Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ

6-05-2015, 09:26  |  Хэвлэх

2015 оны 4 дүгээр сарын 11

Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 11 – Бушшокай группын хүмүүстэй 2 өдөр тайван өнгөрөөсний дараа Дээрхийн Гэгээнтэн өнөө өглөө Каназава мужаас Токио хотыг зорин хөдөллөө. Тэрээр өнгөрсөн сард нээлтээ хийсэн, Японы хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн хурдан галт тэрэг болох Кагаяки шинкансэнээр зорчсон байна. Наганогоор дайран өнгөрөх нийт 500 км урт аялал цаг хагасын дотор дууслаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи хийдийн дурсгалын дэвтэрт
бичиж байгаа нь. Япон, Токио, 2015.4.11. Фото Жереми Рассел
Токиогийн төвөөс Ёкохама дахь Сожи сүмийг зорин машинаар түгжрэл ихтэй замаар явахад харин цаг их оров. Дээрхийн Гэгээнтнийг хийдийн том мяндагт лам нар угт ан авсан бөгөөд сүмийн гол шүтээнд тэрээр мөргөл үйлдсэний дараа сүмийн лам нартай хамт Японы уламжлалт зоог барив. Дараа нь болсон уулзалтын үеэр сүмийг үүсгэн байгуулагч Тайсо Жосай Дайшигийн дурсгалд энэ оныг зориулж буйгаа сүмийн лам нар тайлбарлан ярьсан байна. Дээрхийн Гэгээнтэн сүмийн дурсгалын дэвтэрт дурсамжийн үг үлдээн, хоёр тал харилцан бэлэг солилцлоо.

Сүмийн барилгуудыг битүү дээвэртэй хонгилууд холбосон байх ба хонгилын дотор янз бүрийн зургийг өлгөж чимэглэсэн байв. Айлдвар сонсохоор 1800 хүн цугласан танхимд түүнийг ороход хурсан олон халуун алга ташилтаар угтлаа. Түүний төвөдөөр ярьсныг япон хэлнээ орчуулж байсан ба тэрээр бүх хүн адил гэснээр яриагаа эхлэв.

“Бид бүгд аз жаргалыг хүсч, зовлонгоос зайлсхийдэг. Өнөөдөр энд суугаад миний яриаг сонсож байгаа та бүхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун байж болох ч, дэлхийн өөр газруудад хүмүүс зовж байгаа” хэмээв.

“Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд аз жаргалыг хүсдэг. Гэхдээ уур хилэн, гомдолд автагдсан бид ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар хүмүүсийг хувааж байна. Энэ бол сөргөлдөөн, тэр бүү хэл бусдыг хөнөөхийг өдөөн дэмжсэн хандлага юм. Ялангуяа эдгээр сөргөлдөөн нь шашны суурин дээр үүсч байгаа нь маш харамсалтай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд
үг хэлж байгаа нь. Япон, Токио, 2015.4.11. Фото Тэнзин Жигмей
Дэлхийн бүх шашин хайр, нигүүлслийг номлодог ч, хэрвээ шашныг дагагсад уур хилэн, үзэн ядалтдаа автагдвал тэд шашин номондоо үнэнч биш гэсэн үг гэдгийг тайлбарлан ярив. Өнөөдөр 1 тэрбум хүн өөрийгөө ямар ч шашин шүтдэггүй хэмээн зарлаж байна. Тэд хүний төрлийг олсныхоо хувьд бидэнтэй л адил хайр, энэрлийг мэдрэх эрхтэй. Бидний эх биднийг төрүүлж, хайр энэрлээр өсгөж торниулсан бөгөөд хожим нь бид өсч том болохдоо ч эсэн мэнд үлдэхийн тулд найз нөхдийн тусламжийн авдаг. Хэрвээ бид байнга уур хилэн хийгээд хардлага сэрдлэгт автагдвал найз нөхдөө алдахаас гадна эрүүл мэндээ ч хөнөөнө. Шашинд итгэсэн, үл итгэснээс үл хамааран хүн мөн чанараараа хайр энэрлийг эрэлхийлдэг.

“Түүхийн үүднээс авч үзвэл Япон бол буддист орон. Ном судраас татсан эшлэл дээр суурилдаг пали уламжлал ба учир шалтгааныг нягталдаг санскрит уламжлалаас буддизм бүрддэг. Санскрит уламжлалын хүрээнд Японы лам хуврагууд болон сүсэгтнүүд “Билгүүний зүрхэн” судрын тарнийг уншдаг.”

“Шашныг дотор нь бүтээгч бурханд итгэдэг хийгээд үл итгэдэг хэмээн ангилж болно. Үл итгэдэг уламжлалын дотор буддизм л гагцхүү бие даасан “Би” гэж үгүй хэмээн үздэг. Үл хуваагдах, байнгын, бие даасан, өөрөө орших “Би” гэхээс илүү, бие хийгээд сэтгэл дээр суурилсан, зориулалтын дагуу “Би” байна. Хэрвээ бие өөрчлөгдвөл “Би” өөрчлөгдөнө. Бид жишээ нь, бие махбодийн нас нэмэгдэхэд ‘Би хөгширч байна’ гэж хэлдэг.”

Энэтхэгийн шашны бусад уламжлалын нэгэн адил буддизм эрх чөлөөнд хүрэхийг зорилгоо болгодог бөгөөд энэ нь сэтгэлийн сөрөг хандлагаа даван туулна гэсэн үг юм. Сэтгэлийн сөрөг хандлагаасаа хагацаж чадаагүй тохиолдолд бид ертөнцийн хүлээсэнд байсаар байх болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь.
Япон, Токио, 2015.4.11. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Хэрвээ бид жинхэнээсээ аз жаргалтай байхыг хүсч байгаа бол Япон шиг хүмүүс нь чөлөө завгүй байдаг оронд ч гэсэн сэтгэлээ номхотгон дадуулах шаардлагатай. Хөгжингүй олон орны ард иргэд материаллаг хөгжилд хүрсэн хэрнээ аз жаргалд хүрсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Хэрэгтэй бүхнээ олж авсан боловч аз жаргалтай болж чадаагүй олон тэрбумтантай би уулзаж байсан. Нөгөө талаас Испанийн Монсерратад би нэгэн католик ламтай тааралдсан бөгөөд тэр 5 жилийг ууланд даяанч маягаар өнгөрөөхдөө зөвхөн талх, усаар хооллосон байна. Түүнээс би юуг бясалгасан бэ гэж асуухад тэр ‘Хайр’ хэмээн хариулсан юм. Тэр үед түүний нүд нь гялалзаж байсан. Гадаад орчны тав тух байгаагүй ч, тэр аз жаргалтай байсан.”

Хэрвээ бид оюун санааны хувьд тогтворгүй байвал бие махбодийн тав тухаар тайвширлыг олж үл чадна. Харин сэтгэл санаа амар тайван байвал бие махбодийн өвчин зовиурыг даван туулж чадна гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. Энэ нь сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэхийн ач холбогдлыг харуулж байгаа юм. Ихэнх шашин хүмүүст аз жаргалаа олоход нь туслахыг эрмэлздэг, үүнийгээ сүсэг бишрэлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг бол буддизм учир шалтгааныг онцолдог. Буддизм сүсэг бишрэлийн бус, харин билиг оюуны төгс төгөлдрийг номлодог. Гурван дээд дадлын гол зүйл нь ёс зүйн сахилга бат, сэтгэл төвлөрлийн тогтвортой байдал, бодит байдлыг саруул ухаанаар ойлгох явдал бөгөөд энэхүү гурван дадал нь билиг ухаанаар чанаржиж, эрх чөлөөт байдал руу хөтөлнө.

Төвөдүүдэд Энэтхэгийн агуу сэтгэгч нар болох Дигнага гэгээн болон Дармакирти гэгээний учир шалтгааны талаарх зохиол бүтээлүүд хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг тэр нэмж хэлээд, Япон түүхийн тодорхой үе шатад энэхүү хандлагыг дагаж байсан хэмээн сонссоноо дуулгалаа. Хэрвээ энэ уламжлал үнэхээр байсан бол сэргээхийг тэрээр уриалав.

Сонсогчдын зарим нэг нь түүний яриаг сонсоод инээмсэглэж байгаа бол ихэнх нь дүнсгэр царайтай байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэллээ. Саяхан түүний япон анд, нэгэн эрдэмтэн инээдний эерэг талын талаар болон инээд хэрхэн биеийн эрүүл мэнд хийгээд оюун санаанд тустай болох талаар тайлбарласныг танихимд суугаа олонд сонордууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд сонсогчдын асуултад
хариулж байгаа нь. Япон, Токио, 2015.4.11. Фото Тэнзин Жигмей
Дараа нь тэрээр сонсогчдоос асуулт тавихыг хүсэхэд, Дээрхийн Гэгээнтэн хаа явсан газраа лам хүний орхимж нөмрөгтэй явдаг нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг хэмээн эхний хүн хэллээ. Өөрт тулгарсан хүнд бэрхийг хэрхэн давдаг талаар тэр асуув. Хамаг амьтны тусыг бодож, аливаа зүйлийг өргөн хүрээнд харах нь ач тусаа өгдөг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Тэрээр Японы залуучуудад хандан, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх үүднээс англи хэлийг сайн сурч, гадаадад буяны сайн дурын үйлст оролцохыг дахин уриалсан байна.

Цусны цагаан эс ихсэх өвчнөөр өвдсөн ээждээ хэрхэн туслах талаар асуусан эрэгтэйд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, их инээхийг зөвлөсөн бөгөөд төвөдийн уламжлалт эм өгвөл тустай гэв. Дээрхийн Гэгээнтэн түүний эхийн төлөө залбирах болно гэдгээ хэллээ. Зазэн бясалгалаар өдөр бүр хичээллэдэг нэгэн эмэгтэй энэ дадал нь буддизмыг дэлгэрүүлэхэд тус болох эсэх талаар асуухад, буддизмыг дэлгэрүүлэх нь түүний зорилго бус хэмээн онцлов. Эрүүл ухаан, хамтын туршлага хийгээд шинжлэх ухааны ололт дээр суурилсан иргэний ёс зүйн талаар хүмүүст мэдлэг өгөх явдлыг тэрээр илүүд үзэж буйгаа илэрхийлэв.

Хүмүүст өөрт итгэх итгэлийг бий болгох, мөн сэргээхэд туслах ажил эрхэлдэг нэгэн хүн энэрэнгүй үзэл ба өөрийгөө хүндлэх явдлын уялдаа холбооны талаар асуув. Та зөвхөн өөрийнхөө асуудалд л төвлөрвөл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж улам доройтох учраас асуудалд арай өргөн хүрээнээс хандах хэрэгтэй. Гадаадад сайн дурын үйл ажиллагаанд оролцсон япон хүн ямар хөгжилтэй оронд төрж өссөнөө илүү сайн ойлгох болно хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Сожи сүмд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хийсэн ярианы үеэр
асуулт тавьж байгаа эмэгтэй. Япон, Токио, 2015.4.11.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Дэлхий дахинаараа шийдэх ёстой хамгийн чухал асуудал юу вэ гэсэн асуултад, өнгөрсөн сард Ром хотноо болсон Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтаас гаргасан тунхаглал дээр цөмийн зэвсгийг устгах хуваарь гаргаж, түүний биелэлтийг хянах тухай тусгасныг Дээрхийн Гэгээнтэн сонордуулав. Цөмийн хоёр ч удаагийн дэлбэрэлтийн хор уршгийг амссан Япон орон энэ хөдөлгөөнийг манлайлж, ухарч буцахгүй байхыг тэрээр уриалсан байна.

Хорт хавдар туссан найзад нь ганцхан жилийн нас үлдсэн ч тэрээр эмчилгээнээс татгалзсан тул түүнд яаж туслах вэ хэмээн нэгэн эмэгтэй асуулаа. Хэрвээ тэр хүн буддист бол хайр, нигүүлсэхүй сэтгэлийг хөгжүүлэх, бодийн сэтгэлийг үүсгэхэд нь найз нөхөд нь туслах хэрэгтэй хэмээн хариуллаа. Түүнчлэн тэрхүү өвчтөнд Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ зохиолын эшлэлээс уншиж өгөхийг зөвлөв.

Залруулж болох тохиол аваас
Уурлаж ундууцахын хэрэг юун
Залруулж болшгүй таавилан бол
Уурлаж ундуйцлаа ч нэмэр юун

Мэдээллийн хэт их ачааллаас залхаж байгаа тухайгаа ярьсан нэгэн эмэгтэйд, сэтгэлийн тухай мэдлэгээс суралцахыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө. Өдөр бүрийг хэрхэн аз жаргалтай өнгөрүүлэх вэ гэсэн асуултыг нэгэн зураач эмэгтэй тавьсан байна. ‘Бодьсатвын явдалд орохуй’ зохиол япон хэл дээр байдаг бол түүнийг унших, ялангуяа тэвчээр хийгээд бясалгалын тухай заасан 6 ба 8 дугаар бүлэгт анхаарлаа хандуулахыг зөвлөв. Хэдийгээр ойлгоход хэцүү ч, билиг ухааны тухай өгүүлсэн 9 дүгээр бүлгийг уншиж судлах хэрэгтэй хэмээн нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сожи сүмд зочилж, олон нийтэд яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын дараа танхимд суугаа
хүмүүстэй гар барин салах ёс гүйцэтгэлээ. Япон, Токио, 2015.4.11.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Та залуу байгаа учраас сурч мэдэх цаг хугацаа их байна. Сурах мэдэх үйлст уйгагүй шамдвал үр дүнгээ өгнө. Зургийн тухайд гэвэл, Төвөдөд аялсныхаа дараа надтай уулзахаар ирсэн нэгэн япон хүнийг дурсан саналаа. Догшин бурхдын зургийг хараад тэр ихэд айснаа надад ярьж билээ. Амар амгалан, тайвшралын мэдрэмж төрүүлэх сайхан бүтээл бүтээгээрэй.”

Дээрхийн Гэгээнтнийг сүмээс гарах үед олон хүн түүнтэй гар барихыг эрмэлзэж байлаа. Түүнийг буудалдаа ирэхэд маргаашийн номонд суухаар хол газраас зорин ирсэн орос, хятад, монгол хүмүүс түүнтэй мэндчилэхээр хүлээж байв. Маргааш тэрээр Билгүүний зүрхэн, Нагаржуна гэгээний Бодь сэтгэлийн тайлбар, Бясалгалын зэргэмж зэрэг номыг тайлбарлан хөтлөх болно.
Үзсэн: 3 271
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц