Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа

2-11-2016, 14:37  |  Хэвлэх

2016 оны 9 дүгээр сар 14

Франц. Парис. 2016.09.14 – Дээрхийн Гэгээнтэн Далай лам энэ өглөө Францын сенатын ордонд хүрэлцэн ирэхэд сэмжин үүл нүүсэн тэнгэрт дөнгөж мандаж буй өглөөний нарны туяанд Парисын том барилгуудын дээвэр алтран харагдаж байлаа. Тэрээр 30 гаруй танхимын гишүүд болон орлогчидтой албан бус өглөөний цай хамт уухаар хүрэлцэн ирэхэд гишүүд түүнтэй мэндчилэхээр шатан дээр цувран зогсч байлаа. Сенатор Мишель Резон Дээрхийн Гэгээнтнийг угтан аваад яриагаа эхлэхийг урив.

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Франц хэлний орчуулагч эрхэм хүндэт Матью Рикард болон
сенатын гишүүн Мишель Резон нар Францын Сенатын танхимын
гишүүдтэй уулзах албан ёсны бус уулзалтанд Дээрхийн
Гэгээнтнийг ярихыг харж байгаа нь. Франц. Парис.
2016.09.14. Зургийг Оливер Адам
Тэрээр “Ахан дүүс нар аа, энд та бүхэнтэй уулзаж байгаа минь их аз завшаан юм” хэмээн яриагаа эхэллээ. “Та бүхэн Төвөд орны төлөө санаа тавидагт би үнэхээр талархаж байна. Та бүхэн шудрага зүйлийг дэмжиж байна. Бид анхнаасаа л хүч үл хэрэглэх зарчмыг сонгосон билээ. Төвөдүүдийн өөрийгөө шатаасан харамсалтай үйл явдал нь Төвөдүүд өөрийнхөө тэмцэлд бусдыг зовоохгүй гэсэн зорилготой байгааг харуулж байна.”

“Бидний бүх найзууд манай өнгөрсөн түүхээс үл хамааран бид тусгаар тогтнох, Хятадаас салан тусгаарлахын төлөө тэмүүлэхгүй байгааг сайн мэдэж байгаа. Сүүлийн жилүүдэд хятадуудын бичсэн олон мянган өгүүллэг сэдвүүдэд тэд Дундаж Хандлагыг баримтлах асуудлыг дэмжиж, Хятадын засгийн газрын бодлогыг шүүмжилж байгааг бид харж байна. Саяхан би манай нөхцөл байдлыг мэддэг Хятадын эрдэмтэнтэй уулзсан ба тэрээр Шинжан Уйгарын асуудалд мөн иймэрхүү хандлагаар хандвал сайнсан гэж ярьж байсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Европын Холбооны баримталж буй бодлогоор бахархаж байгаагаа хэлээд, энэ нь нэгэнт болоод өнгөрсөн хуучин зүйлтэй зууралдахгүй шинэ бодит байдалтай зохицон амьдарч болдогийг харуулж байна гэв. Түүнд квантын физик зааж байсан физикч Карл Фредерик фон Вайцзекер нэгэн удаа бага байх үед нь франц хүн бүрийн нүдэнд герман хүн дайсан болж харагддаг байсан ба Германууд ч француудад мөн тэгэж ханддаг байсан талаар ярьсан байна. Гэвч энэ бүхэн ард хоцорч түүнээс хойш бүх юм өөрчлөгджээ. Тэрээр Европд болж байгаа энэ өөрчлөлт цаашдаа Орос, Африк болон Азийг хамарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Энэ бол дэлхийн ирээдүй. Бид нэгэн гэр бүлд амьдрах ёстой. Европын Холбооны жишээ үүнийг хийж болохыг харуулж байна.”

“Төвөд орны төлөө та бүхэн санаа тавьсан нь бидэнд ихээхэн ач тусаа өгч байна. Боломж гарах бүрт хамтран ажилладаг хятад хүмүүстээ биднийг дэмждэгээ мэдэгдэж байгаарай. БНХАУ-ыг өнөө хүртэл нэг нам нэг системээр удирдаж байгаа боловч тэнд бас өөрчлөлт явагдсаар байна. Бүр удирдлагын хатуу бодлого баримтлагчид ч өөрсдөө заримдаа мухардмал байдалд ордог. Тэд эвсэлдэн нэгдэж эв найрамдалтай байх талаар яридаг боловч тэдний явуулж байгаа улс төрийн бодлого нь үүнд өчүүхэн ч ойртохгүй байна. Би бүр заримдаа эдгээр улс төрчдийн эрүүл саруул ухааныг хариуцдаг тархины хэсэг нь байдаггүй юм болов уу гэж ч бодоход хүрдэг.”

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Дээрхийн Гэгээнтэн Францын Сенатын гишүүдтэй уулзсан албан
бус уулзалтын үеэр танхимд байгаа хүмүүс түүнээс асуулт асууж
байгаа нь. Франц. Парис. 2016.09.14. Зургийг Оливер Адам
“Хятад оюутнууд болон хятадын жуулчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэгш эрхэт, чөлөөт ертөнцтэй танилцахаар улам ихээр явдаг болсон нь тэд ч бас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой, бусадтай л адил хүн гэдгээ мэдрэхийг хүсч байгааг харуулж байна. Хятад орон дэлхий дахинд нээлттэй бодлого явуулах нь дэлхийн сайн сайхны төлөө тэдний оруулах үнэтэй хувь нэмэр болох юм.”
Дээрхийн Гэгээнтэн Сенатын гишүүд болон депутатуудын асуултанд хариулахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд хамгийн эхлээд түүнээс Төвөдийн байгаль орчны талаар асуулаа. Тэрээр хариулахдаа, хятадын нэгэн экологч Төвөдийн эх газрын цаг уур нь Хойд болон Өмнөд туйл шиг нөлөөтэй байгаа бөгөөд Төвөдийг гуравдагч туйл гэж нэрлэж болох юм гэж хэлснийг дурьдав. Дээрхийн Гэгээнтэн ой модыг ихээр огтолж байгааг онцлоод орон нутгийн Төвөд иргэдийн уул уурхайг эсэргүүцсэн эсэргүүцлийг огт хайхардаггүй талаар ярьсан юм. Тэрээр Засгийн Газрын гишүүдийг Төвөд руу явж тэнд байгаль орчинтой холбоотой юу болж байгааг өөрсдийн нүдээр харах хэрэгтэй гэж уриалдагаа хэллээ.

Дараагийн Далай Ламтай холбоотой асуултанд тэрээр бүр 1969 оны үед дараагийн Далай Лам байх уу, үгүй юу гэдгийг Төвөд хүмүүс өөрсдөө шийдэх хэрэгтэй гэж зарласнаа хэллээ. Нэгэнт Хятадын удирдлага өөрөөс нь илүүтэйгээр хойд дүр байх эсэх дээр санаа тавьж байгаа бол тэд эхлээд Мао Зэдун болон Дэн Сяпоны хойд дүрийг тодруулах ёстой хэмээн тоглоом болгон хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Сенатын байрнаас Бернадины коллежид очиход түүнийг Францын католик сүмийн тэргүүн, католик шашны их кардинал Андре Вен- Труа угтан авав. Эртний гоёмсог барилгын дотор болсон шашин хоорондын уулзалтанд кардинал Вен Труа, католик шашны их санваартан, Францын еврейн шашны гол тэргүүн Хаим Корсиа, Францын протестант холбооны ерөнхийлөгч Франсуа Клавероли, францын исламын зөвлөлийн тэргүүн Ануар Кбибех, Францын ортодокс сүмийн тэргүүн ширээт хамба Эммануэль болон Францын Буддистуудын холбооны ерөнхийлөгч, зэн мастер Оливье Ван–Генх нар байлцав.

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Францын католик сүмийн тэргүүн Католик шашны их лам Андре
Вен-Труа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг шашин хоорондын
ярилцлага болж байгаа Бернадины коллежийн танхимд хүргэн
ирж байгаа нь. Франц. Парис. 2016.09.14. Зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн англиар ярин өнөөгийн бидэнд тохиолдож байгаа бэрхшээлтэй асуудал бүхнийг бид өөрсдөө бий болгодог гэдгийг онцлон хэлэв. Учир нь бид сөрөг сэтгэл хөдлөлд их автдаг. Үүнээс үүдэн бид эрдэмтдийн үзэж байгаа хүний төрөлхи мөн чанар болох энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх арга замыг олох ёстой.

Тэрээр “Яг одоо” хэмээгээд “бид энх амгалан, найрсаг байдалд буй энэ мөчид хаа нэгтээ шашины нэрийн өмнөөс хүчирхийлэл явагдаж Ирак юм уу Йемень, Афганистан, Пакистан, Бангладеш гэх мэт газруудад хүмүүс амь үрэгдсээр байна. Бид үүнийг тоохгүй байж болохгүй. Энэ бол ёс суртахуунгүй хэрэг бөгөөд бидний найз нөхдийг алан хядаж байна шүү дээ. Хүмүүсийг алж хядах нь үнэхээр аймшигтай, бүр шашны нэрийг барин алан хядах нь санаанд ч багтамгүй юм.” хэмээн айлдав.

“Би шашин хоорондын эв нэгдлийг дэмжихийн тулд 1970-аад оны сүүлээс эхлэн дараахь гурван зүйлийг хийсээр ирлээ. Шашин судлаач эрдэмтэдтэй уулзаж шашин хоорондын ижил төстэй зүйл болон ялгаа, тухайн ялгааны гол зорилго нь юу вэ гэдгийг хэлэлцэн ярилцсаар ирсэн. Түүнчлэн би тэдний туршлагаас судлахын тулд оюун санаагаа хөгжүүлж буй хүмүүстэй уулзаж байлаа. Жишээ нь би Монсерратад өчүүхэн талх, цайгаар амь зогоон 5 жил ууланд бясалгалд суусан католик шашны ламтай уулзсан юм. Түүний хэрхэн бясалгадаг талаар асуухад тэр хайр дээр төвлөрч бясалгадаг хэмээн хариулахдаа нүднээс нь жинхэнэ аз жаргалын оч цацарч байлаа. Мөн түүнтэй адил исламын шашны гайхалтай бясалгагч нартай уулзаж байлаа.”

“Гуравт нь, би бусад шашны ариун дагшин газраар мөргөл үйлдэн явдаг юм. Би эхлээд Энэтхэгийн Сарната, Варанаси хотуудаас эхэлж сүм, хийд болон сих шашинтны сүм болох гурдвара зэрэг газруудаар ээлж дараалан явж мөргөл үйлддэг байсан.”

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам шашин хоорондын ярилцлага болж
байгаа Бернадины коллежийн танхимд байхдаа халсан
прожекторын гэрлээс хамгаалан толгой дээрээ алчуур
тавьжээ. Франц. Парис. 2016.09.14. Зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн исламын болон буддын алан хядагчид гэх нэр томьёоллыг буруу гэж үздэгээ илэрхийлээд тэдгээр зэрлэг түрэмгий алан хядагчид аль хэдийнээ өөрийн шүтдэг шашнаа даган бишрэгчид биш болдог юм. Түүнчлэн хэдхэн хүний буруу үйлдлээс болж бүхэл бүтэн исламын болон буддын шашныг даган шүтдэг ард олныг буруутгах нь учир дутагдалтай болохыг дурьдав.

“Би Энэтхэг оронд сүүлийн 57 жил амьдарч байна. Энэтхэгт амьдардаг Исламын шашныг шүтэгчид Пакистанд байдгаас ч хамаагүй олон бөгөөд тэд урт удаан хугацааны туршид өөр шашин шүтлэгтэй ард түмэнтэй эвтэй найртай амьдарсаар ирсэн билээ. Дэлхий дээрхи гол том шашны төлөөлөл болох зороастризм, жүүд, христ болон ислам нь хинду, будда, жейн, сих шашинтай эв найртай зэрэгцэн оршиж байна. Тэд дэлхийн хоёрдахь хамгийн их хүн амтай улсад ингэж чадаж байгаа тул яагаад дэлхий даяар үүнийг хийх боломжгүй гэж?”

Тэрээр өнгөрсөн цаг хугацаанд хувь хүний оюун санаанд нэг л үнэн, нэг л шашин байх нь хэвийн үзэгдэл байсан гэдгийг тэмдэглэн хэлэв. Харин одоо өргөн олныг хамарсан талаас нь, мөн өнөөгийн бидний амьдарч байгаа даяарчлагдаж буй дэлхийн үүднээс авч үзвэл хэд хэдэн үнэн, шашны олон урсгал байх нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг тайлбарлан ярив.

Бернадины коллежийн зүгээс хэлэлцүүлэгт оролцсон бүх хүмүүсийг үдийн хоолонд урьж хамтдаа зоог барьсны дараа тарсан юм. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Дорно дахины хэл, соёлын үндэсний их сургуульд зочлов. Түүнийг ерөнхийлөгч Мануэль Франк болон Төвөд судлалын факультетийн гишүүн Франсуаза Робин нар угтан авлаа. Төвөд залуучууд уламжлал ёсоор түүнийг угтан авсан ба түүнийг танхимд ороход Төвөд хэлний ангийн оюутнууд төвөд хэл дээр ерөөл уншин угтав.

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дорно дахины хэл, соёлын
үндэсний их сургуульд үг хэлж байгаа нь. Франц. Парис.
2016.09.14. Зургийг Оливер Адам
Тавтай морилохыг хүссэн үгэндээ Мануэль Франк Сорбоны их сургуулийн хэсэг болох Дорно дахины хэл, соёлын үндэсний их сургууль 18-р зуунаас эхлэн хэл зааж эхэлсэн ба энэрэнгүй, хүнлэг ёсыг хөхүүлэн дэмждэгээ цохон дурьдав. Франсуаза Робин цааш нь дэлгэрүүлэн уг сургууль дээр Төвөд хэлийг 1842 оноос эхлэн зааж байгаа бөгөөд төвөд хэлний үнэ цэнэ болон ач холбогдлыг сайн ойлгодогоо тодотгон хэллээ. Тэрээр Төвөд хэл, соёл нь төрөлхи эх орондоо цөөнхийн хэл болж байгаа энэ цаг үед Дээрхийн Гэгээнтний энэхүү айлчлал нэр төрийн хэрэг болж байна гэлээ.

“Төвөд хэл болон түүний бичгийн хэлбэр нь дэлхийн эртний хэлнүүдийн нэг мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн 200 гаруй хүн цугласан танхимд төвөд хэл дээр хэлэв.

”Санскрит хэл дээр буй буддын сургаалийн ихэнхи нь төвөд хэл дээр байдаг. Шантаракшитагийн сургаалийн дагуу Төвөдүүд учир шалтгаан болон логикийг түшиглэн гүн ухааныг түлхүү судалсан билээ. Өнөө цагт Ганжуур болон Данжуурыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны үүднээс дахин хянан судалж байна. Наландагийн уламжлал нь оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн талаархи эртний Энэтхэгийн ном сургаалиудын ихэнхи хэсгийг хадгалж үлдэх үнэт сав газар болж байна.”

“Шантаракшита өөрөө гүн ухаантан ба логикч байсан бөгөөд Төвөдөд Буддын гүн ухаанаас гадна танин мэдэхүйн онолыг авчирч танилцуулсан билээ. Төвөдүүд түүний заасан гүнзгий түвшинд суралцах арга барилыг хэвээр нь хадгалсаар иржээ. Хэрэв бид энэ арга уламжлалыг алдахгүй явбал Төвөд хэл, соёл, шашнаа ирээдүйд удаан хугацаанд хадгалан үлдэж чадна. Харамсалтай нь, Хятадын удирдлагын хатуу бодлогыг баримтлагчид Төвөдийн онцлогыг хадгалан авч үлдэх гэсэн бидний чармайлтыг Хятадаас салан тусгаарлах оролдлого хэмээн үзсээр байна. Ийм учраас бид зөвхөн ярианы хэлийг бус, бичгийн төвөд хэлийг хадгалан авч үлдэхэд гүнзгий санаа тавихаас гадна Наландагийн сонгодог 13 бүтээлүүдийг судлах хэрэгтэй. Би буддын гүн ухааныг судлахад хэрэглэдэг учир шалтгаан болон логик арга нь өөр төрлийн бусад сургалтанд ач тус ихтэй байх болно гэдэгт итгэдэг.”

Сенатын ордонд болсон өглөөний цай ба Бернадины коллеж дахь шашин хоорондын уулзалт яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дорно дахины хэл болон соёлын
үндэсний их сургууль дээр үг хэлсний дараа оюутнуудтай
мэндчилж байгаа нь. Франц. Парис. 2016.09.14.
Зургийг Оливер Адам
Типитака буюу энэтхэг ганжуур, данжуурыг Төвөд хэл дээр судлах хамгийн сайн газар хаана байдгийг асуусан оюутны хариултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,Төвөдөд одоо хүртэл зарим сайн сүм хийд байгаа боловч тэнд маш цөөхөн багш нар байдаг гэв. 1959 оныг хүртэл маш олон гоц ухаант багш нар байсан боловч Хятадын эзлэн түрэмгийллийн дараа зарим нь шоронд хоригдож зарим нь алагдсан байна. Тэрээр нэмж хэлэхдээ, өнөөдөр Энэтхэгийн өмнөд хэсэгт сэргээн босгогдсон хийдүүдэд шавилан сууж буй 10 мянган лам болон хэдэн зуун гэлэнмаа нарын дунд сургалтын уламжлжалт нарийн аргыг даган мөрддөг эрдэмтэн багш нар бий. Үүний нэгэн баталгаа нь анхны гэлэнмаа нар суралцаад зарим нь өнгөрсөн жилийн сүүлээр гэвш буюу буддын гүн ухааны доктор цолоо авсан гэлээ.

Төгсгөлд нь, Дээрхийн Гэгээнтэн 40 жилийн өмнө өөрөө хэрхэн байгалийн шинжлэх ухааныг шимтэн сонирхож, энэ талаар найз нараасаа зөвлөгөө авч байснаа хэлэв.

Буддын шашин судалдаг нэгэн Америк эмэгтэй “шинжлэх ухаан бол шашны алуурчин юм” гэж хэлээд түүнийг болгоомжтой байхыг сануулж байжээ. Гэсэн ч тэрээр үүнийг тунгаан бодсоны эцэст эхлээд эргэлз гэсэн Буддагийн зөвлөгөөг санан ном сургаалыг нь шууд хүлээн авалгүй, үнэт эдлэлийн дархан шижир алтыг хэрхэн шалган шинжилдэг мэт шалган шинжлэхээр шийдсэн байна. Тэрээр эрдэмтэдтэй уулзаж харилцан ярилцдаг болсноос хойш хэдийгээр гуч гаруй жил өнгөрсөнч эдгээр уулзалтууд харилцан бие биендээ өгөөжтэй байгаа аж.
Үзсэн: 1 541
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц