Нигүүлслийн тухай хэлэлцүүлэгт оролцов

7-07-2017, 03:21  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 23

АНУ, Mассачусетс, Миннеаполис - Өчигдрийн бороо орсныг үл санагдуулам тэнгэр цэлмэсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Старки кампус дахь Уиллиам Ф Аустин барилгыг зорилоо. Түүнийг морилон ирэхэд Билл болон Тани Аустин нар тосон авч, өнөөдрийн хуралдааныг удирдах Форест Уитакерыг Далай Ламд танилцуулав.

Нигүүлслийн тухай хэлэлцүүлэгт оролцов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Форест Уитакертай мэндчилж байгаа нь. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23.
эрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Танхимд хүрэлцэн ирсэн улс төрчид, бизнесийнхэн, эмэгтэйчүүд болон Старкигийн ажилчдаас бүрдсэн 250 хүнд хэлэлцүүлгийн оролцогчдыг Тани Аустин танилцууллаа. Түүний нөхөр Билл Аустин маш даруухнаар ажлын гараагаа эхэлж байсан бол өнөөдөр дэлхийн иргэн болсон тухай хатагтай Аустин ярив. Мөн жүжигчин Форест Уитакер нь зөрчилдөөн болж байгаа газрын хүүхдүүдэд тусалдаг бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө тэмцэгч, ЮНЕСКО-гийн сайн санааны элч ажээ. Дээрхийн Гэгээнтнийг тэрээр танилцуулахдаа, энэ танхимд байгаа бүх хүн түүний нэрийг мэддэг учраас тусгайлан танилцуулах шаардлалагүй ч түүний тухай илүү сайн ойлгохын тулд намтар түүхийг нь уншиж үзэхийг зөвлөв.

Форест Уитакер өглөөний хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд морилон ирсэнд нь талархаад, өнөөдрийн дэлхий ертөнцийн зам заагч гэрэл гэгээ хэмээн түүнийг нэрлэсэн хамба лам Десмонд Тутугийн үгнээс эш татлаа. Дараа нь тэрээр хэлэлцүүлэг эхлэхийн өмнө урт амьсгаа авч тайвшрахыг зөвлөөд, нигүүлсэхүй гэдэг үгийг тодорхойлохыг оролцогчдоос хүсэв. Дээрхийн Гэгээнтэн асуултанд эхлээд хариуллаа.

“Нигүүлсэхүй бол бусдын төлөө санаа тавих, өөрөөр хэлбэл амьдралын туршлага, ухаарлын үндсэн дээр бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих гэсэн үг. Бусад хүн бидэнд тусалж, энэрч хайрлахад бид аз жаргал мэдэрдэг шиг бид бусдад тусалж, хэзээд туслахад бэлэн байхад тэр нь хүмүүст баяр баяслыг төрүүлнэ. Бидний сэтгэл нигүүлсэнгүй байх тусам бид ил тод, шударга амьдарч, нуух хаах зүйл үгүй болно. Нигүүлсэхүйн хүчээр бид сэтгэлийн тэнхээтэй, айдас хүйдэсгүй, найз нөхдийн хүрээлэлд байна. Нийгмийн амьтны хувьд бидэнд анд нөхөд хэрэгтэй, анд нөхөдтэй байхад итгэлцэл чухал. Бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьснаар итгэл бэхжинэ.”

Нигүүлслийн тухай хэлэлцүүлэгт оролцов
Билл Аустин болон Форест Уитакер нар Дээрхийн Гэгээнтний айлдварын үеэр. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Нигүүлсэл бидний өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг. Учир нь нигүүлсэнгүй сэтгэлээр амар амгаланг олох тул бидний гайхамшигт оюун ухаан зохих ёсоор ажиллах боломж бүрдэнэ. Харин уур уцаартай байвал бидний шийдвэр дүгнэлт эндүүтэй гарч, бодит байдлыг олон талаас нь харж чадахгүй. Оюун ухаан маань тайван байвал асуудалд цогцоор буюу бодитоор хандаж чадах болно.”

“Миний найз, сэтгэл зүйч, танин мэдэхүйн шинжлэх ухааны эрдэмтэн Аарон Бек уур уцаартай байгаа хүмүүс дээр ажиглалт хийгээд уурлаж буй хүмүүс уур хүргэсэн хүнээ бүхэлд нь харлуулж хардаг гэж байсан. Гэвч түүний 90 хувь нь хувь хүний сэтгэхүйн төсөөлөл байдаг байна. Нөгөө талаас, түрүүний хэлснээ давтан хэлэхэд, нигүүлсэл бидэнд аливаад бодитоор, ухаалгаар хандах боломжийг өгдөг юм.”

Нигүүлсэл бол амьдралыг хүндэтгэх, өөрөөр хэлбэл хамгаалах, тэтгэн авч явах гэсэн үг хэмээн Билл Аустин хэллээ.

Дээр өгүүлсэн зүйлс бусдад өгөх гэсэн ухагдахуунтай холбогдож байна хэмээн Уитакер хэлэв. Зарим хүмүүс өгөхийг бодит зүйл өгөх хүрээнд явцуу ойлгодог ч, инээмсэглэлийн хүчийг дутуу үнэлж огт болохгүй гэж Тереза эх хэлдэг байжээ.

Өгөх гэсэн ухагдахууныг Дээрхийн Гэгээнтэн дөрөв ангиллаа. Хүмүүний амьдралыг хамгаалахуй буюу айдсаас ангижруулах эрх чөлөө өгөх, эд зүйлс өгөх, хайр энэрэл өгөх, заавар зөвөлгөө буюу боловсрол өгөх. Айдсаас ангижрах эрх чөлөө өгөх гэдэг нь бусдын амьдралыг хамгаалах, дэмжих гэсэн үг болохыг Далай Лам тайлбарлаад, үүний нэг жишээ нь Старки сонголын технологийн хүрээлэн хүмүүст илүү сайн сонсоход нь тусалж байгаа явдал гэлээ. Хоёр дахь нь орчин нөхцлийг бүрдүүлэх тухай болно. Харин гурав дахь нь энэрэнгүй сэдлээр, чин сэтгэлээсээ өгөх буюу хариу нэхэх сэтгэлгүйгээр өгөх юм. Дөрөв дэх нь боловсрол бөгөөд хүмүүс боловсролын хүчээр амьдрах хүчтэй болох ёстой. Бие бялдрын хийгээд сэтгэлийн эрүүл ахуйг сахихын тулд сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах тухай мэдэх шаардлагатай.

Нигүүлслийн тухай хэлэлцүүлэгт оролцов
Хэлэлцүүлэг явагдаж байгаа танхим. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Зөв, хүчтэй манллайллыг юу бүтээдэг вэ гэсэн Уитакерын асуултад,

“Манлайлахын тулд ард иргэдийн итгэлийг хүлээх шаардлагатай. Өөрийн зорилгоо бодитоор биелүүлэхийн тулд энэрэнгүй, мөн алсын хараатай байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Билл Аустин хүлээн зөвшөөрөөд, гэхдээ өөрөө үлгэр дууриал болж манлайлах ёстой хэмээн нэмж хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн сэтгэлийн дотоод хүчийг онцлон тэмдэглэж хэлэхдээ, бие бялдрын хийгээд оюун санааны мэдрэхүйн ялгааг тайлбарлалаа. Боловсролыг сайжруулах нэг арга нь сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай ойлголтыг боловсролын тогтолцоонд оруулах явдал юм. Сэтгэлийн тухай, юмс үзэгдлийн харагдах байдал болон бодит байдлын ялгааны талаарх эртний Энэтхэгийн мэдлэг гүн гүнзгий бөгөөд өнөөдөр бидэнд чухал хэрэгтэй байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Нигүүлсэл бидэнд хэрэгтэй шиг аливаад бодитоор хандах нь ч мөн адил хэрэгтэй.

Өглөө босох бүртээ өөрчлөлт шинэчлэлийг хийж чадна гэдгээ ухамсарлахаас гадна хийх үүрэгтэй гэдгээ санаж байхыг Билл Аустин зөвлөлөө.

Нигүүлслийн тухай хэлэлцүүлэгт оролцов
Хэлэлцүүлэг өрнөж байгаа танхим. АНУ, Массачусетс, Миннеаполис, 2017.6.23. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Танхимд суугаа хүмүүс асуулт асуух боломжийг ашиглан хэдэн асуулт тавив. Эхний хүн улс төрд туйлшрал, уур хилэн давамгайлах болсонд олны анхаарлыг хандуулаад тэдгээрээс ангижрах арга замын тухай асуулаа. Дээрхийн Гэгээнтэн түр хугацаанд зочилж байгаа, ямар үйл явдал өрнөж байгааг мэдэх хугацаа байгаагүй учраас энэ асуултад хариулах боломжгүй хэмээн хариулав. Гэхдээ АНУ-ын цөмийн сүр хүч бус, харин ардчилал, эрх чөлөө, тэгш эрхийн үндсэн зарчмаар бахархдаг гэдгээ олон жилийн турш америк анд нөхөддөө хэлсээр ирсэн гэдгээ тэрээр тэмдэглэв. Эдгээр зарчим туйлын чухал бөгөөд бид хүндлэн дээдлэх ёстой зүйл маань мөн.

Дэлхийн нөхцөл байддлыг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуултад шинэ залуу үеийн боловсролыг сайжруулах ёстой хэмээн Далай Лам хариулав.
Брандон Савалич өглөөний хуралдааныг хааж хэлэхдээ, хэлэлцүүлэгт үзэл бодлоо илэрхийлсэн гишүүд, ялангуяа Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийлсэн юм.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Брянт нуурын эрэг дээрх Аустины гэрт Старки компанийн ажилчдын хамт үдийн зоог барив. Зоогийн дараа тэрээр буудал руугаа буцлаа.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Миннесотагийн төвөд иргэдтэй уулзаад, үдээс хойш Бостоныг зорих болно.
Үзсэн: 1 646
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц