Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав

4-04-2018, 13:18  |  Хэвлэх

2018 оны 3 дугаар сар 30

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн 150 гаруй хүмүүсийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтыг эхлэхдээ “Хүндэт ахан дүүс минь, та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн 50 нь Мексик, Колумб, Аргентин, Чилийн, тэдний 4 эмэгтэй хувраг нь Мексикийн буддын төвөөс хүрэлцэн ирсэн байлаа. Бусад 90 гаруй хүмүүс Дарамсала дахь Түшида бясалгалын төвөөс зохион байгуулж буй Төвөдийн бурханы шашныг таниулах 10 өдрийн богино хэмжээний сургалтанд хамрагдаж буй хүмүүс ажээ.

Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.30. Гэрэл зургийг Дамчой
“Энэхүү гариг дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүмүүс бүгд сэтгэл хөдлөл, бие махбодь, оюун санаа аль ч талаасаа адилхан билээ. Бид эхээс адилхан төрж, эхийн хайр ивээлээр өсөж өндийсөн. Хүмүүс бид нийгмийн амьтад бөгөөд хайр энэрлийн сэтгэл биднийг холбож байдаг.”

“Шинжлэх ухааны эрдэмтэд хэлд ороогүй хүүхдүүд дээр туршилт явуулсны үр дүнд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг нотлосон байна. Нөгөөтэйгүүр байнгын уур хилэн, атаа хорсол нь бидний дархлааны системийг дарангуйлж, харин илүү энэрэнгүй байж чадвал бидний бие махбодь, сэтгэл санааг амар тайван байх боломж бүрддэг.”

“Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан боловч дэлхийн олон газарт хүмүүс тухайн нутгийн цаг агаар, хэл соёл, зан заншлаас үүдэлтэй амьдралын адил бус олон хэв маягаар амьдарч байна.”

“Дэлхийн олон газарт нэлээдгүй их хөгжил дэвшил явагдсаар байгаа боловч энэ цаг үед шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэгдэж, асар энгийн заавар бүхий хүнийг егүүтгэх зэр зэвсэг, түүний үйлдвэрүүд ажилсаар байгаа нь ёс суртахуун дутагдсаны үр дагавар юм. Нөхцөл байдал ийм байгаа тул бид бүгдээрээ, хүн төрөлхтний нэгэн хэсэг болохын хувьд илүү амар тайван, аз жаргалтай хүн төрөлхтөн, амар тайван гариг дэлхийг бий болгохын төлөө үүрэг хүлээх хэрэгтэй байна.”

Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн дэлхийн томоохон бүх шашинд асар хүндэтгэлтэй ханддаг гэдгээ тэмдэглэн хэллээ. Тэрээр шашныг ялгахдаа үзэл онолын түвшинд буюу жишээлбэл, бурханы шашны хувьд үйлийн үрийн онол, хувь хүнээс өөрийн үйл хэрэгтээ хариуцлага хүлээх чадварыг шаарддаг бол бусад олон шашинд бүтээгч Эзэн тэнгэрт итгэх сүсэг бишрэлийг чухалчилдаг болохыг тайлбарласан юм.

Дэлхийн олон орны хүмүүстэй уулзав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон орноос ирсэн хүмүүстэй уулзав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.03.30. Гэрэл зургийг Дамчой
Бурханы шашны хувьд Бурхан Багш өөрийн гэрээ орхин гэгээрлийн төлөө тэмүүлсэн бөгөөд ингэхдээ тэрээр ёс суртахуун, билиг оюун, самади бясалгалын гурван аргыг чухалчилжээ. Эдгээр нь оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ юмс үзэгдэл үзэгдэж буй шигээ байхгүй гэдэг ойлголтыг өгсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа өнөөгийн бурханы шашинтан болохыг хүсч буй хүн 21-р зууны буддист буюу дан ганц сүсэг бишрэл дээр суурилах бус мэдлэг оюунд суурилсан буддист болох ёстой гэдгийг онцлов.

Олон газарт үндэсний үзэл нэлээдгүй газар авч байгаа талаар асуусанд тэрээр бид бүгдэд энэ гариг дэлхий дээр хамтран амьдрах шаардлага зайлшгүй байгааг дурдлаа. Дэлхийн эдийн засаг ямар нэгэн улс орны хил хязгаарт автахгүй болсон, цаг уурын өөрчлөлтөнд бүх хүн төрөлхтөн анхаарал хандуулах цаг ирсэн гэдгийг хэлэв. Бид ирээдүйг өргөн хүрээнд харж, үндсэрхэг хувийн үзлийг бодит бус бөгөөд ахархан, цаг үеэ өнгөрөөсөн үзэл гэж харах хэрэгтэй хэмээн зөвлөв.

Эцэст нь Дээрхийн Гэгээнтнээс “Оюун судлахуйн Найман Бадаг” номын аман эш хүртээхийг хүссэнд тэрээр төвөд хэлээр уншиж өгөв. Үүний зэрэгцээ “Бодьсадвын явдалд орохуй” номыг үзэж судлахыг зөвлөснөөр энэ өдрийн уулзалт өндөрлөв.
Үзсэн: 973
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц