Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт

13-09-2018, 11:35  |  Хэвлэх

2018 оны 8 дугаар сар 11

Энэтхэг, Карнатака, Бангалор – Эртний Энэтхэгийн уламжлал, тэр дундаа буддын шашныг сэргээхийг үүрэг зорилгоо болгосон, саруул ухааны гэрэл гэсэн агуулга бүхий нэртэй Видяалоке байгууллагын урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуу мэргэжилтнүүд, оюутнуудтай өнөөдөр уулзлаа. Түүнийг танхимд орж ирэхэд Энэтхэгийн үндсэний уламжлал ёсоор цэцэг, хүж барин, хөгжмийн эгшигээр угтан авав. Тэрээр арга хэмжээг нээж галын ёслол үйлдэв. Веер Сингх Видяалокегийн дэмжигчдэд хандан товч үг хэлж арга хэмжээг нээлээ.

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам арга хэмжээг нээж галын ёслол үйлдэжж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Ахан дүүс нар аа! Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд адил чанартай гэж би үздэг учраас та нартай ийнхүү мэндчилж байгаагаа онцлон хэлэхийг хүсч байна. Хэрвээ бид амар тайван иргэдтэй, амар амгалан дэлхий ертөнцийг бүтээхийг хүсч буй бол бид бусдын төлөө гэсэн энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой. Энэ сэтгэлийн ачаар бид сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй болно. Хэрвээ та бусдын төлөө гэсэн сэтгэлгүй, өөрийгөө ертөнцийн төв гэж үзэх аваас та бусдыг баруун, зүүнгүй хардаж сэрдэх болно. Хичнээн боловсролтой, хичнээн хөрөнгөтэй байлаа ч, та сэтгэлийн амар амгаланг үл олж, аз жаргалтай байж чадахгүй.”

“Буддын номыг хэрэгжүүлэгч, Наландагийн уламжлалыг дагагч бидний гол үйл бол хамаг амьтны сайн сайхны төлөө анхаарал тавьж, бодь сэтгэлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө бид залбирдаг ч, өөр гариг ертөнц дээр байгаа амьтдын төлөө бидний хийж чадах зүйл хомс. Бидний энэ гариг дээр ч тоо томшгүй олон шавьж, шувууд, амьтад байна. Гэтэл бид тэднийг зааж сургаж чадах билүү. Бодит утгаараа хүмүүс бид хэл яриатай, хоорондоо харилцаж, туршлагаа хуваалцах боломжтой учраас бид хүмүүст т л илүү тусалж чадна.”

“Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж буй байгалийн гамшигаас гадна бид асар их хүнд асуудалтай тулгарч байгаагийн ихэнхийг бид өөрсдөө бий болгосон байдаг. Нийгмийн амьтад болохын хувьд бидний эсэн мэнд үлдэх нь бусдаас хамааралтай. Дэлхийн бүх шашин сэтгэлийн амар амгаланг бий болгож, хайр энэрэл, сайхан сэтгэл, хувийн сахилга батыг төлөвшүүлэх чадвартай. Тиймээс шашны нэрийн өмнөөс, зарим тохиолдолд шашин нэгтнүүд зөрчилдөж, тэр бүү хэл бие биенээ хөнөөж байгаа нь санаанд багтамгүй явдал мөн.”

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуу мэргэжилтнүүд болон оюутнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, баян ядуу гэсэн хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их ач холбогдол өгч байгаа үед хүмүүс бид бүгд мөн чанартаа адилхан гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Бид оюун ухаанаараа ч, сэтгэл санаагаараа ч, бие махбодиороо ч адилхан, иймээс би хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгуулах ажлыг өөрийн эн тэргүүний үүрэг гэж боддог.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх үүрэг өөртөө хүлээснээ тайлбарлаад, Энэтхэгт дэлхийн томоохон шашнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж байгааг хараад бахдан биширдэг хэмээв.

Тэрээр төвөд хүний хувьд Төвөдийн ард түмний өмнө хариуцлага хүлээдэг бөгөөд ихэнх төвөд хүн түүнд итгэл найдвар тээж явдаг ажээ. Гэхдээ Далай Лам 2011 оноос хойш өөрийн улс төрийн үүрэг хариуцлагаа сонгуулиар сонгогдсон удирдлагад шилжүүлсэн юм. Төвөдийн улс төрийн байгууллагуудад шинэчлэл хэрэгтэй, цөөнхийн гарт хэт их эрх мэдэл төвлөрч байгааг хүүхэд байхаасаа ойлгосон гэдгээ тэрээр дурсав. 1952-1953 оны үед Далай Лам шинэчлэлийн хороог байгуулсан боловч хятадууд аливаа шинэчлэлийг өөрсдийн арга замаар хийхийг хүссэн тул тус хороо тийм ч их ажил амжуулж чадаагүй ажээ. Цагаачилсны дараа 1960 онд төвөдүүд ардчилал руу шилжих анхны алхмуудаа хийх боломжтой болсон байна.

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсч байгаа залуучууд. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Өөр нэг үүрэг бол Төвөдийн хэл, соёлыг хамгаалах явдал болоод байна. Бидний хадгалж ирсэн Наландагийн уламжлал нь учир шалтгааны ухаанаар судалж, дүн шинжилгээ хийхэд ач холбогдол өгдөг. Бурхан Багш өөрөө шавь нартаа хандаж, түүний сургаалийг сохроор бус, харин шинжилж судалсны үндсэн дээр дагахыг зөвлөсөн юм. Тиймээс ч хутагт Нагаржуна болон түүнийг залгамжлагчид Бурхан Багшийн зарим сургаалийг шууд утгаар нь ойлгож болохгүй, тэдгээрийг тайлбарлах шаардлагатай гэж үзсэн байна.”

Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлсэн ловон Шантаракшита, түүний шавь ловон Камалашила нар гүн ухаан, учир шалтгааны ухаанд мэдлэг чадвар төгс хүмүүс байсныг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Үр дүнд нь учир шалтгааны ухаан анхнаасаа Төвөдийн буддизмын салшгүй хэсэг болсон байна. Мөн Шантаракшита гэгээний дэмжлэгээр төвөдүүд буддын ном судруудыг санскрит хэлнээс төвөд хэлнээ орчуулж эхэлсэн ажээ. Энэ ажлын явцад төвөд хэл шинэчлэгдэж, баяжиж, төгс болсон учраас төвөд хэл өнөөдөр буддын сэтгэлгээг хамгийн сайн илэрхийлж чадах хэл болоод байна гэв.

Төвөдийн байгаль орчинд тэрээр мөн санаа зовниж байгаагаа илэрхийлээд, Төвөдийн өндөрлөгөөс Азийн томоохон голууд эх авдгийг санууллаа. Байдал энэ янзаараа удвал уул нуруудын цас багассанаар цэвэр усны огцом дутагдалд орох ажээ.

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хийж байгаа уулзалтын танхим. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Миний дөрөв дэх буюу сүүлийн үед өөртөө хүлээгээд буй үүрэг бол эртний Энэтхэгийн агуу их мэдлэг, тухайлбал сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай ойлголтыг сэргээн дэлгэрүүлэх явдал юм. Өнөөгийн Энэтхэг хүмүүс сэтгэлийн асуудалд тэр бүр анхаарал хандуулахгүй байна. Хүн бүрт сэтгэлийн сөрөг хандлагаасаа хагацах арга зам хэрэгтэй. Бие махбодийн эрүүл ахуйг сахиснаар бид эрүүл явдаг бол сэтгэлийн эрүүл ахуйг зохих түвшинд барьж, сэтгэлийн зовлон, сөрөг хандлагаа дарснаар бид оюун санаагаараа эрүүл саруул байж чадна.”

“Орчин үеийн боловсрол материаллаг зорилгод чиглэсэн учраас амьдралын материаллаг хэв загвар руу хүмүүсийг хөтөлж байна. Ийм маягаар хүмүүжсэн хүмүүс сэтгэлийн сөрөг хандлагаа хэрхэн дарахыг мэдэхгүй байна. Хэрвээ орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн мэдлэгтэй хослуулбал хүмүүс эр зоригтой, өөртөө итгэлтэй, ил тод үйлдэл хийдэг болох нь дамжиггүй.”

Дээрхийн Гэгээнтэн танхимаас тавьсан асуултад хариулахын зэрэгцээ багш хүн амжилттай ажиллахыг хүсч байгаа бол сурагчдынхаа насан туршийн сайн сайхны төлөө санаа тавьдаг байх ёстой хэмээн зөвлөв. Багш хүн үйл хөдлөлөөрөө сайхан сэтгэлийн үлгэр дууриаллыг шавь нартаа үзүүлэх хэрэгтэй. Шавь нартаа ямар тарни зааж өгвөл зохилтойг асуусан багшийн хүсэлтэд оюун ухааны бурхан болох Манзушри бурханы тарни “Ум ара база на ди” –г санал болголоо.

Энэтхэг – Төвөдийн харилцааны талаар тэрээр дурдахдаа, 15-р зууны их сэтгэгчийн хэлсэн “Цастын орон цав цагаан цастай хэрнээ Энэтхэгээс номын гэрэл тусахыг хүртэл харанхуй байсан” гэх үгийг эш татлаа.

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам залуучуудын асуултад хариулж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Хинду шашныг эсэргүүцэх үзэл дээр буддизм үүссэн үү хэмээн түрүүчийн асуулт тавьсан хүн асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, шашны энэ хоёр уламжлалд ёс зүй, төвлөрөл, гүн ойлголт гэсэн гурван нийтлэг ойлголт байдаг. Энд Бангалорт нэгэн свамитай энэ талаар ярилцаж байснаа тэрээр дурсаад, атман ба анатман дээр дээрх хоёр уламжлал өөр өөр байр суурьтай болохыг тайлбарлав. "Та атманд итгэдэг, би анатманд итгэдэг, юунд итгэх нь хувь хүний сонголт" хэмээн свамид тэрээр хэлсэн ажээ.

“Уур хилэнг хэрхэн дарах тухай нилээд хүн асуусан байна. Хүн уурлах үедээ асуудлыг шийдэх шийдэл олоход бэрхшээлтэй байдаг. Түүнчлэн зөвийг буруугаас салгаж ойлгох бүр ч хэцүү.”

Тэрээр Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” ном олон хэл дээр орчуулагдан гарсан тул уншихыг зөвлөлөө. Номын 6, 8-р бүлэгт уураа хэрхэн дарах, өөрийгөө гэсэн явцуу үзлээс хэрхэн салах тухай тайлбарласан байдаг ажээ.

Байгаль экологийн асуудалд санаа зовсон бяцхан хүүг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 21-р зууны төлөөлөл, дэлхийн ирээдүй гэлээ. Байгаль экологийг хамгаалах алхамуудыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлбэл 30, 40 жилийн дараа дэлхийн өнгө төрх сайжирсан байх биз ээ хэмээн нэмж хэлэв. Зэр зэвсэг, түүний дотор цөмийн зэвсгээс ангижрах нь эрхэм зорилго боловч үүний тулд дотоод сэтгэлдээ зэвсэггүй байх ёстой гэлээ.

Видяалокегийн залуу мэргэлжилтнүүд, оюутнуудтай хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа хүү. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тус хотод олон хүн мэдээллийн технологийн компаниудад ажилладаг учраас технологи нь хүний сэтгэл оюунаас эхтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Технологи үр ашигтай байх ёстой, хүн тэдгээрийг хянах ёстой гэдгийг санаж явах нь туйлын чухал.

Сүүлчийн асуулт амьдралын утга учрын тухай байлаа. “Аз жаргалтай байж, баяр баяслыг хүртэх явдал” хэмээн Дээрхийн Гэгээнтэн товч хариулав. Амьдралд баталгаа байдаггүй ч, бид итгэл найдвар тээж амьдардаг. Итгэл найдвар алдагдвал бидэнд юу ч үлдэхгүй. Тиймээс амьдралын утга учир аз жаргалыг олоход оршино хэмээн хэлснээр өнөөдрийн уулзалт өндөрлөсөн юм.
Үзсэн: 10 712
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц