Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ

12-05-2014, 08:17  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 11

Голланд, Роттердам. 2014.5. – Нар ээсэн, нам гүм Ослогийн гудамжаар Дээрхийн Гэгээнтэн Роттердамыг зорин онгоцны буудал руу зүглэсэн юм. Харин Роттердамд буухад эсрэгээрээ цаг агаар хүйтэн, чийгтэй байлаа. Түүнийг төвд болон дани нөхөд нь угтан авч, хэвлэл мэдээллийнхэнтэй хийх түүний уулзалтад дагалдан явлаа.

Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан сэтгүүлчдэд хандан, гайхалтай хүмүүс, гоёмсог алтан зул цэцгийн орон Голландад дахин ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр өөрийн гурван үүрэг болох хайр энэрэл дээр суурилсан хүмүүний үнэт зүйлийг дээдлэх хүчин чармайлт, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвдийн амар амгалан хийгээд нигүүлсэхүйн соёл, дэлхийн дээвэр болсон бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах хүсэл сонирхлынхоо тухай товч тайлбарлан ярилаа.

Эхний асуулт Дээрхийн Гэгээнтэн хамгийн сүүлд Голландад ирснээс хойш Төвдөд нөхцөл байдал ямар байгаа тухай байлаа. Хатуу чиг шугам барьсан албан тушаалтнууд төвд хэл, шашныг салан тусгаарлахын аюул хэмээн үзсээр, хориглосоор байгаа хэмээн тэрээр хариулав. Төвдүүд хэдий хүртэл хүч үл хэрэглэх зарчимдаа үнэнч хэвээр байх вэ гэсэн хоёр дахь асуултад хэрвээ Төвдөд буддизм мөхвөл дараа нь юу болохыг хэн ч мэдэхгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Роттердамд ирсэн даруйдаа хэвлэл
мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь. Голланд, Роттердам.
2014.5.10. Гэрэл зургийг Донкерс
Шүгдэнгийн талынхан жагсаал хийх магадлалтай байгаа талаар хэлээд, яагаад Дээрхийн Гэгээнтэн шүгдэнг эсэргүүцдэг талаар шашны чиглэлээр бичдэг нэгэн сэтгүүлч асуулаа. Тэрээх хариулахдаа,

“Бид бол буддистууд, Бурхан багш бидэнд ердийн савдаг, сахиусанд аврал одуулахгүй байхыг зөвлөсөн. Энэ бол буддизмын үндсэн зарчим. Шүгдэнг дагагсад тэрхүү сахиусанд аврал одуулдаг. Энэ сахиус 17 дугаар зуунд 5 дугаар Далай Ламын үед бий болсон. 5 дугаар Далай лам энэ сахиусыг хөнөөлтэй, муу ёрын сүнс гэж бичиж үлдээсэн. Хөнөөлтэй зүйлийн нэг нь шашны урсгал чиглэлд хэт хатуурхдаг явдал бөгөөд харин би бол урсгал чиглэлээр явцуурахгүй байхыг эрмэлздэг. Энэ сахиусны улмаас хүмүүс бусад урсгал, тухайлбал нинмава урсгалын бурхадаа эвдэлж, зургийг нь устгаж байсан.”

“Би энэ сахиусыг өөрийн дутуу дулимаг мэдлэгээсээ болж 1951 оноос 1970 он хүртэл шүтэж байсан бөгөөд Шүгдэнд ямар нэг асуудал байгааг мэдэрснээр түүнийг судалж нягтлах болсон. Янз бүрийн урсгалын 20 багш надад ном заадаг байснаас нэгээс бусад нь Шүгдэнг эсэргүүуцдэг байсан юм. Үүний дараа би 70-аад оны эхээр шүтэхээ больсон бөгөөд хүмүүс аажмаар энэ тухай мэдэх болж, би ч тэдэнд тайлбарлах болсон.”

“Жинхнээрээ бол сахиус хүмүүсийг хамгаалдаг байх ёстой байтал энэ удаад хүмүүс сахиусыг хамгаалж байна. Тэд, “Худлаа ярихаа боль,” гэж хашгиралдаж байгаа ч, худлаа ярьж байгаа гэж юуг хэлээд байгааг би ойлгохгүй байна. Хүмүүст үүнийг хэлж ойлгуулах нь миний үүрэг. Жагсагчид намайг тэдний шүтлэгийг хориглосон гэж буруутгадаг ч, би тэгээгүй гэдгийн баталгаа нь Өмнөд Энэтхэгт байгаа Шүгдэнг тахьдаг сүм хийдүүд юм.”

Роттердамд үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Верелдмузейд зочилж, Верховены гэр бүлийнхний байгуулсан Бодьманда нийгэмлэгийн мөргөлийн газарт Төвдийн гайхалтай цуглуулгыг аравнайлах ажилд уригдсан байна. Буддистууд лам гурван эрдэнэд аврал одуулдаг учраас мөргөлийн газрын хойморт нь Бурхан Багшийн хөргийг залбал зүйтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Далай Лам чухал ач холбогдолтой хүн байж болох ч, тэр ердөө л хуврагийн чуулганы (сангха) нэг гишүүн нь хэмээн тэрээр хэллээ. Хүсэлтийн дагуу Дээрхийн Гэгээнтэн мөргөлийн газарт Чогхорлинг гэсэн нэр хайрлалаа.

Скандинавын орнуудад амьдардаг 2000 орчим төвд хүмүүсийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Лауренскерк сүмд үг хэлэв. Олноороо хуран цугласан төвдүүдийн царайг хараад тэрээр,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лауренскерк сүмд Скандинавын
орнуудаас ирсэн Төвдийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж байгаа нь.
Голланд, Роттердам. 2014.5.10. Гэрэл зургийг Жеппе Шилдер
“Жанрайсаг бурхантай нягт холбоотой, дэлхийн дээвэр болсон нутгаас ирсэн бидэнд хүнд хэцүү үеийг туулах цаг мөч тулгараад байна. Та бүхэн Европын өнцөг булан бүрээс намайг харах гэж иржээ, харин би та нартай мэндчилж байна. Та бүгд мандал буурлыг амсацгаасан. Би 25 настайгаасаа бараг 79 нас хүртлээ дүрвэгсдийн амьдралаар амьдарч байна. Гэхдээ төвдүүд бид хичнээн их хүндрэлийг амсах тусам бидний шийдэмгий байдал төдий чинээ бэхжиж байна. Төвдийн ард түмний санаа сэтгэл маш хүчтэй, эр зориг нь гайхалтай. Тиймээс тэд хүчирхийллээс ангид байсаар байна. Бид өөрсдийн шашин соёлоо тууштай хамгаалах бөгөөд урьдын хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, өв уламжлалыг маань дорд үзэхийг зөвшөөрөхгүй. 60 жил өнгөрсөн ч Төвдийн асуудал хурцаар тавигдсан хэвээр байна. Төвдийн тухай мэдэхийг улам их хүсэцгээж байна.”

4 жилийн өмнө Хятадад хийсэн судалгаагаар тэнд 300 сая буддист байгаагийн ихэнх нь боловсролтой хүмүүс хэмээн тогтоогдсон байна гэж тэр хэллээ. Дээрхийн Гэгээнтэн ойролцоогоор 10,000 орчим хятад сэхээтэнтэй уулзаж байсан бөгөөд тэд Төвдийн буддизмыг ихэд сонирхож байгааг олж мэдсэн ажээ. Японд ч мөн Төвдийн буддизмыг сонирхох сонирхол өсөн нэмэгдсээр байна. “Билгүүний Зүрхэн” судрыг Японд өргөн дэлгэр уншдаг ч, ямар утга учиртайг нь цөөхөн хэдэн хүн мэддэг бөгөөд Төвдийн уламжлалын дагуу хийсэн тайлбарыг тэд үнэлдэг тухайгаа Японы нэгэн хамба хэлж байсан ажээ.

Орчин үеийн шинжлэх ухаанаас Төвдүүдэд сурах зүйл их ч, Энэтхэгийн шашны уламжлалыг хадгалан үлдсэн Төвдийн буддизмын оюун ухаан, сэтгэлийн тухай мэдлэг нь эрдэмтдийн сонирхлыг мөн татаж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

“Хэрвээ бид Төвддөө байсан бол өнөөдөр сурч мэдсэн зүйлээ олж мэдэхгүй байсан, эсвэл өөрсдийн мэдлэгийг бусадтай хуваалцах ийм боломж олдохгүй байсан байж болох юм.”

Энгийн хүмүүс урьд урьдаас илүү буддизмыг судалж, урьд нь зан үйлд бүхнээ зориулдаг байсан сүм хийдүүдэд хүртэл сургалтын хөтөлбөр хэрэгжээд эхэллээ хэмээн тэрээр тэмдэглэн хэллээ. Түүнчлэн гэлүгба институт, мөн сажа болон нинмава урсгалын дунд буддизмын гүн ухааны сонгодог зохиолуудыг судлах ажил эрчээ авч байгаа нь эргээд Төвдийн сүм хийдүүдэд нөлөөлж байна. Эмэгтэй лам нарт мөн суралцах дэмжлэг болон боломж нээгдэж, тэдгээрийн зарим нь гэвшийн дамжаа барихаар зэхэж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ
Скандинавын орнуудын Төвдийн нийгэмлэгээс ирсэн 2000
гаруй хүн Лауренскек сүмд Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсч байгаа нь. Голланд, Роттердам. 2014.5.10.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Мадьяа Прадеш муж дахь Бандара сууринд намайг очиход төвд сургуулийн сурагчид ном хаялцах эрдэмд суралцсанаа үзүүлсэн. Тэдний багш нь 1990 онд Төвдөөс ирсэн, Долма Линг сүмд уйгагүй сурч, бэлтгэгдсэн эмэгтэй лам байсан юм. Одоо тэр бусдад зааж байгаа бгөөд би түүний ололт амжилтыг магтан биширсэн. Ладак болон Гималайн бусад бүс нутагт энгийн хар хүмүүс сургалтын бүлгийг байгуулж байна.”

Төвдийн боловсролын хөгжлийг эргэн санахад, Дээрхийн Гэгээнтэн болон бусад хүмүүс 1959 оны 4 дүгээр сард Энэтхэгт ирж, 1960 оны 3 дугаар сард анхны сургуулиудыг байгуулж байжээ. Тэдгээр сургуулиудыг байгуулахад туслахыг ерөнхий сайд Неругаас хүсч байсан бөгөөд түүний зөвлөсний дагуу англи хэлийг сургалтын хэл болгосон байна. Төвдөд төрсөн хэрнээ Норвегид дээд сургууль төгсөн, удахгүй PhD хамгаалах гэж байгаа залуутай саяхан уулзсан тухайгаа Дээрхийн Гэгээнтэн дурслаа. Энэ бол бусад төвдүүдийн хувьд эрмэлзэн тэмүүлэх ёстой зүйл хэмээн тэрээр магтав.

Баруунд амьдарч байгаа төвд гэр бүл гэртээ зөвхөн англиар ярьдаг гэдгийг сонсоод гайхсанаа тэрээр илэрхийлээд, Кашмирын Сринагарт саяхан уулзсан лалын шашинт төвд гэр бүлийн хүүхдүүд гайхалтай цэвэрхэн төвд хэлээр ярьж байсныг бахдан дурслаа. Тэр хүүхдүүдийн сургуульд төвд хэл заадаггүй ч, эцэг эх, эмээ өвөө нар нь тэдэнд заасан ажээ.

Буддын учир шалтгааны хийгээд танин мэдэхүйн ухааны эх зохиолыг санскрит хэлнээс орчуулсан орчуулга одоо зөвхөн төвд хэл дээр л байгаа ажээ. Энэ чадвараа хөгжүүлж чадсаны ачаар төвд хүмүүс орчин үеийн шинжлэх ухааныг шууд ойлгон судлах боломж бүрдсэн байна.

“Өнгөрсөн жил би Нью Йоркод Хятадын зохиолчидтой уулзсан бөгөөд тэдний хоёр нь Бээжингээс ирсэн байсан. Өнөөдөр Хятадад ёс суртахуун хамгийн санаа зовоосон асуудлын нэг болсон бөгөөд Хятадын түүхийн 5,000 жилийн хугацаанд хамгийн доод түвшинд байна гэж тэд хэлсэн. Түүнийг сэргээх ганц найдвар бол буддизм гэж тэд мөн хэлсэн юм. Хятадын соёлыг хөгжүүлэх, дахин сэргээхэд буддизм гол үүрэг гуйцэтгэнэ гэж Си Жинпин саяхан Парис хотноо тэмдэглэн хэлсэн билээ.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн дурслаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ
Скандинавын орнуудын Төвдийн нийгэмлэгээс ирсэн 2000 гаруй
хүмүүст Дээрхийн Гэгээнтэн сургаал айлдав.
Голланд, Роттердам. 2014.5.10. Гэрэл зургийг Донкерс
АНУ-д хоолны газрын гал тогоонд ногоо арилгадаг байсан төвд хүн, түүний эхнэрийн түүхийг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярилаа. Тэд өт хорхой, бусад шавьжуудыг шилэн саванд хийгээд, дараа нь гадаа тавих замаар авардаг байсан байна. Сониуч хамт ажиллагсад нь тэднээс яагаад энэ бүхнийг хийж байгааг асуухад, тэдгээр амьтдыг хөнөөх шаардлага тэдэнд байхгүй бөгөөд тэдгээр амьтад ч амьд явах эрхтэй хэмээн тайлбарлажээ. Нэг мэдэхэд хамтран ажиллагсад нь тэдний жишгээр ажиллаж байгааг тэд анзаарсан ба энэ төвд хүмүүсийн бусдад үзүүлж байгаа эерэг нөлөө юм.

Хэдэн жилийн өмнө Шүгдэнг шүтэгсэд түүнийг хаа явсан газар нь дагаж, түүний эсрэг жагсаал хийж байсныг тэрээр эргэн саналаа. Хожим нь зарим хятад хүн мөн нэг хэсэг үүнтэй адил үйл ажиллагаа явуулж байсан байна. Шүгдэнг шүтэгсэд жагсаал цуглаанаа сэргээжээ. Тэд Далай Лам худлаа ярихаа зогсоо гэж хэлж байгаа ч, түүний бодлоор үнэнийг хэлэхгүй байгаа нь тэд ажээ.

“Олон нийтэд хийсэн ярианы маань дундуур тэдний нэг нь асуулт тавихад, би түүнд энэ бол шинэ асуудал биш гэж хариулсан. Энэ асуудал 5 дугаар Далай ламын үеэс тавигдаж эхэлсэн. Шүгдэн нь Дагважалцан хутагтын хойд дүр гэгддэг боловч, 5 дугаар Далай лам түүний талаар буруу ерөөл тавьсны улмаас тангараг буруудсан сахиус болон гарч ирсэн гэж бичсэн байдаг. “

“Лин ринбочи Шүгдэнг эсэргүүцэж, харин Тижан ринбочи шүтдэг байсан юм. Би ч бас энэ талаар эргэлзэх хүртлээ буюу 1970 он хүртэл шүтэж байсан. Би судалж үзсэний үндсэн дээр шүтэхээ больсон. Гандан Жанзэ хийдэд хэд хэдэн хүндрэл тулгарахад хийдийнхэн Тижан ринбочитэй зөвлөлдсөн бөгөөд хамгаалагч сахиуснуудын дургүйцлийг төрүүлснээс болжээ хэмээн ринбочи хэлсэн байдаг. Яаж ийм байж болох талаар тэд надаас асуухад нь би судалж үзээд, дээрх асуудал нь Шүгдэнтэй холбоотой гэж тогтоосон. Жанзэгээс ирсэн Намжил хийдийн ширээт ламд би энэ тухай хэлсэн юм.”

“Шүгдэнг дэмжигчид өөрсдийн бүлгийг байгуулжээ. Шүгдэнг шүтэх нь лам гурван эрдэнэд аврал одуулах зааврыг зөрчих хэт их эрсдэлийг бий болгоно гэж 13 дугаар Далай лам Пабонха ринбочид айлдаж байсан байна. Энэ тухай Пабонха ринбочигийн хувийн намтарт бичигдсэн байдаг. Энэ тухай ард түмэнд мэдээлэх үүрэг надад ч мөн байгаа гэж би боддог, харин анхаарч үзэх эсэх нь өөрсдийн хэрэг. Түүнийг шүтэхийг хориглож байна гэж би хэзээ ч хэлж байгаагүй, харин шүтэхэд ашиг тус байхгүй гэж хэлж байсан.”

“Ийм л байна. Би зүгээр, аз жаргалтай байна” хэмээн тэрээр яриагаа өндөрлөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Ослогоос Роттердамд хүрэлцэн ирлээ
Гааг дахь Жакобускерк сүмд Дээрхийн Гэгээнтэн Далай лам,
Утрехт Монсенер Херман Вуртсын дэд хамба Рабби Аврахам
Соетендорп, Нидерландын гадаад хэргийн сайд Франс
Тиммерманс, Нидерландын протестант сүмийн төлөөлөгчид
уулзаж байгаа нь. 2014.5.10. Гэрэл зургийг Донкерс
Дээрхийн Гэгээнтний ярианы төгсгөлд Цэрэнжамба болон Цэенг Лхазом нар Дээрхийн Гэгээнтний Нобелийн энх тайвны шагнал авсны 25 жилийн ойг бэлэгдэж медаль гардуулав.

Төвдүүдтэй хийсэн уулзалтын дараа өөрийн эртний анд Утрехт Монсенер Херман Вуртсын дэд хамба Рабби Аврахам Соетендорпын ивээл дор, түүнтэй болон бусад хүмүүстэй хамт Нидерландын гадаад хэргийн сайд Франс Тиммерманстай уулзах боломж түүнд гарсан бөгөөд тэд нөхөрсөг яриа өрнүүлсэн байна.

Маргааш үдээс өмнө Дээрхийн Гэгээнтэн “Мөрийн Гурван Эрхэм” ном айлдаж, үдээс хойш иргэний ёс суртахууны талаар яриа хийнэ.
Үзсэн: 2 394

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нидерландын Роттердамд хүрэлцэн ирлээ
  • Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирлээ
  • Хүний үнэт зүйл ба шашин хоорондын эв зохицлыг дэмжихийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд хандан уриалав
  • Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн төлөөлөл болон Төвдийн төвийн удирдлагатай уулзаж, ухамсар, нигүүлсэхүйн талаар айлдав
  • Роттердамд хүрэлцэн ирэв. Голланд, Роттердам. 2014.05.10.
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц