Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо

3-07-2017, 13:59  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 22

АНУ, МН, Миннеаполис – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Старки сонсголын технологийн хүрээлэнд зочилох үеэр бороо орж байлаа. Түүнийг хүрээлэнд хүрэлцэн ирэхэд тус хүрээлэнг үндэслэгч хатагтай Тани Аустин болон түүний хүү хамтдаа угтсан бөгөөд тоног төхөөрөмж байрлах өрөөнд ноён Билл Аустин хүрээлэнг танилцуулахаар хүлээж байв. Дээрхийн Гэгээнтний бараа бологч нэлээдгүй хүмүүс сонсголын шинжилгээ өгөх үеэр үйл явц хэрхэн явагдаж буйг дэлгэцээр харуулсан юм. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ноён Билл Аустин нар сонсголын хэл яриа болон хүн төрөлхтний харилцаа холбооны талаар ярилцаж байв.

Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсголын шинжилгээ хэрхэн явагддаг тухай сонирхож байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Старки хүрээлэнгийн 2000 гаруй хүмүүст хандсан яриагаа эхлэхдээ Америк дахь сүүлийн айлчлалын үеэр ноён Билл Аустинтай танилцсан тухайгаа ярьсан юм. Төдөлгүй ноён Билл Аустин Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэнтэй уулзжээ. Дээрхийн Гэгээнтэн ноён Билл Аустин болон түүний хамт олны хийж буй үйл хэргийг магтан сайшаав.

“7 тэрбум хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Хүүхэд байхад эцэг, эхийн хайр бидэнд нэн чухал байдаг боловч өсөж том болохын хэрээр үүнийг хайхрахаа больдог. Өнөөгийн боловсролын систем гадаад материаллаг хөгжилд төвлөрч, хүний үндсэн чанарыг хөгжүүлэх тал дээр учир дутагдалтай хандаж байна.”

Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо
Старки сонсголын технологийн хүрээлэнгийн 2000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг угтаж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Старки сонсголын технологийн хүрээлэн
“Дэлхийн томоохон шашнууд энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга бат, сэтгэл хангалуун байхыг номлодог. Эдгээр сургаал номлолыг дагасан хүн илүү энэрэнгүй сэтгэлтэй болдог боловч эдүгээ цагт хүмүүс шашны нэрийн өмнөөс бусадтай зөрчилдөж, тэр бүү хэл шашны нэрийн өмнөөс хүний амь егүүтгэж байна. Дэлхийн 7 тэрбум хүмүүс бүгд адилхан билээ. Бид адилхан төрж, адилхан өсөж өндийж, мөн адилхан ертөнцийн мөнх бусыг үздэг юм.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж нотлоод зогсохгүй эрүүл оюун ухаан бидний бие махбодид чухал нөлөөтэй болохыг нотолж байна. Нэгэнт энэрэл хайрын сэтгэл аз жаргалтай амьдралын үндэс суурь мөн тул би нэн тэргүүнд сайхан сэтгэлийн ач холбогдлыг хүн төрөлхтөнд таниулах ажлыг чухалчилж үздэг. Хэн ч асуудал бэрхшээлийг хүсдэггүй боловч бид нэг нэгнийхээ арьс өнгө, шашин шүтлэг гэх мэт хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их анхаарал хандуулсны улмаас өөрсдийн бий болгосон нэлээдгүй бэрхшээлтэй нүүр тулсаар л байна.”

Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Старки сонсголын технологийн хүрээлэнд зочлох үеэр тус хүрээлэнгийн 2000 гаруй гишүүдэд үг хэлж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Бидний мөргөл залбирал хийгээд бодит байдал зөрүүтэй байгаа цагт асуудал бэрхшээлийг дан ганц мөргөл залбирлаар шийдэх боломжгүй. Бид хүчтэй сэтгэл хийгээд хүчин чармайлт гаргаж бусдад туслах хэрэгтэй. Бид өнөөгийн технологи болон өөрсдийн ур чадвараа ашиглаж илүү их аз жаргалтай хүн төрөлхтнийг бий болгохыг зорих хэрэгтэй байна. Сонсгол, хэл яриа хүн төрөхлтөнд нэн чухал зүйл мөн. Тиймээс та бүхний хийж буй энэ үйл хэрэг үнэхээр хэрэг тустай юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өөрийн хоёрдугаар үүрэг болох шашин хоорондын эв нэгдлийг улам батжуулах талаар тайлбарласан юм. Харамсалтай нь зарим хүмүүс шашны талбарт хүмүүсийг “бид” ба “тэд” хэмээн хувааж, улмаар шашныг мөлжлөгө, бусдыг дээрэлхэх, хүчирхийлэх хэрэгсэл болгож байна гэлээ. Тэрээр ертөнцийг бүтээгч Эзэн тэнгэр байх эсэх, мөн үйлийн үрийн онол зэрэг шашны гүн ухааны адил бус үзэл онол байх боловч угтаа бүх шашин энэрэл хайрыг хөгжүүлэх, бусдад тусласны ач тус, бусдыг хорлосны хор уршигийг таниулах зорилготой байдаг гэсэн юм.

Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо
Тус хүрээлэнгийн гишүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Асуулт, хариулт эхлэхэд эхний асуулт нь өдөр бүр хэрхэн сайн хүн байх вэ гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа таны дархлааны систем хүчтэй байхын хэрээр вирус болон халдвараас өөрийгөө хамгаалж чаддагтай адил эрүүл саруул оюун ухаантай байхын хэрээр уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөөс өөрийгөө хамгаалж чадна гэв.

“Бидний оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх ойлголт, мэдлэг их чухал байдаг. Жишээлбэл уур хилэн төрдөг нэг шалтгаан нь айдас юм. Уур хилэн цаашлаад үзэн ядалт болдог. Тиймээс уур хилэнг эрт даруй дарах хэрэгтэй. Уур хилэн аяндаа бий болдог бол энэрэл хайрыг дадлага болгосны үр дүнд хөгжүүлдэг. Уур хилэн хийгээд энэрэл хайрыг харьцуулж үзвэл хэдийгээр уур хилэн энерги хүч өгдөг боловч асуудалд хандах нь сохор байдаг. Биеийн эрүүл ахуй нь эрүүл мэндэд тустай байдгийг бүгд мэддэг, үүнд анхаардаг. Үүнтэй адил сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг ч бид анхаарах хэрэгтэй.”

Старки сонсголын технологийн хүрээлэнд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам асуултанд хариулж байгаа нь. АНУ, МН, Миннеаполис. 2017.06.22. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дараагийн асуулт нь дэлхийн олон дайн тулаан, асуудал бэрхшээл үргэлжилсээр буй энэ үед хэрхэх ёстой вэ гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн хүч хэрэглэх арга зам нь цаг үеэ өнгөрөөсөн, хуучин загвар болохыг маш тодорхой мэдэгдэв. Тэрээр бид бүгд эдүгээ нэг нэгэнтэйгээ харилцан хамааралтай болсон тул яриа хэлцэл хийх арга замаар асууддлыг шийддэг байх хэрэгтэй гэлээ. Тэрээр Европын холбооны үзэл санааг биширдэг тухайгаа яриад мөн сонсогчдод хандан Америк улс чөлөөт ертөнцийг тэргүүлдгийнхээ хувьд энэ цаг үед маш чухал болоод буй ардчилал, эрх чөлөө, тэгш эрх эдлэх байрь сууриа улам хадгалах хэрэгтэй гэсэн юм.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэрэл хайрын тухай хэлэлцүүлэгт оролцоно.
Үзсэн: 1 591
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц