Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт

12-09-2018, 04:57  |  Хэвлэх

2018 оны 8 дугаар сар 8

Энэтхэг, Гоа, Бамболин – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам далайн эрэг дээрх буудлаасаа эртлэн гарч 35 км-ийн алсад орших Санкелим дэх Гоа Менежментийн их сургуулийг зорин хөдөллөө. Тус их сургууль нь 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд улсдаа бизнесийн чиглэлийн тэргүүлэх сургуульд тооцогддог, бүрэн хөтөлбөрийн 672, хагас хөтөлбөрийн 90 оюутантай, тэдгээрийн 42 хувь нь эмэгтэй оюутан ажээ.

Тэнгэрт борооны зузаан үүл хуралдаж, зүлэг мод гүн ногоон өнгөөр туяарсан энэ л өдөр цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа үр дүнтэй арга хэмжээний ачаар зам түгжрэлгүй байв.

Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд сургуулийн захирал Ажит Парулекар, удирдах зөвлөлийн тэргүүн Ашок Чандра нар угтан авч, индрийн зүг дагалдан явлаа. Түүнийг индэрт гаран ирэхэд хурсан олон халуун алга ташилтаар мэндчилэв. Тэрээр уламжлалын дагуу нээлтийн гал асаах ёслолд оролцов.

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкелим дэх Гоа Менежментийн их сургуулийн индэр дээрээс хурсан олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Их сургуулийн нэрийн өмнөөс УЗ-ийн тэргүүн Ашок Чандра хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдний урилгыг хүлээн авч морилон ирсэн нь сургуулийн хувьд нэр төрийн хэрэг боллоо хэмээв. Тэрээр мөн 25 жилийн өмнө сургуулийг байгуулсан гэгээн эцэг Ромуалд д’Соуза-д талархал илэрхийлээд, үүсгэн байгуулагчдын дэмжлэг байгаагүй бол өнөөдөр ГМИС байхгүй байх байсныг цохон тэмдэглэлээ. Тус сургууль нь “Би хэн бэ?”, “ Миний үнэ цэнэ юунд орших вэ?” гэсэн асуултыг тавьдаг учраас тэр өөрийн сургуулийг онцгой хэмээн итгэдэг гэлээ. Ёс зүй болон хүний үнэт зүйл ГМИС-ийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээрээр амьсгалж, оюутан сурагчиддаа хэвшүүлэхийг эрмэлздэг ажээ.

ГМИС нь МТИС дахь Ёс зүй ба хувьсан өөрчлөгдөх үнэт зүйлийн төлөөх Далай Ламын сан (ДЛТ) хамтран ажиллах болсныг сургуулийн захирал Ажит Парулекар бахдан тэмдэглээд, энэхүү үйл ажиллагааны үр дүнд тус сургуульд ёс зүйн сургалт явуулах ажил эрчимжиж байгаа хэмээв. ДЛТ-ийн ламтан Тэнзин Приядарши өнөөдрийн арга хэмжээнд оролцож чадаагүйдээ хүлцэл өчсөнийг тэрээр уламжиллаа. Дээрх хамтын ажиллагааны зорилго нь ёс зүй болон бусдыг энэрэх тухай ойлголтыг хэвшүүлэх шинэ стандартыг тогтоох, тэдгээрийг иргэний нийгмийн бүхий л харилцаанд нэвтрүүлэхэд оршино. Үүний тулд тодорхойгүй, хувирамтгай өнөөгийн дэлхий дахинд хариуцлагатай манлайлал шаардлагатай байгаа бөгөөд ГМИХ зохих хувь нэмрээ оруулах боломжтой билээ. Ёс зүй, сэтгэлийн тухай ойлголт, юмс үзэгдлийг зөв таньж ойлгуулахыг гол болгосон ДЛТ-ийн хөтөлбөрийг Гоа-гийн сургуулиудад нэвтрүүлэх ажлыг ГМИС хянах болно гэдгийг захирал мөн хэллээ.

Гэгээн эцэг Ромуалд д’Соуза Дээрхийн Гэгээнтэнд хандан хэлэхдээ, тус сургууль анхнаасаа бизнесийн хөтөлбөртөө ёс зүйн хичээлийг оруулсан гэв. Мөн тус сургууль нь нигүүлсэхүй, өршөөл, энэрлийн тухай ойлголт өгч тархи болон сэтгэлийн боловсрол олгохыг зорьж байгаа хэмээн тэрээр нэмж хэллээ.

Яриагаа эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эцэг Ромуалд д’Соузагаас нас сүүдрийг нь сонирхож, 93 настайг нь сонсоод бишрэн хүндэтгэлээ. Тэрээр түүнээс 10 дүү гэдгээ хэлэв.

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гоагийн Менежментийн их сургуульд яриа хийж байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа! Та бүхэнтэй бодол санаагаа хуваалцахаар энд ирсэндээ би туйлын баяртай байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

Тэрээр хурлын танхимын ханан дээрх “ГМИС дээр сурах үйл ажиллагаа хэзээ ч үл зогсоно” гэсэн уриаг хараад, сурах нь бидний сэтгэл оюунд нааштай нөлөө үзүүлдэг учраас маргааш үхэх байсан ч өнөөдөр сур хэмээн сургасан төвөдийн эрдэмтний үгээс эш татав.

“Бид мэдрэхүйн эрхтэний түвшинд ухамсартай байж болох ч, мэдлэгийг оюун ухаанаараа олж авдаг. Тиймээс оюун ухамсарт анхаарал хандуулах нь чухал. Биднийг сэрүүн байхад давамгайлдаг мэдрэхүйн эрхтэний мэдээллээс илүү гүн түвшний ухамсрыг хөгжүүлэх шаардлагатай байна. Мэдрэхүйн эрхтэнд гаднаас нөлөөлж, анхаарал сарниулах зүйл байдаггүй зүүд нойрны үед ухамсар нарийн түвшинд оршдог. Гүн нойронд ухамсар бүр нарийн түвшинд байх ч, хамгийн нарийн ухамсар үхлийн үед илэрдэг. Ухамсрын энэ нарийн түвшинг хөгжүүлсэн хүмүүс үнэхээр байдаг бөгөөд тэдний бие клиник үхлийн дараа ч хэсэг хугацаанд мууддаггүй юм. Энэ үзэгдлийн учрыг олохоор эрдэмтэд судалж байгаа.”

“Мэдрэхүйн түвшний ухамсар нь таатай зүйл харах, сонсох, үнэрлэх, амтлах, бэлгийн харилцаанд орох зэрэг биеэр хүртэх үйлдэлтэй холбоотой. Гэвч уур хилэн, хайр энэрэл нь мэдрэхүйгээр хүртээгддэг мэдрэмж биш билээ. Тэдгээр нь сэтгэлийн түвшний мэдрэмжүүд юм. Өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг зорилго болон мэдрэхүйн мэдээлэлд илүү анхаарал хандуулж байна. Хэдийгээр бүх шашин хайр, тэвчээр хийгээд бусад зүйлийг номлодог ч, амар амгалан сэтгэл болон дүн шинжилгээний үндсэн дээр таньж мэдэх ойлголтыг хөгжүүлсэн олон зуун жилийн туршлага Энэтхэгт байгаа бөгөөд эдгээр нь сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэг юм.”

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Сэтгэлийн хямрал нүүрлэсэн өнөөгийн дэлхий ертөнцөд энэ мэдлэг шаардлагатайгаас гадна үнэ цэнэтэй байна. Хүн төрөлх мөн чанартаа энэрэнгүй гэдгийг нотолсноо эрдэмтэд хэлж байна. Нялх багад эхийн хайр энэрэл байгаагүй бол бид эсэн мэнд өсч торнихгүй байсан бөгөөд тэр л хайраар энэрэнгүй сэтгэл нөхцөлдөн буй болдог. Байнгын уур хилэн, айдас хүйдэс хүний дархлааны тогтолцоог сүйтгэдэг, харин энэрэнгүй сэтгэл дархлааг дэмждэг гэдгийг эрдэмтэд мөн батлаад байна.”

“Хүмүүс бид нийгмийн амьтад. Энэрэл хайрын үр дүнд хүн найз нөхдөөр хүрээлүүлж, бусадтайгаа хамтдаа байдаг бол уур хилэн хүмүүсийг хагаралдуулдаг.”

“200 жилийн өмнөх боловсрол нь шашны байгууллагын ажил байсан бөгөөд тэд сүсэгтнүүддээ ёс суртахууны хүмүүжил олгох үүрэг хариуцлага хүлээдэг байсан. Боловсролын болон шашны байгууллагууд салснаас хойш энэ үүрэг хариуцлага эзэнгүйтсэн байна. Сэтгэлийн амар амгалангаа олоход ёс суртахууны зарчим зайлшгүй шаардлагатай учраас ёс суртахуун боловсролын салшгүй хэсэг байх ёстой. Орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн сэтгэл судлалын мэдлэгтэй хослуулж чадах нь гагцхүү Энэтхэг орон гэдэгт би итгэдэг.”

Энэ агуу мэдлэг Энэтхэг оронд үүсч хөгжсөн ч, цаг хугацааны уртад мартагдсаныг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэмдэглэн хэлэв. Гэвч Наландагийн уламжлалыг өвлөж авсны хувьд төвөдүүд энэ мэдлэгийг хадгалж, түүгээр ч үл барам төрөлх нутагт нь эргүүлэн авчирсан байна. Сэтгэл хийгээд сэтгэл хөдлөл, учир шалтгааны тухай эртний Энэтхэгийн мэдлэгийг эх оронд нь сэргээх нь төвөдүүдийн оруулах хувь нэмэр болно хэмээн тэрээр хэллээ. Шинэчлэгдэн байгуулагдсан шашны их сургуулиудад, ялангуяа Карнатакийн сургуулиудад 10,000 гаруй лам хувраг эрдэм мэдлэг түгээх ажилд суралцаж байгааг Далай Лам дурдав. Тэдгээрийн ихэнх нь англи, хинди, каннада, мөн төвөд хэлээр харьцах чадвартай болж байна.

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлж байгаа нь. Энэтхэг, Гоа, 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хилийн чинадад байгаа энэтхэгчүүдэд хандан тэрээр дивали болон бусад фестиваль арга хэмжээнүүддээ бусад үндэстнийг урьж оролцуулан, тэдэнд энэтхэгийн уламжлал болох ахимса буюу хүч үл хэрэглэх зарчмын талаар ярьж байхыг уриаллаа. Түүнчлэн дэлхийн хамгийн их хүн амтай ардчилсан орны хувьд Энэтхэг олон шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж болдгийн үлгэр дууриалыг дэлхий дахинд таниулах ёстой хэмээн нэмж хэлсэн юм.

“Бид сэтгэлийн сөрөг хандлагаа дарж чадвал сэтгэлийн амар амгаланг олж чадах бөгөөд 21 дүгээр зууныг энх тайвны эрин үе болгох бидний зорилго биелэгдэшгүй зүйл биш болно. Хүндрэлтэй асуудлыг хүчээр биш, харилцан ярилцах аргаар шийдэх арга замыг хайх хэрэгтэй. Тиймээс цэрэг зэвсгээс ангижрах нь цөмийн зэвсгийг устгах лугаа бас нэг зорилго маань байх болж байна. Эн тэргүүнд дотоод сэтгэлдээ зэвсэггүй болсны үндсэн дээр дээрх бүх зорилгод хүрч чадна.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн танхимаас тавьсан асуултуудад хариулсан бөгөөд эхний хүн, эртний Энэтхэгийн мэдлэгийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар асуув. Тэрээр хариулахдаа, сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай ойлголтыг зөв, учир шалтгааны үүднээс судлахыг зөвлөлөө. Дээрхийн Гэгээнтэн Америкийн хоёр хотын жишээг эш татсан бөгөөд нэг нь нигүүлсэхүйн хот, нөгөөх нь хүнлэг сэтгэлийн хот хэмээн зарласан байна. Хүнлэг сэтгэл, нигүүлсэхүй дээр төвлөрсөн бодлого болон хөтөлбөрийн үр дүнд дээрх хоёр хотын оюутнууд хүчирхийллийн арга барилаас илэрхий татгалзаж, илүү бусдад туслах хандлагатай болсон ажээ.

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох тухай асуултад, тулгарч байгаа асуудлуудыг илүү цогцоор нь харж сурахыг Далай Лам зөвлөлөө. Асуудлыг зөвхөн нэг өнцгөөс харвал дааж давшгүй мэт харагдах бол өргөн утгаар харвал асуудал шийдэгдэж болохуйц нь харагдана. Тэрээр 8-р зууны Энэтхэгийн их сэтгэгч Шинтидевагийн “Залруулж болох тохиол аваас уурлаж ундууцахын хэрэг юун, залруулж болшгүй тавилан аваас уурлаж ундууцлаа ч нэмэр юун” хэмээн хэлсэн үгийг эш татав.

Айж эмээж байсан түүхээсээ ярихыг хүсэхэд, Дээрхийн Гэгээнтэн 1959 оны 3-р сарын 17-ны өдөр Лхасаас зугтаан гарсан тухайгаа ярилаа. Хятадын коммунистуудтай үг хэлээ олох түүний оролдлого бүтэлгүйтсэний улмаас Лхасыг орхин явахаас өөр арга зам үлдээгүй ажээ. Гэхдээ зугтахын тулд харанхуйд Хятадын цэргийн баазын хажуугаар өнгөрч, нэгэн том голыг гатлах ёстой байсан байна. Тэрээр маргаашийн өдрийг харах эсэхээ мэдэхгүй байсан учраас их айж байжээ. Эхний давааг давсны дараа л түүний айдас багассан байна.

“Хятадын коммунистууд зэр зэвсэг, цэргийн хүчинд дулдуйддаг. Харин төвөдүүдийн хүч чадал итгэлд суурилдаг. Зэр зэвсгийн хүч түр зуурынх байдаг бол үнэний хүч мөнхөд оршино.”

Танхим халуун алга ташилтаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг дэмжлээ.

“Бид Төвөдийн асуудлыг НҮБ-д тавьсан. АНУ Төвөдөөс болж Хятадтай дайн хийхгүй, эрт орой хэзээ нэгэн цагт Хятадуудтай яриа хэлэлцээр хийх шаардлагатай болно хэмээн Неру надад хэлж байсан. 1974 оноос хойш бид тусгаар тогтнолыг эрэлхийлэхээ больсон юм. Энэ нь өнгөрснийг үгүйсгэж байгаа хэрэг биш. 7, 8, 9 дүгээр зуунд Хятад, Монгол, Төвөдийн эзэнт гүрнүүд цэцэглэн хөгжиж байсныг Хятадын түүхэнд тэмдэглэн бичсэн байдаг. Үндэсний явцуу эрх ашгаас нийтийн ашиг сонирхлыг дээгүүр тавьдаг Европын Холбооны үзэл санааг би бишрэн шүтдэг. Энэ утгаар Хятадын үндсэн хуулийн хүрээнд бидний эрх хамгаалагдаж чадаж байвал БНХАУ-ын эгнээнд үлдэх нь бидэнд ашигтай байж болох юм.”

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танхимаас тавьсан асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сэтгэлийн сөрөг хандлагын улмаас буруу шийдвэр гаргахаас хэрхэн зайлсхийх тухай асуултад, нөхцөл байдлыг цогцоор харж дүгнэхийг тэрээр дахин зөвлөлөө. Асуудлын шийдлийг олох хариуцлага танд оногдож байгаа нь маш чухал. Та нөхцөл байдлыг нухацтай тунгаасны эцэст шийдвэр гарган, түүнийгээ хэрэгжүүлэх ёстой.

Мунхагийн харанхуй, ялангуяа юмс үзэгдэл бодит байдал дээр хэрхэн бий болдог талаарх ташаа ойлголтоос үүдэн сэтгэлийн сөрөг хандлага төрж эхэлдэг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Юмс бие даасан, өөрийн бодит чанараар оршиж буй мэт харагддаг ч, тэд бүгд харилцан шүтэлцээтэй байдаг гэдгийг ойлговол сэтгэлийн сөрөг хандлагад бага автагдана.

Далай Лам хэмээн өргөмжлөгдөх үед түүний бодол ямар байсан бэ гэсэн асуулт сүүлчийнх байв. Төвөдийн засгийн газрын төлөөлөгчид ирэх тэр өдөр ээж нь энэ тухай хэлэхэд сэтгэл маш их хөдөлсөн хэмээв. Тэдгээр хүмүүсийг угтан гүйж, өмнөх насныхаа зарим зүйлсийг таньсан байна.

Эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийн ач холбогдол өнөөгийн Энэтхэгт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Гоа, Санкелим. 2018.08.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Ирээдүйн Далай Ламын тухайд тэрээр дараагийн XV Далай Лам байх эсэхийг Төвөдийн ард түмэн шийднэ гэдгийг аль 1969 оноос хангалттай хэлж байгаа хэмээн тэр хэллээ.

“Одоогийн өдөр тутмын амьдралаа утга учиртай байлгах нь миний хариуцлагын асуудал. Дараах залбирлыг би удирдлага болгодог:

Орчлон хорвоо оршин буй цагт
Хамаг амьтан амьд буй үед
Бусдын зовлонг нимгэлэхийн тулд
Би бээр амьд байх болтугай


“Энэ зөвөлгөөг дагахдаа би итгэл төгс байдаг. Хувь хүн өөрчлөлт хийж чадна. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Миний өнөөдөр ярьсан хэлсэн зүйлийг хэрэгтэй гэж үзвэл найз нөхөдтэйгөө хуваалцаарай, ингэж үзэл санаа түгдэг. Хэрвээ сонирхолгүй гэж үзвэл зүгээр л мартаарай. Та бүхэнд баярлалаа.”

Танхимд цугласан олон халуун алга ташилт илгээлээ.

Энэхүү арга хэмжээг амжилттай болгоход хувь нэмрээ оруулсан бүх хүнд сургуулийн захирал талархал илэрхийлэв.
Үзсэн: 1406
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц