үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах нь лавтай. Бид 2001 онд улс төрийн удирдагчидыг сонгосноос хойш би хэдийн хагас “насандаа суусан” байртай байгаа. Би ахлах зөвлөгчийн маягтай байр сууринд байна. Ихэнх тохиолдолд улс төрийн удирдагчид миний санал, бодлыг сонсдог ч заримдаа бол тийм мэт байдаггүй. Энэ нь ч сайн хэрэг. Мөн миний зүгээс түүний (одоогийн улс төрийн удирдагч) үзэл баримтлалын талаар надад зарим нэг итгэлтэй бус, эргэлзээтэй байдал байдаг ч би ямагт дуугуй өнгөрдөг. Иймд бид ил тод, шударга байдлаар ардчилалыг хэрэгжүүлж байна.

Би гол төлөв хүний үнэ цэнийг урамшуулан дэмжих, шашин хоорондын эв зохицолыг хөхүүлэх гэсэн хоёр зүйл дээр анхаарлаа хандуулдаг тухай саяхан өгүүлсэн бөгөөд ихэнх айлчлал маань энэ хоёрт чиглэгдсэн байдаг. Харин миний саяхны Америк, Германд хийсэн айлчлал, мөн энд хүрэлцэн ирсэн бүгд ойрын үед Төвд оронд болж өнгөрсөн үйл явдлаас шалтгаалж нэлээд улс төржлөө.

Ингээд миний ярианы гол сэдэв бол орчин үеийн ертөнц дэхь дэлхий нийтийн хариуцлагын тухай юм. Би Европд анх 1973 онд хөл тавьсан тэр цагаас хойш дэлхий нийтийн үүрэг хариуцлагын үүднээс үлэмж сэтгэлийн илгээмжийг сэтгэлдээ тээсээр ирлээ. 1959 онд Энэтхэг оронд дүрвэн гарсанаас хойш надад янз бүрийн хүмүүстэй уулзах боломж тохиосон ба BBС-ийн нэвтрүүлгийг сонсоход буруу, хазгай англи хэл маань ихэд нэмэр болж байлаа. Эцэст нь дүгнэн үзэхэд бид их олон асуудалтай тулгарч байгаа бөгөөд гол төлөв хүний оролцоотой үйлдэгдсэн бэрхшээлүүдтэй илүү нүүр тулж байх шиг. Мэдээжийн хэрэг байгалийн гамшигт үзэгдэл бол тусдаа, өөр асуудал юм. Асуудлын ихэнх хувьд нь хүний хүчин нөлөө зонхилж байна. Хэн ч асуудал, төвөгтэй байдалд байхыг хүсдэггүй. Энэ танхимд хэдэн мянган хүн сууж байна. Миний бодлоор та нарын хэн нь ч өглөө эртлэн, эсвэл аажуухан босоод энэ өдөр илүү их төвөг, асуудал учраасай хэмээн бодохгүй. Хэнд ч ийм бодол төрөхгүй шүү дээ. Харин хүн бүхэнд өглөө эрт, дөнгөж сэрмэгцээ энэ өдөр таатай сайхан өдөр болоосой хэмээсэн итгэл, хүсэл, найдвар байдаг байх гэж би боддог. Хэн хүнгүй л сайхан өдөр болоосой гэж хүсдэг биз дээ. Энэ нь хүний өөрийн уг мөн чанар юм.

Үнэн хэрэгтээ ихэнх асуудал үүсгэж уршиг таригч нар ч зориуд, санаатайгаар уршиг тарьдаггүй ба, гагцхүү тэдний хандлага нь бодит бус байснаас санаанд оромгүй, гэнэтийн асуудлыг үүсгэдэг. Бодит бус хандлага нь ч өөрөө мөн л санаатай үйлдэгдэдгүй. Нэгдмэл байдал, олон талын цогц алсын төлөвийн сайн ойлгоц хомсдолоос болсон байдаг ба олон тохиолдолд харалган бодлогоос үүдсэн байдаг. Эцэстээ энэ нь үүрэг хариуцлагын ойлголт ядмаг, доройгоос болж өөрсдийгөө “бид” ба “тэд” хэмээн хуваах бөгөөд яван явсаар бидний хүсэл, сонирхол бусдаас ангид оршин буй мэт сэтгэлийг төрүүлэхэд хүргэж байна. Бид бусдын сонирхолыг үл тоомсорлон өөрийн ашиг, сонирхолыг илүүтэйд үзэх нь хамгийн чухал зүйл хэмээн ойлгоцгоодог. Энэ чинь л асуудал, бэрхшээлийг үүсгэдэг болно. Үнэндээ бол бидний болон бусдын сонирхол асар ихээр харилцан холбоотой, уялдсан байдаг юм. Бид чинь зургаан тэрбум хүний нэг хэсэг шүү дээ. Тиймээс зургаан тэрбум хүн амар жаргалтай байвал нэг хувь хүн амар жаргалтай байх нь мэдээж. Хэрэв зургаан тэрбум хүн хүндрэл бэрхшээл, зовлонтой болвол та үүнээс зайлж чадахгүй. Энэ чинь л бодит байдал. Энэ бодит байдлаас авч үзвэл манай зууны хуучин ойлголт болох “бид” ба “тэд”–ийг ангид тусдаа биеэ даасан ойлголт хэмээн үзэх нь миний бодлоор хоцрогдож, үеэ өнгөрөөсөн ухагдахуун болж байна.

Эдүгээ, ялангуяа орчин үеийн эдийн засгийн нөхцөл байдал, байгаль орчны асуудлууд, мөн хүн амын үнэмлэхүй хэмжээ гээд бүх зүйлс нэг нь нөгөөгөөсөө хамаарсан харилцан уялдаатай болжээ. Иймд эдгээр нөхцөл байдалд Бурханы шашны үзэл баримтлал бол та өөрийн эхийг хэрхэн элэгсэг, дотноор хайрлан харьцдаг лугаа адил хамаг амьтдыг өөрийн эх мэт хайрлаж чадах сэтгэлийг хөгжүүлэх явдал мөн. Христийн шашны номлол ёсоор бол ертөнцийн эзэн орчлон ертөнц болон хүмүүн төрлийг, бусад хамаг амьтад тэргүүтэй зүй тогтол бүгдийг бүтээсэн гэдэг шүү дээ. Нэгэн мусульман шашинтай нөхөр маань “Жинхэнэ мусульман шашинтай хүн бүх зүй тогтол, орчлон ертөнцийн бүтээгдсэн бүгдийг эзэн тэнгэрийг хайрладаг лугаа адил хайрлах ёстой” хэмээн хэлж байсан. Ингээд үзэхлээр адил бус үгс, адил бус арга зам агуулж байгаа хэдий ч нэг ижил утгыг илэрхийлж байна. Ийм учраас л дэлхий нийтийн үүрэг хариуцлага хэмээх ойлголт гарч ирж байгаа бөгөөд бид энэхүү хариуцлагыг илүү их анхаарч илүү ихээр хөгжүүлэх хэрэгтэй. Эцсийн бүлэгтээ энэ нь хөгжих ёстой. Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд би үүнд илүү их сэтгэл зовниж ирсэн бөгөөд энэ асуудал олон нийтэд одоо улам их хамааралтай болсоор байна. Улам илүү олон хүмүүс үүнтэй санал нэгдэж байгаа болов уу.

Иймд дэлхий нийтийн хариуцлагын ойлголтыг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ нь хүний үнэ цэнэ болон шашны эв зохицолыг хөхүүлэн дэмжих итгэл, үнэмшилтэй нилээд хамааралтай. Тиймээс эхлээд би хүмүүний үнэ цэнийн талаар авч үзье.

Хүмүүний үнэ цэнэ гэж юу вэ? Мөнгө үү? Мэдээжийн хэрэг мөнгө их чухал л даа. Төвдүүд бид мөнгийг “Гунгаа Дондов” гэж хочилдог бөгөөд үгчилэн орчуулбал “Хүн бүхнийг баясгагч, хэрэг бүгдийг бүтээгч” гэсэн үг. Та мөнгөгүйгээр ажил хэргээ гүйцэлдүүлж чадахгүй. Мөнгө бол чухал. Заримдаа би бурханы шашинтны айлдвар, уулзалтын үеэр хүмүүст, ялангуяа Төвдүүдэд хандан хошигнодог юм. Бид ихэнхдээ “УМ МАНИ БАД МЭ ХУМ” гэсэн Төвдийн онцгой маанийг уншдаг. Та нарын зарим нэг нь мэдэх байх. Заримдаа бид эхлээд “УМ МАНИ БАД МЭ ХУМ, УМ МАНИ БАД МЭ ХУМ, УМ МАНИ БАД МЭ ХУМ” гээд уншиж байснаа илүү хурдан уншаад ирэхээр “Ом Мани, Ом Мани, Мани, Мани, Мани” болж хувирдаг. Энэ нь “Мөнгө, Мөнгө, Мөнгө” гэдэгтэй бараг адилхан сонсогддог. Магадгүй “Доллар мөнгө, доллар мөнгө” эсвэл “Паунд мөнгө, Паунд мөнгө” гээд байгаа мэт.

Мөнгөнд өөрийн үнэ цэнэ бий. Гадаад материаллаг бааз нь ч бас үнэ цэнэтэй. Сайн хэрэг. Гэхдээ энэ бүгд гагцхүү бие махбодын тав тухыг хангахаас бус сэтгэл санааны тав тухыг хангаж чадахгүй. Хэрэв хэн нэгэн их мөнгөтэй бол “би их мөнгөтэй хүн” гэсэн төдийгөөр түүний оюун санааны амьдралд ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун байдал бий болно гэвэл энэ нь угтаа эндүү, ташаа ойлголт юм. Яагаад гэвэл тэрбумтан хүн маш их мөнгөтэй хэдий ч нэлээд таагүй, аз жаргалгүй амьдарч байхыг бид анзаарч байсан. Амьдрал дээр ийм жишээ бидэнд бишгүй их тохиолдож байна. Тэд маш их санаа зовоосон зүйлс, айдас түгшүүр, хардлага, сэрдлэгийн доор амьдарч байдаг. Дотоод амар амгаланг авчрах тал дээр мөнгө хүчгүйдэх бөгөөд улам бүр хүнд нөхцөл байдалд хүргэх тохиолдол бий. Илүү их мөнгө нь илүү их сэрдэлт, илүү их тав тухгүй байдал, илүү их сэтгэлийн зовнилыг бий болгодог. Хэрэв та мөнгөтэй бол бүх юмны учир олдон, та зуун хувь сэтгэл хангалуун байх болно гэж үнэхээр бодвол энэ чинь төөрөгдөл. Гэвч та үүн дээр шүүмжлэлтэй хандах байх л даа. Яагаад гэвэл миний зуун хувь гэсэн гаргалгаа нь бүхэлдээ үнэн гэж би ер хэлээгүй. Та бүхэн дор бүрнээ үүний талаар магадлаж үзэх хэрэгтэй.

Би ямагт магадлан шинжлэх замаар өөрийгөө боловсруулсан бөгөөд ийм замыг илүүд үздэг. Төвдийн бурханы шашны уламжлал нь үнэндээ бол Наланда хийдийн уламжлал мөн. Миний бодлоор Наланда хийдийг хамгийн эртний их сургууль хэмээн хэлж болох байх. Яагаад гэвэл Наланда хийд 2000 илүү жилийн түүхтэй. Наланда хийд нь зүгээр нэг хийд орон бус сургалтын төв байсан юм. Төвдийн бурханы шашны уламжлалыг үндэслэсэн Энэтхэгийн гүн ухаантан, логик судлаач Шантаракшита багш энэ хийдийн лам байсан. Тэрээр наймдугаар зууны үед Төвдийн эзэн хааны урилгаар Төвдөд залагдсан юм. Түүнийг Төвдийн зурхайн аргачлалын дагуу есөн зуу насалсан гэж үздэг бол нэгэн Энэтхэг анд маань далан тав орчим насалсан гэж тогтоожээ. Тэрээр Төвдүүд ахиад нэг илүү тэгийг нэмээд ерийг есөн зуу болгосон хэмээн хошигнодог юм. Шантаракшита хэмээх сайхан сонсголтой нэр нь Төвдөөр Шиваа Цо гэж буй бөгөөд Төвдийн эзэн хааны тусламжтайгаар Төвдөд бурханы шашныг үндэслэсэн нэгэн. Шантаракшита гэгээн агуу дээд гүн ухаантан, логик судлаач байсан хэдий ч хэзээ ч сэтгэл хангалуун байж чадаагүй гэдэг. Тэр хэлэхдээ “Ямагт магадлан шинжилж, ямагт мэтгэлц, ямагт учир шалтгаан буй” гэсэн байдаг. Энэ нь түүний зарчим байсан тул бурханы шашны уламжлалыг ч ийм маягаар таниулан, үүсгэн байгуулсан юм. Өнөөг хүртэл Төвдийн бурханы шашны ихэнх сургуулиуд сургалтаа ямагт магадлан шинжлэх зарчмаар явуулж ирсэн. Би ч мөн адил магадлан шинлэх болон туршилт хийх зарчимаар суралцсан учир үүнийгээ та бүгдтэй хуваалцахыг хүсэж “үргэлжлүүлэн магадлан шинжил” гэж хэлмээр байна. Миний үгийг зүгээр нэг хүлээж авах хэрэггүй.

Эцсийн эцэст жинхэнэ дотоод амар амгалан болон сэтгэл хангалуун байдал нь бидний сэтгэлийн хандлагаас хамаарна. Ямар сэтгэлийн хандлага байх ёстой вэ? Юуны түрүүнд бид нийгмийн амьтад мөн тул биднийг нэгтгэн нийгмийн бүлэг болгож буй сэтгэл хөдлөлийн хүчин зүйл байх нь дамжиггүй. Үүнд бас биологийн хүчин зүйл ч орно. Бид эхийн хэвлийгээс төрсөн тэр мөчид бусад амьтдын үр төл адил маш жижигхэн нялх нярай байдаг. Бидний амьд мэнд байх нь бүхэлдээ хэн нэгний, ихэвчлэн эхийн асаргаа халамжаас хамаарна. Хэрэв ээж тань таныг ердөө хоёр, гуравхан хоногоор орхивол миний бодлоор та лав үхэх байх. Бидний амьд мэнд байх нь бүхэлдээ бусдын асрал, халамжаас хамаарч байна. Бие махбодь маань ч эхийн сүүний шим тэжээлээр тэтгэгдэж эсэн мэнд байцгаадаг. Балчир хүүхдэд бусдын асаргаа, халамж хэрэгтэй байдаг нь зөвхөн хүн төрөлхтний онцлог бус муур, нохой болон шувуудад ч мөн адил хэрэгтэй зүйл. Энэ бүгд үнэн бөгөөд бодит байдал юм. Иймд ээжийн зүгээс үр хүүхдээ хайрлах зориг шийдвэрийг хөгжүүлэгч сэтгэл хөдлөлийн хүчин зүйл зайлшгүй байх учиртай. Энэ нь эхийн хайр юм.

Энэ хайр нь эх хүн үр хүүхдээ хамгаалан, асрахын тулд өөрийн тав тухтай байдал, бүр амьдралаа золиослох шийдвэрийг ч бий болгож чаддаг. Саяхан би Японоос Америк орох билүү Америкаас Европ орох шөнийн нислэгээр явж байсан юм. Урд талын эгнээнд хоёр хүүхэдтэй хос сууж байв. Том хүүхэд нь магадгүй зургаа, долоон настай л байх, бага нь нэг настай байсан. Том хүүхэд нь бүхэл шөнийн турш энд тэнд яван чанга үглэн нэг ч унтаагүй. Би түүнд өөрийн халааснаас чихэр авч өгөв. Эхэндээ аав нь түүнийг ихэд халамжлан анхаарч байсан хэдий ч шөнө дундаас хойш сандал дээр хэвтээд өгсөн юм. Ингээд ээж нь түүнийг шөнөжингөө харж, асарсан юм даа. Маргааш өглөө олигтой унтаж амраагүй учраас ээжийнх нь нүд улайсан байлаа. Энэ явдал надад ээж гэдэг үнэхээр их зөөлөн, сайхан сэтгэлтэй гэдгийг дахин баталж билээ.

Ийм зүйл шашны номлол, сургаалаас бий болдоггүй. Энэ нь байгалийн мөн чанар бөгөөд ихэнхдээ биологийн хүчин зүйл байдаг. Эцсийн эцэст энэ хайр нь бидний амьдралын үндэс суурь мөн юм. Үүний талаар шинжлэх ухааны судалгаа хийгдсэн байдаг. Нэгэн удаа эрдэмтэн зарим нэг нь эхтэйгээ хамт байгаа, зарим нэг нь өөрийн эхээс салсан зулзаган сармагчингуудын талаар танилцуулга хийжээ. Эхтэйгээ хамт байгаа зулзагууд байнга тоглож наадсан байдалтай, маш ховор тохиолдолд муудалцан, зодолдож байсан бол эхээсээ салж хоцорсон сармагчингууд ямагт ааш муутай, байн байн муудалцаж байсан байна. Бидний хувьд яг адилхан. Тиймээс баяр хөөртэй, амар амгалан амьдрал нь хайраас нилээдгүй хувиар хамааралтай болж байна.

Өөр нэг тохиолдол гэвэл эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтан хэвлэлийн бага хурал дээр усан гахайнууд болон оготнууд бие биенээ долооход шарх нь түргэн эдгэдэг ба энэ явцад ихэд нааштай эерэг үзүүлэлт хэрхэн үзүүлдэг талаар ярьсан юм. Энэ ч гэсэн мөн л хайр бидний махбодь дээр болон сэтгэл санааны тав тухтай байдалд үр, нөлөөгөө өгч байдгийг нотлож байна. Иймд бид хүний хайр нь хүний үнэ цэнийн хамгийн чухал үндсэн хөрөнгө хэмээн хэлж болно. Хүний асрал, хайр буюу энэрэн нигүүлсэх сэтгэл нь төрсөн цагаас үхэх хүртэлх амьдралын хугацаанд үлэмж эрхэм, чухал үүргийг гүйцэтгэдэг.

Асар их хямрал бий болоод буй өнөө үед энэрэн нигүүлсэх сэтгэл үнэхээр их өөрчлөлтийг хийж чадна. Миний хувьд 3-р сарын 10-наас хойш болсон явдлыг авч үзье. Би 3-р сарын 10-ны үдээс хойно хэсэг Төвдүүд эсэргүүцэн жагсаж буй тухай мэдээг Лхасаас хүлээн авсан юм. Энэ мэдээг сонссон даруйд маш их сэтгэлийн түгшүүр, айдас хүйдэс болсон 1959 оны 3-р сарын 10-ны тэр үйл явдал надад мэдрэгдэж эхэлсэн юм. Мэдээний хувьд маш их сэтгэлийн түгшүүр, айдас хүйдэс, эргэлзээ мөн итгэлгүй байдал агуулж байсан боловч сэтгэл хөдлөлийн түвшинд тийм ч ноцтой байсангүй. Би ихэвчлэн ядаж л найм юмуу есөн цаг унтдаг. Таны бодлоор энэ нь дэндүү их байна уу? Золоор, оюун санааны түвшинд их сарнилтай байхыг үл хайхран эсрэгээрээ унтаж байхдаа би ихэд амгалан тайван байдаг. Ингэхээр үүнийн цаана ямар нэгэн амирлангуй байдал байх шиг байгаа юм.

Гол хүчин зүйл нь гэвэл миний сургалт болон өдөр бүрийн бясалгал юм. Нэгэн онцгой төрлийн “Авахуй ба Өгөхүй”, “Өгөхүй ба Авахуй” гэдэг бясалгал байдаг бөгөөд үүнийг Төвдөөр “Дон Лэн” гэдэг. Би ихэвчлэн өөрөөсөө илүү бусдыг эрхэмлэх энэ бясалгал дээр сэтгэл төвлөрөн бясалгадаг. Багаар бодоход дөрвөн цаг ийм төрлийн, голдуу шинжлэн нягтлах бясалгал хийхэд миний тухайн өдөр бүр өглөө 3 цаг 30 минутаас эхлэх хэрэгтэй болдог. Шийдвэр гаргагч тэдгээр хувь хүмүүсийг төсөөлөн тэднийг эрхэмлэх сэтгэлийг бадруулан бясалгах нь миний бясалгалын нэг хэсэг юм. Энэ нь ажил үйл болон хувь хүний хооронд ялгаа бий болгоход ихэд чухал байдаг. Үйл хөдлөл хэдий чинээ хянамгай байна, бид хариу үйлдэл хийхдээ төдий хэмжээгээр болгоомжтой байх болно.

Буруу зүйл хийсэн хүнд бид үнэхээр анхаарал, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн үүднээс ханддаг. Гэхдээ буруу үйлдэл буюу хилэнц нүгэл үйлдсэн л бол бурханы шашны үүднээс ч тэр, эзэн тэнгэрийг шүтдэг шашны үзэл онолын үүднээс ч аваад үзсэн учир шалтгааны хуулын дагуу тэд гарах үр дагавартай нүүр тулах учиртай болдог. Иймээс тэдний золиос болсон хүмүүсийн талаар эргэцүүлэх гэхээсээ илүү хэрэг, төвөг таригч, асуудлын гол эзний талаар илүү их санаа зовох учир шалтгаан бий болж байна. Энэ бүгдийг төсөөлснөөр тэдний уур хилэн, үзэн ядалт мөн хардалт, сэрдэлт бүгдийг авч оронд нь тэдэнд энэрэн, нигүүлсэхүйн сэтгэл болон уучлах, тэсвэр тэвчээртэй байх сэтгэлийг өгнө. Ийм төрлийн бясалгал инээдтэй мэт санагддаг юм. Учир нь энэ бол зүгээр л нэг төсөөлөл. Тийм ээ, үүнд бодитой үр нөлөө байхгүй. Гэвч энэхүү бясалгалыг үйлдэж буй хүн сэтгэл хөдлөлийн түвшинд үүнээс цаглашгүй ач, тусыг хүртэх болно. Энэ бол миний өөрийн туршлага, гэхдээ үүнд онцгой зүйл байхгүй.

Өнгөрсөн хугацаанд Хятадын гулаг буюу улс төрийн шоронд 18 жил суусан миний эртний танил нэгэн Төвд ламын тухай би байнга ярьдаг. Наяад оны эхээр Хятадын засгийн газар Төвд хүмүүсийг Энэтхэгт зорчих боломж олгон, Төвдөөс гадна амьдарч буй Төвдүүдийг “гэртээ” ирж, өөрсдийн тосгондоо очиход хөнгөлөлт үзүүлэн зөвшөөрөл олгосон шинэ бодлогыг баримталж эхэлсэн билээ. Ингээд тэр лам Дарамсалад ирсэн юм. Нэгэнт бид нэг нэгнийгээ сайн мэддэг байсан учир нэг өдөр нилээд хууч хөөрөв. Тэрээр 18 жилийн турш Хятадын улс төрийн шоронд байх хугацаанд хэдэн тохиолдолд аюул, заналтай нүүр тулж байсан гэсэн юм. Би түүнийг амь нас аюулд орсон тухайгаа хэлж байна даа хэмээн бодоод “Ямар төрлийн аюул, занал?” хэмээн асуухад түүний хариулт нь “Хятадуудыг гэсэн энэрэн, нигүүлсэхүй сэтгэлээ алдах аюул” хэмээн хариулсан юм. Энэ л миний яриад буй хандлагын хэлбэр болой. Ном үйлдэгч хүнд дээрх бясалгалыг үйлдсэнээр тодорхой хэмжээний амар, амгалан бий болдог ба үүний тод нэгэн жишээ нь энэ юм.

Дотоод амар амгаланг хадгалахын тулд энэрэн нигүүлсэхүй сэтгэл үнэхээр өөрчлөлт, ялгамжааг бий болгодог. Энэ их чухал. Би энэрэн, нигүүлсэхүй сэтгэлийн талаар ярих үедээ илүү нарийн, тодорхой байх нь үр бүтээлтэй гэж боддог. Хэвшмэл нэг маягын энэрэн, нигүүлсэхүй сэтгэл нь гол төлөв доод түвшнийх ба үүнд биологийн хүчин зүйл байдаг. Доод түвшиний нигүүлсэхүй сэтгэл нь шунал тачаалын сэтгэлтэй холилдсон байдаг. Энэхүү хязгаарлагдмал нигүүлсэхүй сэтгэл нь үр хөрөнгийн хувьд учир шалтгааны тусламжтайгаар хүчирхэгжин илүү өндөр түвшиний хязгааргүй, үл алагчаалах энэрэн нигүүлсэхүй сэтгэл болон хувирдаг. Бидэнд энэ хэрэгтэй. Жишээлбэл миний өмнө дурьдсанчлан нийгмийн амьтны хувьд, зургаан тэрбум хүн төрөлхтөний нэгийн хувьд өөрийн баяр баясгалан, амжилттай ирээдүйн төлөө би бусдыгаа анхааран, сэтгэл тавих хэрэгтэй байна. Учир нь миний ирээдүй тэднээс шалтгаална. Тийм үү, үгүй юу? Хэрэв би олон дайсан бий болговол би өөрөө л зовно. Хэрэв олон найз нөхөдтэй болвол үүний тусыг би өөрөө л хүртэнэ.

Бид хэрхэн найз нөхдийг бий болгодог вэ? Зөвхөн мөнгөөр үү? Үгүй. Мөнгө нь найз нөхдийг авчирч болох ч тэд голдуу мөнгөний найз нөхөд байхаас таны өөрийн нөхөд болохгүй. Та амжилтаар дүүрэн болж баяжин баяжсаар илүү олон найз, нөхөдтэй болно. Эсрэгээрээ амжилт буурсан тохиолдолд тэдгээр найзууд ч гэсэн мөн алга болох болно. Бүр тэдэнлүү утасдахад тэд хариулахгүй ч байж магад. Тэдгээр найзууд таны жинхэнэ найз нөхөд биш ээ. Тэд таны мөнгөний л найзууд. Тийм учраас жинхэнэ найзууд гагцхүү чин сэтгэлээсээ санаа тавих, эсвэл хүндэтгэлээс бий болдог. Тэднийг хүндэл. Амьтдыг ч гэсэн үнэн голоосоо анхаарсан, санаа тавьсан, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэн дэлгэрүүл. Миний хэлж буй гол санаа нь амар амгалангийн үр бол дотоод амирлангуй байдал, дотоод хүч чадал юм. Илүү их дотоод хүчийг бий болгож чадвал илүү их өөртөө итгэлтэй байж, айдас хүйдэс ч бага төрнө. Энэ нь өөрөө зөнгөөрөө бусад хүмүүст ээнэгшин дотносох ямар нэгэн төрлийн дотно сэтгэлийг бий болгодог. Нигүүлсэхүй сэтгэлийн хандлага нь бидний дотоод үүдийг нээж өгдөг бөгөөд үүний үр дүнд бусадтай харилцахад хамаагүй илүү хялбар болох учиртай.

Хэрэв хэт өөрийгөө энхрийлсэн хандлагатай байвал айдас хүйдэс, эргэлзээ болон хардах сэрдэх байдал урган гарах учир үүний дүнд бидний дотоод хаалга хаагдах юм. Улмаар бусадтай харилцахад ихэд хэцүү болж ирнэ. Америкт нэгэн бага хурал дээр өөрийн хийсэн туршилтаас гарсан баримтыг нэгэн эмч танилцуулж билээ. Тэрээр “би”, “миний”, “намайг” гэсэн үгийг байнга хэрэглэдэг хүмүүст зүрхний инфаркт болох эрсдэл их байдгийг хэлж байсан юм. Яагаад вэ гэсэн асуултанд тэрээр тайлбар хийсэнгүй. Харин би “Аан, энэ ч үнэн байх шүү” гэж бодож байлаа. Яагаад гэвэл өөрийгөө үргэлж энхрийлдэг хүн өөрийгөө хайрлан нандигнаж, зөвхөн энэ нэгэн эрэгтэй/эмэгтэйг гэдэг л нэгэн байдаг учир үг хэрэглэхдээ үргэлж “Би” хэмээдэг байна. Энэ үгэнд ямар ч буруу зүйл байхгүй. Гэвч энэ үгийн утга, цаад хандлага нь ганцхан өөрийгөө бодсон байдагт оршино. Хэрэв та ганцхан өөрийгөө бодоод байвал өчүүхэн жижиг асуудал ч тэсэж давахын аргагүй мэт байх болно. Харин бусдын сайн сайхны тухайд илүү их эргэцүүлэн бодож чадвал “бусад” гэдэг нь цаглашгүй учир таны сэтгэл улам илүү өргөжин тэлж, өөрийн тань асуудал өчүүхэн болж ирэх юм.

Нэг ижил асуудал, нэг ижил гай зовлон өөр өөрөөр илэрч болно. Нэг талаас нь та ямар нэг зүйлийг маш мууд тооцож болох авч өөр өнцгөөс нь хараад “За, энэ ч яахав” гэж хэлэх тохиолдол бий. Ийм зүйл их олон тохиолддог. Үүнээс улбаалаад энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн хандлага нь таны сэтгэлийг үнэхээр тэлж өгөх юм. Нэг жижиг асуудал тийм ч айхтар, ноцтой асуудал биш. Асуудалд ийнхүү хандаж чадвал бидний дотоод амар амгаланд ялгамжаа бий болно. Энэ бүгдээс үзвэл хүний үнэ цэнийг хөхүүлэн дэмжих нь бидний дотоод амар амгалангийн үндэс суурь болж байна. Энэ нь эрүүл саруул бие махбодтой, аз жаргалтай амьдралын хамгийн чухал хүчин зүйл нь билээ.

Нэгэн эрдэмтэн надад хэлэхдээ уур хилэн, үзэн ядалт болон айдас хүйдэс нь үнэн хэрэгтээ бидний дархлалын системийг идэж байдаг гэсэн юм. Энэрэн, нигүүлсэх сэтгэл нь бидний дархлалын системийг бататган бэхжүүлж байдаг. Тийм учраас бие махбодь болон сэтгэл санааны эрүүл саруул байдлын гол шалтгаан нь халуун дулаан сэтгэл юм.

Энэ сэтгэл нь миний урьд өгүүлсэнчлэн шашны итгэл сүжигээс улбаалсан байх албагүй, байгалийн өөрийн мөн чанар юм. Тийм учраас үүнийг би ихэвчлэн “шашны бус ёс суртахуун” гэж нэрлэдэг. Амар амгалан байхад энэ үлэмж чухал. Жинхэнэ, удаан үргэлжлэх дэлхий ертөнцийн энх амгалан байдал нь дотоод сэтгэлийн амар амгалангаар зайлшгүй дамжин илрэх учиртай. Заримдаа би үүнийг “дотоод сэтгэлийн зэвсэглэлгүй байдал” хэмээн нэрлэдэг юм. Уур хилэн, үзэн ядалтын сэтгэлээр жинхэнэ энх амгаланг олно гэдэг нэлээд хэцүү. Бүр адаглаад гэр бүлийн түвшинд ч гэсэн хэрэв та дүүрэн үзэн ядалт, хардаж сэрдсэн сэтгэлтэй байвал та яаж тэр гэр бүлд жинхэнэ амар амгаланг цогцлоон дэлгэрүүлж чадах билээ?

Энэрэн нигүүлсэх сэтгэл нь жинхэнэ бодит амар амгаланг бий болгодог. Дэлхий нийтийн хэмжээнд аваад үзвэл дэлхийн үнэнхүү энх амгалангын төлөө бид гадна талдаа зэвсэглэлгүй болох хэрэгтэй. Эхлээд сэтгэлдээ анхны зэвсэглэлгүй байдлыг бий болгож чадвал алхам алхамаар гадна талын зэвсэглэлгүй байдалд хүрэх бодит боломж байна гэсэн үг. Би гол төлөв “Миний зуун” хэмээн XX-р зуунд хамаарагдах ахмад үе буюу 60, 70 орчим насны хүмүүсийн талаар ярьдаг. Бидний зуун бол дуртай ч, дургүй ч дайн байлдаан, хүчирхийлэл гэсэн цуст аллагын зуун болсон юм. Бид залуу хойч үеэ асуудлыг ийм замаар шийддэг хэмжээнд хүргэж болохгүй. Энэхүү XXI-р зуунд харьяалагдаж буй бидний залуу хойч үе маань итгэл найдвар өвөрлөн энх амгалант зуунд амьдрах ёстой.

Энх амгалан байдал гэдэг нь хүмүүс хоорондоо ямар ч зөрчилдөөнгүй байна гэсэн үг биш ээ. Зөрчилдөөн тодорхой хэмжээнд гарна. Зөрчилдөөний оронд энх амгаланг цогцлоох ганцхан бодит арга гэвэл харилцан ярианы хүч, нөгөө талаа хүндлэн тэдгээрийн үзэл бодлыг ойлгох явдал юм. Бид ахан дүүс, эгч дүүсийн сэтгэлээр эвлэрүүлэн зохицуулах, харилцан буулт хийн эв эеэр асуудлыг шийдэх гэж хичээдэг байх хэрэгтэй. Би үүнийг ямагт өөрийн найзуудтайгаа хуваалцдаг. Энэ зууныг харилцан ярилцахуйн зуун болгохыг хичээж буй бидний зүтгэлийг дэмжинэ үү. Тэгвэл энх амгаланг бий болгох үнэн бодит боломж гарч ирэх юм. Энэ нь хүний үнэ цэнийн тухай асуудал байлаа.

Одоо би шашны эв зүйтэй зохицолыг дэмжих талаар ярья. Хэрэв танд дэлхий нийтийн хариуцлагын мэдрэмж байгаа тохиолдолд шашинд итгэл сүжиггүй хүмүүс, тэр байтугай шашныг шүүмжилдэг, шашны эсрэг байдаг хүмүүсийг багтаагаад бүх хүн төрөлхтөн нь таны ах, эгч мөн. Бид энэ ойлголтыг хөгжүүлж чадвал өөр ялгаатай шашны итгэл, үнэмшилтэй хүмүүстэй зэрэгцэн оршиход ямар ч асуудал гарахгүй ээ.

Та сайтар нягталж үзвэл миний өмнө дурьдаж байсанчлан ихэнх шашны уламжлалууд асрал хайр, энэрэн нигүүлсэхүй болон уучлах сэтгэлийг нэгэн ижил агуулж байдаг. Яагаад гэвэл өөр ялгаатай нөхцөл байдал, өөр ялгаатай цаг хугацаа, өөр ялгаатай уур, амьсгалд өөр өөр хандлага байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэхүй бага зэрэг ялгаатай, өөр өөр байдаг. Тийм учраас адил бус хүний үнэ цэнийг дэмжин тэтгэхийн тулд адил бус, янз бүрийн хандлага бий болох шаардлагатай. Бүх томоохон шашны уламжлал нь асрал хайрын сэтгэл, ахан дүүсийн болон эгч дүүсийн сэтгэлийн тухай номлож байна. Зарим нэг нь “Эзэн тэнгэр бий. Тэр бүхнийг бүтээсэн учир жинхэнэ бодит утгаараа бид ах, эгч дүүс мөн” гэж үзэж байна. Зарим нь үүнийг учир шалтгааны хууль хэмээн үзэж байна.

Ахин хэлэхэд сайн сайхан зүйлийг үзэж туулах нь асрал хайрын сэтгэл болон бусдыг хүндэтгэсэн сэтгэлээс улбаалан гардаг. Муу бөгөөд таагүй зүйлтэй нүүр учрах нь бусдад хорлол хүргэснээс үүдэлтэй. Бусдад хор хүргэвэл сөрөг үр дагавар бий болно. Иймээс та энэ бүгдийг ойлгож байвал шашны хооронд жинхэнэ эв найрамдалтай байдлыг бий болгоход харшлах зүйл үгүй гэдгийг ойлгох болно. Энд сүсэг бишрэл, хүндлэл хоорондын ялгааг онцлох нь ач холбогдолтой байж болох юм. Сүсэг бишрэл гэж тухайн хүний өөрийн шүтдэг шашинд хандах хандлагыг хэлэх бол хүндлэл бол бүх шашинд хандах хандлага юм. Энэ бол нэг талаасаа. Нөгөө талаас, нэг шашны үзэл баримтлал, нэг үнэн эсвэл хэд хэдэн шашны хэд хэдэн үнэн байж болно. Энэ нь хоорондоо зөрчилдөж байгаа мэт санагдавч, агуулга нь янз бүр байгаатай холбоотой. Хувь хүний хувьд бол нэг шашны үзэл баримтлал, нэг үнэнг баримтлах нь өөрийн сүсэг бишрэлтэй холбоотой байдаг. Харин бүлэг хүмүүсийн хувьд бол хэд хэдэн шашны, хэд хэдэн үнэний үзэл баримтлал байдагтай холбоотой. Энэ бол баримт. Энэ бол бодит байдал. Тийм учраас л нэг үнэн, нэг шашин ба хэдэн шашны үзэл баримтлал, хэдэн шашны хооронд ямар ч зөрчилдөөн гарахгүй. Энэ л миний шашны эвтэй зохицолын талаархи дэмжин таниулж буй арга зам юм. За ингээд энд өндөрлөе. Одоо асуулт, хариултын цаг.

Норман Бэйкэр МП: Дээрхийн гэгээнтэн, гайхалтай сайхан халуун дулаан, энэрэн нигүүлсэх айлдвар айлдсанд маш их баярлалаа. Роэйл Албэртын Танхимд хүрэлцэн ирсэн олон түмэн сонсогчид үг бүрийг тань анхааралтай сонсон, ярианд тань бүрэн автсан байна. Бид бүгд таныг Лондонд айлчилан ирсэн, өнөөдөр таны айлдварыг сонсож буйдаа ихэд баярлаж бахдан биширч байна. Та зөвхөн Төвдүүдэд бус дэлхий даяархи олон сая хүний итгэл найдвар, урам зоригийн замын заагч гэрэл гэгээ билээ. Баярлалаа.
Ноёд, хатагтай нараа, би Төвдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Норман Бэйкэр МП байна. Би асуулт, хариултын хэсгийг удирдаж үлэмж онцгой эрхийг эдэлж байна. Дээрхийн гэгээнтэн удахгүй энэ уулзалтын дараагаар ахиад нэг уулзалттай учир таны цагаас гарцаагүй бага зэрэг хумсалсан зүйл болж байна уу даа хэмээн эмээж байна. Хэрэв та зөвшөөрвөл би шууд асуултаа асууя.

Эхний асуулт: Хятадад болсон газар хөдлөлтийн хямралын талаар та ямар бодолтой байна вэ?

Дээрхийн гэгээнтэн Далай лам: Би үүнийг сонсоод ихэд харамсан ба ялангуяа нурсан сургуулийн том чулуун дор дарагдан зуурдаар нөгцсөн сурагч хүүхдүүдийг хараад цочролд орсон. Надад тэр даруй “нэг хүүхэдтэй байх бодлогоос болоод эдгээр сурагчдын ихэнх эцэг, эхчүүд нь зөвхөн ганц хүүхэдтэй байгаа даа” гэсэн бодол төрсөн юм. Нэг ээж, нэг хүүхэд. Тэдгээр ээж нар, тэдгээр эцэг, эх ямар их зовлон, шаналалыг мэдэрч байгаа бол? Тэдний цорын ганц хүүхэд шүү дээ. Энэ үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Хүнд хэцүү зүйл болсон ч дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байсан нь магтууштай хэрэг юм. Миний бодлоор Бирмэд үүссэн нөхцөл байдал ч гэсэн хэдийгээр цэргийн хунтын дэглэмийн зохицуулалт ихэд хариугүй, муу байсан ч олон нийтийн анхаарал хандуулах явдал гайхалтай байсан. Хятадын нөхцөл байдлын хувьд саяхан ихэд зовлонг амссан Төвдүүд идэвхитэй хандсан юм. Жишээлбэл Лхасын ойролцоох Брайбун хийдийн лам нар саяхан их зовлонг амссан. Маш олон лам нар баривчлагдан мөн ор сураггүй алга болсон. Харин газар хөдлөлт болсоны дараагаар тэр хийдийн лам нар хохирсон хүмүүст зориулан мөнгө цуглуулж хандив өргөсөн байсан. Өөр нэг магтууштай зүйл нь Хятадын засгийн газар уг асуудалд нээлттэй замаар хандсан явдал юм. Энэ нь бидэнд асар их урам зориг нэмсэн сайхан хэрэг байлаа. Иймд илүү өргөн үйл ажиллагааны цар хүрээнд, илүү их нээлттэй байх болов уу гэсэн итгэл найдвар өвөрлөж байна.

Норман Бэйкэр: Баярлалаа. Хоёрдугаарт арай өөр асуулт асууя. Таныг юу инээхэд хүргэдэг вэ?

Дээрхийн гэгээнтэн Далай лам:
Нэг үгээр хэлэхэд асрал хайр. Нөгөөтөйгүүр би бусдын ялихгүй жижиг алдааг харсан даруйдаа л инээдэг. Нэг удаа Лондонд байхад бид нэгэн газар очсон юм. Тэнд Төвд хүүхдүүд бүжиглэж байлуу даа нэг тэр төрлийн юм болж байсан санагдана. Бүжиглэж байсан хүүхдүүдээс нэг нь их том гутал өмссөн байсан учир би тэр том гутлыг олж хармагцаа ихэд инээд хүрч билээ. Заримдаа хүмүүс хэт ажил хэрэгч байдаг. Нэгэн удаа Мексик хотод болсон олон янзын шашны итгэл, үнэмшилтэй хүмүүсийн уулзалт дээр Японы Бурхан шашинтны төлөөлөгч тэргүүтэй өөр өөр уламжлалын хэдхэн төлөөлөгчид ирсэн байлаа. Японы төлөөлөгч ихэд хөшөнгө байсан уу эсвэл нилээд эрхэм дээд өндөр албан тушаалын нэгэн байсан уу, эрхээ голдуу ийм маягаар эргүүлж байв. Тэгээд гэнэт уяа нь тасрахад эрхиний хэлхээсүүд нь хаа сайгүй таран бутрав. Харин тэр өнөөх байдлаар суусан хэвээр л байсан юм. Би үүнийг хараад машид их инээж билээ.

Норман Бэйкэр: Гуравдахь асуулт: Нэгдсэн Вант улсад бид Төвд орон болон түүний гайхалтай уламжлалыг хэвээр авч үлдэхийн төлөөх тэмцэлд юу хийн тусалж чадах вэ?

Дээрхийн гэгээнтэн Далай лам: Таны санаа тавьж буйд баярлалаа. Бидний гол зорилго бол хүн бүхний мэдэж байгаагаар салан туслаарлахыг эрэлхийлэх биш ээ. Яагаад гэвэл бидний сонирхол бол Хятад Ард улстай хамт үлдэх явдал. Нэгэнт материаллаг зүйлийн хөгжил нь ихэд анхаарал татаж буй нөхцөлд бид үүнээс маш их ач тусыг хүртэх ба өөрсдийн соёлоо хадгалахад баталгаа болсон ихэд учир утгатай өөртөө засан тогтнох засаглалтай байх хэрэгтэй. Үүнийг одоо нарийвчлан тайлбарлах цаг хугацаа дулимаг байна. Харин саяханаас Хятадын засгийн газар Төвдийн асуудалд илүү анхаарлаа хандуулж байх шиг санагдсан. Мөн миний бодлоор Хятадын засгын газрын удирдагч нарт дэлхий нийтийг хамарсан санаа зовинолын тодорхой дохио нөлөөлж буй гэж бодож байна. Иймд та бүгд өөрсдийн эв санааны нэгдэл болон санаа зовинолоо үргэлжлүүлэн илэрхийлсээр байгаарай. Энэ нь үнэхээр их тустай явдал. Олон нийт, ялангуяяа парламентын гишүүдийн чин санаа зовнисон анхаарал болон бидэнд туслахыг хүсэж буйд талархалаа илэрхийлье. Энэ нь үнэхээр их ач тусаа өгөх болно. Та бүгд үргэлжлүүлэн хийсээр байгаарай гэж хүсэх байна. Тэгээд та хаана ч байсан Хятад ахан дүүс, эгч дүүс нартай ярилцах боломж олдвол ярилцаарай. Тэднийг боловсруул. Яагаад гэвэл зарим нэг Хятад хүмүүс бодит байдлын талаар бүрэн мэдээлэлгүй байдаг. Зарим хүмүүст Төвдүүд бид Хятадын эсрэг байдаг юм шиг сэтгэгдэл байдаг боловч үнэндээ бол тийм биш шүү дээ. Тийм учраас тэдгээрийг боловсруулах нь чухал юм.

Норман Бэйкэр: Харамсалтай нь намайг одоо ганцхан асуулт л асууж болно гэлээ. Би үүнд ихэд харамсаж байна. Та Лондонд дахин төрмөөр байна уу?

Дээрхийн гэгээнтэн Далай лам: Дахин төрөх гэж та яг юу хэлж байна?

Норман Бэйкэр: Дахин хувилан төрөх.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: Тийм ээ, тэр боломжтой. Намайг хүүхэд байхаас л англи хүнийг бид “Том Хамартууд” гэдэг байсан юм. Иймд дараагийн төрөл “Том Хамарт” байж болох л юм! Онолын үүднээс аваад үзэхэд ийм байна. Тэнд ямар нэгэн хэрэгцээ байх нь ихэд чухал. Миний ямагт залбирч байдагчлан хэдий чинээ хамаг амьтан зовлонтой байна, би тэдэнд үйлчлэхийн тулд төдий чинээгээр байх болно. Энэ нь миний хамгийн дуртай залбирал билээ. Би ийм маягын зоригдолыг хөгжүүлэхийг хичээдэг. Ингээд жам ёсоороо миний дараагийн төрөл хаана хэрэгцээ байна тэнд төрнө гэсэн үг. Энэ бол яриангүй. Энд илүү их хэрэгцээ байвал үндсэндээ би энд төрнө гэсэн үг.

Норман Бэйкэр: Хэрэв тэгэх юм бол бид таныг энд хүлээж авахдаа ихэд дуртай байх болно. Ноёд, Хатагтай нараа, би энэ долоо хоногт BBС-д ярилцлага өгсөн юм. “Яагаад Төвд” гэсэн асуулт нь зүгээр л нэг тухайн орны гайхалтай сайхан соёл болон түүх, эсвэл тэнд бий болсон хүний эрхийн аймшигтай зөрчил, мөн бадрангуй удирдагч Дээрхийн гэгээнтэний тухай асуудал биш юм. Төвдийн үйл хэрэг нь бидний үйл хэрэг. Ямар ч баривчлагдах, шоронд хоригдох болон тамлах зүйлгүй, тэд юу хүссэн зүйлээ хэлэх, хүн бүр эрх чөлөөтэй байхын төлөөх тэмцэл юм. Тайван байдлаар өөрсдийн итгэдэг үйл хэргийн төлөө жагсан цугладаг байх нь зөв зүйтэй асуудал. Энэ нь төрөөс болон бусдаас айх айдас, түгшүүргүй өөрийн шашин,
Үзсэн: 4 689
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц