Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

19-09-2018, 12:31  |  Хэвлэх

2018 оны 9 дүгээр сар 13

Швейд, Малмо –Хоёр өдөр дараалсан бүрхэг тэнгэр, үргэлжилсэн борооны эцэст өнөөдөр тэнгэр цэлмэж, Дээрхийн Гэгээнтний буусан буудлын эргэн тойрон болон далайн эргийг нар дулаан элчээрээ ээлээ. Скандинавын орнуудад ажиллаж амьдарч байгаа 100 орчим төвөд хүн, Төвөдийг дэмжих бүлгийн 60 орчим хүнтэй хийх уулзалтаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдрийн ажлаа эхлүүлэв. Тэрээр суудлаа эзлэхийн өмнө наргиан хийж, эхний эгнээний хүүхдүүдтэй хэсэг зуур тоглов.

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын өмнө хүүхдүүдтэй тоглож байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Цэдэн Самдуб
“Уржигдар би Швейдэд газардах үед нилээд ядарсан тул шүршүүрт ороод 12 цаг унтсан байв. Надад олон ном заасан Тагдак ринбочэ 70 гаруй настайдаа хангалттай нойр авч чадахгүй байна гэж гомдоллодог байж билээ. Надад ийм асуудал байдаггүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

“Би төвөдүүд болон Төвөдийн анд нөхөд та бүхэнтэй уулзахдаа туйлын баяртай байна. Төвөдийн үйл хэрэг нь шударга ёсны төлөө учир Төвөдийг дэмжигчид зөвхөн Төвөд бус, мөн шударга ёсны төлөө тэмцэгчид гэдгийг би байнга онцлон тэмдэглэдэг. Бид хүч үл хэрэглэх зарчмын үндсэн дээр тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Бид 1974 оноос тусгаар тогтнол гэж шаардахаа больсон ч Төвөдийн автономит бүс төдийгүй бусад бүс нутагт ч Хятадын Үндсэн хуульд заасан эрхийг амьдрал дээр эдлэхийг, төвөд хэл соёлоо хамгаалан авч үлдэхийг бид хүсч байна. Хятадад өнөөдөр 400 сая буддын шашинтан байгаагаас ихэнх нь Төвөдийн буддизмыг Наландагийн уламжлалыг өвлөгч гэсэн утгаар нь хүлээн зөвшөөрдөг.”

“Цаст Төвөдийн орон Азийн ихэнх нутгийн усны эх ундарга болдог. Түүнээс гадна 35,000 жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа болсон чулуун зэвсгийг археологчид тэндээс олсон байна.”

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд иргэд болон Тэвөдийг дэмжигч иргэдтэй уулзаж байгаа нь. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
7 дугаар зуунд Соронзон Гамбу хаан Тан улсын гүнж Венчентэй гэрлэх үед гүнж 2 ширхэг Зуу бурханы дүрийг бэлгэнд авчирсныг Рамочэ сүмд залсан ажээ. Дараа нь хаан Балбын Брикути гүнжийг буулган авахад, тэрээр мөн Зуу Мижиддорж бурханы дүрийг бэлгэнд авч ирснийг нь Жохан сүмд залсан байна. Хожим нь төвөдүүд байршлыг нь сольсон юм.

“Буддын шашныг сонирхох сонирхол нэмэгдэх үед төвөд бичиг энэтхэг бичгийн загвар дээр суурилан шинэчлэгдэх үед Тисрон Дэзэн хаан Энэтхэг орноос дэмжлэг хүссэн ажээ. Тэрээр Төвөдөд буддын шашныг дэлгэрүүлэх үйлст Наланда их сургуулийн их багш Шантаракшита гэгээнийг урин залсан байна. Ийнхүү бид учир шалтгааны ухаанд суурилсан гүн ухааны эрчимтэй судалгаа бүхий Наландагийн уламжлалыг өвлөн авсан юм. Учир шалтгаан хийгээд нотлохуй ухааны талаарх ловон Дигнага, ловон Дармакирти нарын бүх ном зохиолыг орчуулсны ачаар тэдгээр нь эдүгээ зөвхөн Төвөдөд л хадгалагдан үлджээ. Буддын ном судрыг санскрит хэлнээс төвөд хэлнээ орчуулах ажлыг дэмжиж ажилласан хүн бол Шантаракшита гэгээн юм. Үүний учир төвөдүүд бид Наланда уламжлалыг 1000 гаруй жилийн турш хадгалан авч ирэв.”

“Хутагтын Дөрвөн Үнэний сургаалийг судлахдаа сударт бичсэнд тулгуурладаг уу, учир шалтгааны ухаанд тулгуурладаг уу хэмээн Тайландын эрдэмтдээс асуух завшаан саяхан надад олдсон юм. Тэд түгдрэлгүйгээр сударт тулгуурладгаа хэлэхэд би дотроо, ‘бид бол учир шалтгааны ухааныг баримталдаг’ хэмээн бодож билээ. Учир шалтгаан дээр тулгуурлан бодит үнэнийг судалдаг бидний энэ л хандлагын ачаар Төвөдийн эрдэмтэн хуврагууд сүүлийн жилүүдэд орчин үеийн эрдэмтэдтэй хийх хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлж чадаж байна.”

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд иргэд болон Төвөдийг дэмжигч бүлгийн гишүүдийн хамт. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
Төвөдөд үлдсэн төвөд хүмүүс айдас түгшүүрийн дунд амьдарч байгааг тэрээр ирсэн хүмүүст санууллаа. Хятадын засаг захиргаа Төвөдийн онцлогийг устгах, Төвөдийн үзэл санааг мохоох бүхий л аргыг 70 жилийн турш хэрэглэж байгаа ч амжилтад хүрч чадаагүй. Тэд эв зохицол, тогтвортой байдлыг бүрдүүлж байгаа гэж ярьдаг ч тийм нөхцөл байдал заналхийлэл, дарангуйллаар бус, гагцхүү зүрх сэтгэлийн үйл хөдлөлийн үр дүнд бүрэлдэнэ. Төвөдүүд Жанрайсиг, Манзушири, Важрапани гурван бурханы ивээлд байдгийг тэрээр санууллаа. Эцэст нь Далай Лам эцэг эхчүүдэд хандан, өөрийн соёлоороо бахархах үзлийг хөгжүүлэхийн тулд хүүхдүүдтэйгээ төвөд хэлээр ярьж байхын чухлыг тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн дараа нь Малмо их сургуульд зочлон ирэхэд Бирте Мюллер угтан авав. Сургуулийн дэд захирал, оюутны холбооны дарга нар хүний үнэт зүйл болон шүүмжлэлт сэтгэхүй дээр суурилсан тус сургуульд морилон ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж товч үг хэлцгээлээ.

Малмо хотын дарга болон түүний эхнэртэй мэндчилсний дараа Бирте Мюллер, байгуулагдаад 80 жилийнхээ нүүрийг үзэж байгаа IM байгууллага 40,000 гаруй хандивлагчийн ач тусаар дэлхийн 12 оронд үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулав. 1963 онд анх 12 төвөд хүү Данид ирсний дараахан 1964 онд IM-д 32 төвөд охин ирснийг тэр дурсан ярилаа. Тэд сургалтаа дуусгаад Энэтхэг рүү бүгд буцсан ажээ.

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Сургуулийн дэд захирал Сесилиа Кристерссон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг танилцуулж байгаа нь. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
“Таны хэлсэнчлэн, бидний дунд урт хугацааны, үр бүтээлтэй харилцаа үүссэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. ”Бид цагаачилснаас хойш бараг 60 жил болох гэж байна. Төвөдөөс дүрвэн гарсан 150,000 хүн бол манай нийт хүн амын өчүүхэн хэсэг нь юм. Гэсэн ч бид 1000 жилийн түүхт уламжлалаа хадгалан үлдэх үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж байна. Бурхан Багшийн хэлсэн үгэнд зөрчил байвал түүнийг бид нотлохуйн ухаанаар судлах ёстой. Яагаад Бурхан Багш ийн айлдах болсон гэдэг дээр бид дүн шинжилгээ хийдэг. Энэтхэг орноос улбаатай их мэдлэгийг хамгаалах үйлст бид Энэтхэгийн засгийн газар, ялангуяа анхны ерөнхийлөгч Неругээс их тусламж дэмжлэг авч чадсан юм.”

“Бид өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриатай, сэтгэлийн тухай агуу их мэдлэгийг эзэмшсэн ард түмэн билээ. Юмс бодитоор үл оршино, харагдаж байгаа юмс үзэгдэл харж байгаа хүнээс хамаарна гэж үздэг квантын физикийн зарим онолтой нийцдэг гүн ухааны үзэл баримтлалыг бид мөн хадгалсаар ирсэн. Гэхдээ миний ажигласнаар квантын физик энэ тал дээр багахан зүйл хэлэх бол буддын шашинд маш их мэдлэг агуулагдаж буй.”

“Би саяхнаас эртний Энэтхэгийн мэдлэг, ялангуяа сэтгэлийн тухай мэдлэгийг орчин үеийн Энэтхэгт дахин сэргээх үйлст хувь нэмрээ оруулах үүрэг өөртөө хүлээх болсон. Энэтхэг орон сэтгэлийн амар амгалангийн тухай мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулж чадна гэдэгт би итгэдэг.”

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудад яриа хийж байгаа нь. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Эрик Тёрнер /IM
Материалист зорилго агуулсан өнөөгийн боловсролын тогтолцоо хүний үнэт зүйлийн тухай ойлголтыг огоорч байгаа энэ цаг үед иргэний ёс зүйг нэвтрүүлэх шаардлагатай байгааг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Өнөөдөр тулгарч байгаа олон хүндрэлийг хүмүүс өөрсдөө бий болгосон хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ.

Өнөөдөр энд суугаа хүмүүс амар тайван байгаа ч, дэлхийн хаа нэгтээ хүмүүс шашны нэрийн дор өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенээ хөнөөж байгааг тэр дурдав. Дашрамд хэлэхэд дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс нэг тэрбум нь өөрсдийгөө шашингүй үзэлтэн хэмээн үздэг байна. Хэрвээ бид илүү амар тайван дэлхий ертөнцийг бүтээхийг хүсч байгаа бол аль нэг шашинд найдахгүйгээр хүний үнэт зүйлсийг хүндэтгэх үзлийг сэргээх шаардлагатай хэмээн Далай Лам батлан хэллээ.

“Шашнаас ангид гэсэн үг нь аливаа шашныг үл хүндэтгэнэ гэсэн утга агуулдаггүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. “Шашнаас ангид гэдэг үгийг би бүх шашинд хүндэтгэлтэй хандана гэсэн Энэтхэгийн ойлголтоор хэрэглэдэг. Хүн бүрт хүртээлтэй хүний үнэт зүйлсийн талаарх сонирхолыг сэргээх арга барил тун шаардлагатай болсон ийм эрин үед бид амьдарч байна. Цэцэрлэгээс эхлэн сургуулийн насны хүүхдүүдийн боловсролд иргэний ёс зүйн хичээлийг оруулах саналыг бид дэвшүүлж байгаа бөгөөд ирэх 4-р сараас боловсруулсан хөтөлбөрөө хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.”

Хүмүүсийн асуултад хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн өөрчлөлт хувь хүнээс эхэлнэ гэдгийг тэмдэглэн хэлэв. Улс үндэстний явцуу эрх ашгаас нийтийн эрх ашгийг дээгүүр тавьсан Европын холбооны үзэл санааг бишрэн хүндэлдэгээ тэрээр хэлээд хөдөө аж ахуй, боловсролоо дээшлүүлэх үүднээс Африкийн орнууд үүнээс үлгэр дууриал авна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Сахарын цөлд нарны эрчим хүч ашиглан, далайн усыг цэвэршүүлж, цөлийг ногоон болгон өөрчлөх тухай мөрөөдлөө Далай Лам ярилаа. Тэрээр дэлхийг зэвсгээс ангижруулах мөрөөдлөө мөн дурдсан бөгөөд хүмүүсийг хөнөөж, зэрэмдэглэхээс өөр шидгүй тэрхүү зэвсгийн худалдаанд оролцдог орнуудын нэг нь Швейд орон хэмээн тэмдэглэн хэллээ.

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудтай хамт зургаа авахуулж байгаа нь. Швейд, Малмо, 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
Тэвчээргүй байдлын тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ уур хилэн зэрэг сэтгэлийн сөрөг чанар нь саруул ухаанаа ашиглах бидний чадварыг доройтуулдаг хэмээв. Ямар үйлдлийг ёс зүйтэй гэх вэ гэсэн асуултад, бусдад таагүй мэдрэмж төрүүлж байгаа үйлдлийг сөрөг бөгөөд эрүүл бус, харин бусдад баяр баясал төрүүлж байгаа үйлдлийг эерэг бөгөөд зөв үйлдэл гэнэ хэмээн хариуллаа.

Оюутнуудтай хийсэн уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Малмо хотын захиргаанд очиж, хоёр удаа товч ярилцлага өгөв. Скандинавын телевизийн хамгийн алдартай ток шоуны хөтлөгч Фредрик Скавлан Дээрхийн Гэгээнтэнтэй эхний ярилцлагыг хийлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс өглөө босоод юу хийдгийг нь сонирхов.

“Би бурханы шашны хуврага хүн. Тиймээс өглөө хамгийн түрүүнд Бурхан Багшид мөргөөд, энэрэл хайр, бусдын сайн сайхны төлөө бодь сэтгэлийг үүсгэсний дараа энэ хорвоо дээр байгаа юмс үзэгдэл харагдаж байгаа шигээ оршдоггүйн тухай хоосон чанарын, шинжлэн нягтлах бясалгал хийдэг. Далай Лам хэмээн нэрлэгдэх энэ хүний тухай тунгааж, “Би” хэмээгч хаана байгааг бясалгадаг. Би 1:30 минут бясалгал хийгээд дараа нь шүршүүрт ордог. Буддын лам хүний хувьд оройн хоол иддэггүй учраас өглөөний цайгаа амтархан хүртдэг. Дараа нь цаг байвал би дахин 3 цаг бясалгадаг.”

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фредрик Скавланд ярилцлага өгч байгаа нь. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
Цагаачилж байгаа төвөдүүдийн хувьд боловсрол чухал ач холбогдолтой хэмээн тэрээр хэллээ. Сургууль байгуулаад зогсох биш, эртний Энэтхэгийн агуу мэдлэгийг хадгалж буй эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудын шинэ үеийг бэлтгэх шашны сургуулиуд хэрэгтэй байна гэв.

Тэрээр залуу байхдаа сониуч зандаа хөтлөгдөн доторхийг нь харах гэж тоглоомуудаа задалж, хэрхэн ажиллаж байгааг нь мэдэхийн тулд кино проектороо задалж угсарч байснаа ярилаа.

Скавлан үхлээс айдаг эсэхийг нь асуув.

“Үхэл бол амьдралын нэг хэсэг. Төрсөн л бол үхэл дагалдана. Энэ амьдралын дараа ахин амьдрал байдаг гэдэгт би итгэдэг учраас үхлээс айдаггүй. Би өдөр бүр үхэл мөнх бусын талаар бясалгадаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа.

Хоёр дахь ярилцлага авах хүн нь DI-Weekend сэтгүүлийн сурвалжлагч Жоанна Салдерт байлаа. Эхний асуулт Дээрхийн Гэгээнтний ах дүүсийн тухай, тэднээс хэд нь амьд байгаа тухай байв. Тэр асуултад хариулахын хамт, бүх хүн төрөлхтнийг өөрийн ахан дүүс гэж боддог, тэдний яс үндэс, арьс өнгө, итгэл үнэмшлийн ялгаа нь чухал ач холбогдолтой зүйл биш хэмээн нэмж хэлэв. Хүн бүрт дотно ханддаг учраас тэрээр ганцаардал гэдгийг мэддэггүй гэв. Яагаад ийм алдартай байдгийг нь асуусан сэтгүүлчийн асуултад, нууцлаг Төвөдийн орноос ирсэн учир тэр биз ээ хэмээн хариулав.

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
DI-Weekend сэтгүүлийн сурвалжлагч Жоанна Салдерт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
Хэзээ нэгэн цагт жирийн амьдралаар амьдрахыг хүсч байсан уу гэсэн асуултад, түүнийг асар хүндэтгэлтэйгээр сэнтийд залсан ч ном сургахдаа бусад лам нарын адил харьцаж байсанд нь багш нартаа талархаж явдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Нэгэнтээ Париж Вог сэтгүүлийн редакторт ярилцлага өгөхдөө, дараагийн Далай Лам эмэгтэй хүн байх бүрэн боломжтой, тэр нь үр өгөөжтэй хэмээн хэлж байснаа дурсав. Гэхдээ энэ асуудал одоохондоо тодорхой бус бөгөөд Далай Ламын институтын шийдэх асуудал гэдгийг анхааруулсан байна. Энэ чухал асуудлын талаар 11-р сарын сүүлээр Төвөдийн шашны удирдлага хуралдаж хэлэлцэх ажээ.

Далай Лам уйлдаг эсэхийг сэтгүүлч асуусанд тэрээр тийм хэмээн хариулаад, ялангуяа нигүүлслийг бясалгаж байхдаа уйлдаг гэлээ. Бодь сэтгэл үүсгэх өдөр тутмын бясалгал нь түүнд аз жаргал, урам зориг өгдөг хэмээн Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлсэн юм.

Малмо хотын дарга, хотын удирдлагууд IM –ийн удирдах зөвлөлийн гишүүдтэй богино хэмжээний уулзалт хийсний дараа Дээрхийн Гэгээнтэн тэдний хамт IM-ийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хөдлөв.

Малмогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малмо хотын даргын хамт үдийн зоогийн үеэр. Швейд, Малмо. 2018.9.13. Гэрэл зургийг Жереми Рассел
“Энд байсан хоёр хоногт туйлын сайхан байлаа. Би инээмсэглэлд дуртай, энд бүгд инээмсэглэж байна. Миний уулзсан хүмүүс надад эелдэг сайхан хандаж, ярьсан хэлсэн зүйлийг маань таатай хүлээн авч байлаа. Олон газарт очдог миний зорилго бол энэрэл, сайхан сэтгэлийг төлөвшүүлэх замаар сэтгэлийн амар амгаланд хүрэх үзэл санааг дэлгэрүүлэхэд оршдог. Би аль чадлын хэрээр бусдад үйлчлэх итгэл дүүрэн байна, та бүхэн ч энэ үйлст шамдаарай.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан хэллээ.

Арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтэн зочидтой зургаа татуулаад зочид буудал руу буцав. Маргааш тэрээр Роттердамыг зорино.
Үзсэн: 11 101
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц