“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт

27-04-2015, 17:06  |  Хэвлэх

2015 оны 4 дүгээр сарын 6

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 6 - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японы парламентын гишүүдтэй чин сэтгэлийн уулзалт хийж, хамтын эрх ашиг хийгээд тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн ярилцлаа.

Үдийн хоолны дараа тэрээр “Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалтад оролцсон бөгөөд Ёмиури сонины танхимд болсон уг арга хэмжээнд 1100 төлөөлөгч оролцсон байна. Дээрхийн Гэгээнтнийг төлөөлөгчдөд танилцуулсны дараа түүнээс үг хэлэхийг хүсэв.

“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам байгаль орчны сэдвээрх чуулга
уулзалтад үг хэлж байгаа нь. Япон, Токио, 2015.4.6.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Ахан дүүс нар аа, Та бүхэнтэй болон хуучин анд нөхөдтэйгээ дахин учрах завшаан тохиосонд туйлын баяртай байна. Нэгэнт бид бие биенээ таньсан бол бидний нөхөрлөл насан эцэс болтол үргэлжилнэ гэсэн зүйр үг манайд байдаг, танайд ч бас байдаг буй заа. Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байна.”

“Өнөөдрийн сэдэв бол байгаль орчин бөгөөд энэ сэдвийг би одоо ч судалсаар байгаа. Энэтхэгт анх ирж байхдаа би байгаль орчин чухал үүрэгтэй болох талаар ямар ч ойлголтгүй байсан боловч одоо түүний ач холбогдлыг ойлгох болсон. Үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол хүн амын хэт өсөлт мөн. Одоогоор дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд энэ зууны эцэс гэхэд 10 тэрбум болно гэсэн тооцоо байна. Үүнтэй холбоотойгоор маш олон хүн ядуу зүдүү амьдарч байна. Баян ядуугийн асар том зааг байгааг бид арилгаж, эрх тэгш байдлыг тогтоох хэрэгтэй.”

“Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, байгалийн гамшгийн тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Байгаль орчноо арчлан хамгаалах шаардлага эн тэргүүнд тавигдах ёстой. Энэ бол хүн төрөлхтний эсэн мэнд үлдэх тухай асуудал юм. Учир нь дэлхий бол бидний цорын ганц гэр орон маань билээ. Бид экологийн асуудалд нухацтай хандах ёстой. Уур амьсгал байгалийн жамаараа өөрчлөгддөг боловч одоогийн өөрчлөлтийн далайцаас дүгнэхэд хүний үйл ажиллагаа үүнд нөлөөлж байгааг нотолж байна. Энэ үйл явцын талаар болон юу хийж чадах талаар бид суралцах шаардлагатай.”

“Уур амьсгалын өөрчлөлт болон дайн, хүчирхийллээс үүссэн хохирлыг бид харьцуулах аваас дайн дажин нь бидэнд шууд нөлөө үзүүлдгийг харж болно. Байгаль орчинд тулгарсан асуудлыг бид ихэнхдээ шийдэхэд хэт оройтсон үед нь олж хардаг. Тийм тохиолдолд бид сэргээх гэж оролдоход маш хэцүү байх болно. Өрөөнөөсөө гарахдаа гэрлээ унтраах зэрэг хамгийн бага зүйлийг ч гэсэн бидний амьдралын хэм хэмжээ болгох замаар байгаль орчиндоо сэтгэл тавьж, өөрсдийгөө хүмүүжүүлэх шаардлагатай байна.”

“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам байгаль орчны сэдвээрх чуулга
уулзалт дээр үг хэлж байгаа нь. Япон, Токио, 2015.4.6.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Ядуу хүмүүсийн амьдралын түвшнийг ахиулж, байгалийн баялгийг тэгш хуваарилахын тулд амьдралын хэв маягаа дахин нэг эргэж харахыг Дээрхийн Гэгээнтэн санал болголоо. Жишээ нь, улс орнууд асар их мөнгийг цэрэг зэвсэгт зориулж байна гэв. Хэн ч дайныг хүсдэггүй, дайн бол аллага гэсэнтэй утга нэг. Дайн бол хүмүүсийг шатаагч гал адил юм. Дайн бол хүн төрөлхтний түүхийн нэг хэсэг боловч, түүнийг үүсгэх шалтгаан болсон ‘миний орон’, ‘миний ард түмэн’, ‘бид’ ба ‘тэд’ гэх үзэл нь бидний амьдарч байгаа өнөөгийн даяаршсан нийгэмд аль хэдийнэ тохирохоо болиод байна.

“Бидний нэгэн адил аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бусад бүх хүмүүсийн талаар бид бодох ёстой. Миний ирээдүй бусдаас, бусдынх надаас хамаарч байна.”

Цөмийн дайралтыг амссан цорын ганц орон Япон цөмийн зэвсгийг эсэргүүцэх санаачилгыг тэргүүлж байна хэмээн тэр хэлэв. Саяхан Ром хотноо болсон Нобелийн Энх тайвны шагналтнуудын уулзалтан дээр цөмийн дайн болсны дараах цөмийн өвлийн тухай дүрслэлийг сонсоод төлөөлөгчид маш ихээр цочирдсон байна. Цөмийн зэвсгийн талаар цаашид яриад байх нь хангалттай биш, харин түүнийг устгах нарийн төлөвлөгөөг боловсруулж, тэрхүү төлөвлөгөөг дагахыг эрх баригчдаас шахан шаардах цаг нь болсон хэмээн төлөөлөгчид үзжээ.

“Та бүхний эсэргүүцлийг би баттай дэмжиж байгаа бөгөөд цаашид энэ тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж байна.”

Токиогийн их сургуулийн профессор Рюичи Ямамото уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Дэлхийн агаарын хэм нэмэгдэж байна. Англид үер, Австралид ган, Индонезид цунами болж байна. АНУ-ын зарим хэсэгт хүйтэн салхи нэвт үлээж байхад, Калифорнид 1200 жилд болоогүй аймшигтай ган нүүрлэж байна. Туйлын мөс илэрхий хайлж байгаа тул энэ янзаараа үргэлжилбэл далайн усны түвшин нэмэгдэнэ.

“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт
Акира Мияавакигийн нэрийн өмнөөс Никава Макото илтгэл тавьж
байгаа нь. Япон, Токио, 2015.4.6. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Ёкохама их сургуулийн профессор Акира Мияаваки тухайн орон нутагт зохицсон мод ургамлыг үй олноор нь тарихыг дэмждэг нэгэн бөгөөд тодорхой санал дэвшүүлэн илгээжээ. Профессор Мияаваки эрүүл мэндийн улмаас ирж чадаагүй учраас оронд нь профессор Никава Макото илтгэлийг нь уншлаа. Мияаваки зүгээр нэг зөвөлгөө өгөөд зогсдоггүй, мөн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг хэмээн профессор Никава тайлбарлав. Түүний үзлээр хамгийн чухал зүйл бол амьдрал, харин амьдралыг ой мод янз бүрийн байдлаар хамгаалдаг ажээ. Тэрээр цахилгаан станцын орчим бохирдсон газарт мад суулгадаг бөгөөд газар хөдлөлтийн дараа барилга байшин сүйдэж байхад ихэнх тохиолдолд мод ургамал үлддэг гэдгийг ажигласан байна. Тиймээс ой мод бол толгой хоргодон нуугдах газар мөн.

40 гаруй сая мод тарьсан Мияаваки энэ ажлаа ирээдүйн төлөө хийж байгаа бөгөөд 20 жилийн дараа эдгээр нь сайхан ой болж, цаашид 200 жил наслах болно хэмээн үзжээ. Хайртай хүмүүсээ хамгаалах нэг арга бол мод тарих гэж тэр үздэг. Охин нь огт инээдэггүй учраас эцэг эх нь ихэд снааа зовдог байсан нэгэн түүхийг тэр ярьдаг. Профессор мод тарихдаа охиныг татан оролцуулснаар тэр инээдэг болсон байна. Хүн төрөлхтнийг хамгаалахын тулд мод тарих ёстой гэдэгт профессор Мияаваки итгэдэг ажээ.

Дээрхийн Гэгээнтний эртний анд, доктор Мураками Казуо хэлэхдээ, түүний илтгэлийн гол түлхүүр үг нь ‘ген’ гээд, ген нь аливаа үйл хөдлөлийг асаагч ба унтраагч хэмээн тодорхойллоо. Сөрөг генээ унтрааж, эерэг генээ асаахыг тэрээр зөвлөөд, зүрх сэтгэлийн өөрчлөлт бидний генийг ихэд цочирдуулж, ажиллуулж чадна хэмээв. Сэтгэлийн төлөв байдлаа өөрчлөх замаар бид генээ асааж чадна. Инээдний эерэг хүч чадалд тэрээр итгэдэг байна. Хархан дээр хийсэн туршилтын үр дүнгээс тэр танилцууллаа. Тэднийг гижигдэхэд стресс нь багасаж, эерэг ген нь идэвхжиж байсан ажээ. Тэрээр одоо Кояа уулан дахь шингон урсгалын сүмийн лам нар дээр ажиглалт хийн, мөргөлийн эмчилгээний ач холбогдлыг судалсан байна.

Бид зөвхөн өөрсдийн тухай, өөрийн орны тухай бодож байгаагаас бидний зарим хүндрэл үүсч байна хэмээн Мураками хэллээ. Бид илүү даруухан, энгийн амьдралаар амьдарч сурах хэрэгтэй байна хэмээн тэр хэлэв.

“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам чуулга уулзалт дээр тавигдсан
илтгэлүүдийн талаар санал бодлоо илэрхийлж байгаа нь.
Япон, Токио, 2015.4.6. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Илтгэлүүдтэй холбоотой санал бодлоо хэлэхийг Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд, тэрээр профессоруудын судалгааны ажлын тухай сонсоод сэтгэл хөдөлж буйгаа илэрхийллээ. Мод тарих санаа түүнд Австралид дэвшүүлж байсан саналыг нь бодогдуулсан бөгөөд эх газарт мод их таривал газар ашиглалт илүү үр өгөөжтэй байх болно хэмээн тэр хэлж байжээ. Үүний нэгэн адил нар их ээдэг Сахарын цөлд нарны эрчим хүчний төхөөрөмжийг олноор байрлуулж, ус цэвэрлэхэд ашиглаж болох юм гэсэн бодол түүнд байнга төрдөг аж. Тэрхүү цэвэр усыг цөлд ногоо ургуулахад ашиглан, үүгээрээ сая сая хүнийг хооллох боломжтой болох юм.

“Энэтхэг дэх миний найз нарын нэг, Гандийн үзлийг дэмжигч, байгаль экологийн төлөө тэмцэгч, Чипко хөдөлгөөний тэргүүн Сундерлал Бахугуна нэгэнтээ надаас, очсон газар бүртээ аль болох олон хүнд мод тарьж, арчилсны ач холбогдлыг хүмүүст хэлж байхыг хүссэн. Би түүний саналыг хүлээн авсан бөгөөд тэр ёсоороо хүмүүст уриалж байгаа.

Байгаль орчныг хамгаалах олон чухал асуудлын нэг нь өргөн өнцгөөр асуудалд хандах явдал билээ. Хэдэн жилийн өмнө Копенгагенд болсон дэлхийн уулзалтын үр дүн тааруухан гарсан нь оролцогчид дэлхий нийтийн эрх ашгаас үндэсний эрх ашгаа дээгүүрт тавьж байсантай холбоотой. Дэлхий дахинд байдал сайн байвал бидний нөхцөл ч сайжирна гэсэн бодит үнэнийг тэд мартсан.

“Хойч үеийнхээ төлөө байгаль орчноо хамгаалах нь” сэдэвт чуулга уулзалт
Чуулга уулзалтад 1100 орчим төлөөлөгч оролцлоо. Япон, Токио
2015.4.6. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Бидний хэзээ ч хэрэглэж амжихгүй сая сая долларыг зэр зэвсэгт зарцуулахын оронд илүү зөв зорилгын төлөө зарцуулах ёстой. Удирдагчдыг үйл хөдлөл хийхийг хүлээх шаардлагагүй, харин ард иргэд бид тэдний дайн, хүчирхийллийн арга барилд дургүйцэж буйгаа үзүүлэхийн тулд хөдлөх ёстой. Ямар нэг буруу зүйл тохиолдоход жирийн ард иргэд зовж шаналдаг, дандаа ийм л байдаг учраас ийнхүү хөдлөх нь бидний эрх ашигт нийцнэ.”

Чуулга уулзалт дуусах үед профессор Рюичи Ямамото хэлэхдээ, ийм төрлийн ярилцлагад эрдэмтэд төдийгүй, ёс суртахууны мэргэжилтнүүдийг оролцуулж, зөвөлгөө зөвлөмжийг нь сонсож байх хэрэгтэй хэмээв.

Эх дэлхийн байгал орчинд өнөөдөр ноцтой хямрал нүүрлэж байгаа тухай байгаль орчны тунхаглалыг япон, англи хэлнээ уншлаа. Тунхаглалд дараах үйл ажиллагааг тусгасан байна. Үүнд:

1. Дэлхийн байгаль орчны асуудалд нухацтай анхаарч, ёс суртахууны хувьд зөв зан төлвийг төлөвшүүлж, байгаль орчны боловсрол олгон, мэдлэгийг дээшлүүлж, олон улсын ёс зүйн хороог үүсгэн байгуулна.

2. Хүн бүр гурван мод тарих, эсвэл ногоон дэлхийг сэргээхийн тулд мод тарьсан хүмүүсийг дэмжинэ.

3. Инээмсэглэл, мөргөлийн тусламжтайгаар энэрэнгүйн генийг асааж, байгальтай эв зохицолтойгоор даруухан амьдарна.

Дараа нь энэхүү арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст, Дээрхийн Гэгээнтнийг урьсан профессор Муракамид, үнэт цагаа гарган морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлцгээсэн байна. Арга хэмжээний төгсгөлд,

“Дээрхийн Гэгээнтний санал болгосноор хүлээж суулгүйгээр, үйл ажиллагаа хийж эхэлцгээе” гэсэн уриалга гаргажээ.
Үзсэн: 3 625
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц