“Төвд орохуй” номын айлдварын гурав дахь өдөр

11-10-2017, 18:19  |  Хэвлэх

2017 оны 10 дугаар сар 5.

Энэтхэг, ХП, Дарамсала – Урьдын адил Мангала судар болон Билгүүний зүрхэн судруудыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн номын айлдвараа эхэлсэн юм.

“Сансар орчлонгийн хамаг амьтад аз жаргалтай байхыг хүсдэг. Үүн дотроос энэ дэлхийн хүн төрөлхтөн хэл яриагаар ойлголцдог хэдий ч нэг нэгнээ хорлох гэмт буруу үйлдлийг хийсээр байна. Асар догшин араатан амьтан зөвхөн өлссөн үедээ л бусдад халддаг бол хүмүүс өргөн хүрээг хамарсан дайн зохион байгуулж, тэр нь хэдэн зуунаар үргэлжлэх тохиолдол байна.”

“Төвд орохуй” номын айлдварын гурав дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 6000 гаруй хүн суулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Намайг төрж буй цаг үед дайн тулаан ихэд явагдаж байв. Гэв ч 20-р зууны сүүлээр хүмүүс дайныг эсэргүүцэж эхэлсэн юм. Тэд дайн тулаан хийсний ашиг тус байхгүй гэдгийг олж харсан байна. Дэлхийн II дайны төгсгөлд Япон, Германы дайны хөлд нэрвэгдэж сүйдсэн олон улс орон үүний маш тод жишээ болсон юм.”

“1960 онд би Сингапурт очих үеэр Хятад хуврагийн “Билгүүний зүрхэн” судрыг уншихыг сонсохдоо Хятадад бурханы шашныг хэрхэн үгүй хийснийг эргэн санаж билээ. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж Хятадад 400 гаруй сая хүн бурханы шашныг шүтэж байна. Бусад улс оронд ч шинжлэх ухааны эрдэмтэд тэргүүтэй олон хүмүүс бурханы шашинд юу номлодгийг сонирхон судалсаар байна.”

“Хэдийгээр бид материаллаг хөгжлийг ихэд анхаарч, олон нэр томьёо, арга ухаан сэдсэн боловч дотоод сэтгэлийн амар амгалантай төдийлөн уялдахгүй байна. Учир нь дотоод сэтгэлийн амар амгалан бол зөвхөн сэтгэл оюунаас шалтгаалдаг юм. Өнөөдөр би Хятад ахан дүүс та нарт ном номлосондоо сэтгэл хангалуун байна. Үүний үр дүнд дэлхий дахины энх тайвныг бий болгох дотоод сэтгэлийн өөрчлөлт гарна гэдэгт найдаж байна. Тайван улс эрх чөлөөтэй тул та бүхэн Хятадын бурханы шашны уламжлалыг хадгалан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна.”

Тэрээр номын аман эшийг үргэлжлүүлэн уншихын өмнө Богд Зонховын “Шүтэн барилахуйн магтаал”-ын аман эшийг түгээлээ.

“Төвд орохуй” номын айлдварын гурав дахь өдөр
Номын айлдварт сууж буй хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсон тэмдэглэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Богд Зонхов эхэндээ Лам Умабагаар хэлмэрчлүүлэн Манзушри бурхантай холбогдож байсан боловч хожим Гадонд байхдаа ганцаарчлан уулзсан тухай ярьсан юм. Богд Зонхов Манзушри бурханыг цэнхэр бөмбөлөг дотор байгаагаар харсан ба төв үзлийн талаарх өөрийн мэдэхгүй зүйлүүдээ асуусан байна. Энэ үед Манзушри бурхан түүнд гүн ухааны ном сургаалд улам ихээр суралцах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шүтэн барилдахуйн онол хичнээн чухал болохыг тайлбарлав. Учир нь юмсын мөн чанарыг таньж чадаагүй мунхаг нь доройтол бүгдийн үндэс болдог аж. Хэдийгээр бид аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа ч бидний ёс зүйгүй оюун ухаан зовлон тарьсаар байдаг. Юмсын жинхэнэ мөн чанарыг таниагүйн улмаас өрөг сэтгэл хөдлөлүүд бий болдог. Хайр энэрлийн сэтгэл нь бидний зарим нэг муу сэтгэлийг арилгаж чадах ч шүтэн барилдахуйн онолыг гүйцэд ойлгоогүй цагт зовлонгийн үндсийг арилгаж чадахгүй ажээ.

Эцэст нь тэрээр буддын шүтэн барилдлагын онолыг орчин үеийн шинжлэх ухааны байр сууринаас нотолж болохыг тэмдэглэн хэлсэн юм.

“Төвд орохуй” номын айлдварын гурав дахь өдөр
Номын айлдварын төгсгөлд асуулт хариулт явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Цайны завсарлага өндөрлөсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Төвд орохуй” номыг үргэлжлүүлэн уншиж, аман эшийг үргэлжлүүлэн хүртээсэн юм. Уг номын хоёр дугаар бүлэгт бодьсадвын хоёр дугаар газрын эрдмийн тухай өгүүлсэн бөгөөд гол төлөв сахил санваар, ёс суртахууны тухай номлосон хэсэг байв. Гурав дугаар бүлэгт тэвчээрийн барамидын тухай номлосон байна. Энэ үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уурын хэрхэн тэвчих талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр богино шүлэгтэй дөрөв болон тав дугаар бүлгүүдийг уншиж дууссаны дараа зургаа дугаар бүлгийг уншиж эхлэв. Ингэхдээ зургаа дугаар бүлгийг энэ удаад бүтэн уншиж амжихгүй бол дараагийн удаад уншиж гүйцээх болно хэмээн мэдэгдэв.

Энэ өдрийн номын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш энгийн хүмүүст гэнэн санваар хүртээж, бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэх ба, мөн Цагаан Дарь Эхийн насны авшиг хүртээнэ хэмээн мэдэгдлээ.
Үзсэн: 1 298
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц