Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа

26-06-2017, 07:35  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 18

АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Сан Диего хотын амьтны хүрээлэнд хүрэлцэн ирэхэд хотын дарга Кевин Фаулконер эхнэрийн хамт, мөн амьтны хүрээлэнгийн ерөнхийлөгч Дуглас Мэер нар угтсан юм.

Амьтны хүрээлэн ховор амьтдыг хамгаалах, мөн зарим онцгой газарт мод тарих зэрэг байгал орчныг хамгаалах зэрэг өөрсдийн хийсэн чухал ажлын талаар богино хэмжээний кино үзүүлэв.

Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам амьтны хүрээлэнд зочлохдоо Австралийн уутат баавгайг үзэн сонирхож байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.18. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цахилгаан машинд суун зоо паркаар аялаж, олон шувуу, амьтдыг үзэж сонирхов. Тэрээр малайн бар, цоохор ирвэс, арслан, үчимбар зэрэг муурын төрлийн томоохон амьтдыг үзлээ. Мөн зааныг угааж байхыг харсан бөгөөд Америк дахь бүх заан насны эцэст Сан Диегогийн амьтны хүрээлэнд ирдэг гэдгийг сонслоо. Энд өндөр настай заануудыг асарч байгаа ажээ. Шувуудын хэсэгт тэрээр тас, тоть, фламинго зэрэг олон янзын шувууг үзэж сонирхов. Нэгэн зогсоол дээр Австралийн уутат баавгай болон нялх пиятоныг түүнд авчрав. Мөн өөр газарт анааш болон хирсийг сонирхов.

Хүлээн авах хэсэг дээр эргэн ирээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын дарга болон амьтны хүрээлэнгийн ерөнхийлөгч, мөн удирдах зөвлөлийн гишүүдийн хамт цай ууж, амьтны хүрээлэнгийн ажлын талаар ярилцсан юм. Тэрээр олон нийтэд амьтны хүрээлэнг нээхээс өмнө зочид буудлын зүг буцлаа.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего дахь Энэтхэгийн нийгэмлэгийн 200 гаруй гишүүдтэй уулзахаар хүрэлцэн ирэхэд доктор Суреш Субрами угтлаа. Уулзалтын эхэнд Энэтхэгийн үндэсний дуу хөгжим эгшиглэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Хүндэт ахан дүүс минь! Түүхийн талаасаа Энэтхэгчүүд бидний багш байсан тул та нартай энд уулзаж байгаадаа би баяртай байна. Эртний иргэншлийн үед Хятад, Египет, Индус Валли зэргээс Энэтхэгт хамгийн их агуу сэтгэгчид төрөн гарсан мэт надад санагддаг юм.”

Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа
Доктор Суреш Субрами уулзалтын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг танилцуулж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.18. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“Би Энэтхэгийн загвараар дэлгэрсэн хүчирхийллийн бус арга зам, иргэний олон ургалч үзлийг маш их биширдэг. Хөрш зэргэлдээ улс орнуудтай харьцуулбал эдгээр уламжлал Энэтхэгт өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн байна. Энэтхэг орныг би дэлхийн томоохон шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж чадах цорын ганц улс гэж боддог. Адвани надад хэлэхдээ Энэтхэгийн иргэний ёс суртахууны ойлголт нь шашин шүтлэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандахыг заадаг тухай тайлбарласан юм. Өнөөгийн 7 тэрбум хүний 1 тэрбум нь шашин шүтлэггүй гэж өөрсдийгөө тодорхойлж буй энэ үед энэхүү ойлголт чухал холбогдолтой болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн гурван үүрэг болох аз жаргалын эх үндэс болсон хүний үнэ цэнийг хөгжүүлэх, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх, хэдийгээр төвөдийн улс төрийн үүргээсээ татгалзсан ч төвөдийн шашин соёлыг хадгалан авч үлдэх, мөн төвөдийн байгал орчныг хамгаалахын төлөө ажиллаж байгаагаа дурдав.

Тэрээр 1959 онд цагаачилсан цагаасаа эхлэн Төвөдийн шашин соёлыг хадгалан авч үлдэхийн төлөө нэлээдгүй хүчин чармайлт гаргаж эхэлсэн байна. Тэрээр 1973 онд анх удаа Европт айлчилсны дараа орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй мэдлэг боловсролын туршлага солилцох ажлыг эхүүлжээ. Улмаар эртний Энэтхэгийн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх гүн нарийн мэдлэг боловсрол нь хүн төрөлхтний сайн сайханд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй болсон байна.

Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего хотын Энэтхэгийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа, Сан Диего. 2017.06.18. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
“58 жилийн дараа би Энэтхэгийн засгийн газрын хамгийн удаан саатаж буй зочин болсон юм. Миний оюун ухаан Энэтхэгийн мэдлэг боловсролоор цэнэглэгдэж, бие махбодь маань Энэтхэгийн будаа, вандуйгаар тэтгэгдлээ. Тиймээс би зарим үед өөрийгөө Энэтхэгийн хүү гэж хэлдэг. Төвөдүүд бидэнд Наландагийн их уламжлалыг өвлүүлсэн их багш нарын ачийг хариулах нь бидний үүрэг юм.”

Асуулт хариултын үеэр нэгэн хүн олон шашны түүхэнд хүчирхийлэл явагдаж байсан нь тодорхой байдаг боловч Бирмд гарсан буддын террористын тухай сонсоод цочролд орсон талаар ярьсан юм. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй санал нэг байгаагаа мэдэгдээд тухайн үед бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа зогсоож, Бурхан Багшийн дүрийг санахыг зөвлөсөн тухайгаа ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа тухайн үед лам нар хүчирхийлэлд оролцсон талаарх мэдээ сонсоод тэд үнэхээр энэ замыг сонгож байгаа бол чинхүү хувраг хүн биш гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр террорист нь хүчирхийлэл үйлдэгч бөгөөд түүнд ямар нэгэн шашны нэр зүүх, жишээлбэл буддын террорист, муслимын террорист гэх нэр зүүх нь зохисгүй гэж онцлон хэлэв. Энэ нь шашны нэр хүндэд муугаар нөлөөлж байгааг тэмдэглэлээ.

Өөр нэгэн хүний асуултанд хариулахдаа эртний Энэтхэгийн мэдлэг Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номонд хадгалагдаж байгаа талаар ярив.

Эцэст нь нэгэн энэтхэг эмэгтэй Дээрхийн Гэгээнтэнд өөрийгөө дэлхий дахинд таниулж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр хэрэв боломжтой бол бид бүгдийн төлөө уншлага уншихыг хүссэн юм.

Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диего дахь Төвөдийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.18. Гэрэл зургийг Ерик Жепсен (СДКИС)
Дараа нь ихэнх нь тухайн нутаг оронд амьдардаг 600 гаруй төвөд иргэдтэй уулзлаа.

“Надтай зөвхөн энэ нэг насандаа холбогдсон бус, олон төрөл дамжин онцгой холбоотой явж ирсэн төвөд хүмүүстэйгээ уулзаж байгаадаа би баяртай байна. Хэдийгээр богино хэмжээний айлчлал болж байгаа ч бид золгон уулзлаа. Төвөдөд байгаа болон цагаачлан амьдарч буй төвөд иргэд өөрсдийн шашин соёлдоо үнэнч болохоо харуулж байна. Та бүхэнд баярлалаа.”

“Би цагаачлаад 58 жил болж байна. Хувь хүний амьдралд энэ бол нэлээдгүй хугацаа мөн. Энэ хугацаанд Төвөдөд олон сүм хийд сүйтгэгдэж, мөн олон тооны хүмүүс маань амь насаа алдлаа. Төвөдөд өөрсдийн хэл соёлоо судлах нь хязаарлагдмал байна. Гэсэн хэдий ч бидний сэтгэл зүрх чин зоригоор дүүрэн, эв нэгдэлтэй байж чадаж байна. Та бүхэнд талархая.”

“Бид өөрсдийн хэл, шашин соёлоо хадгалан авч үлдэх нь маш чухал байна. Учир нь бидний хэл соёлд бурханы шашны гүн ухаан, шинжлэх ухаан, сэтгэл судлалын арвин их мэдлэг боловсрол хадгалагдаж байгаа юм. Бид 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны эрдэмтэдтэй эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хамтран ажилсан. Тэдний ихэнх нь шашин шүтлэгтэй хүмүүс биш ээ. Тэд Наландагийн уламжлалыг сонирхож байна. Тэд ямар нэгэн зүйлийг сохроор дагадаг бус, учир шалтгаан, логик зарчим дээр үндэслэдэг хүмүүс юм.”

Сан Диего хотын амьтны хүрээлэнд зочилж, мөн энэтхэг болон төвөд иргэдтэй уулзлаа
Сан Диего хотын төвөд иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.18. Гэрэл зургийг Жереми Расселл (ДЛО)
“Та нар өөрсдийгөө бурханы шашинтан гэж тооцсон ч, эс тооцсон ч учир шалтгааны арга ухааны зарчимд суралцах хэрэгтэй. Хуучин цагт үүнд суралцах нь зөвхөн лам хуврагуудын ажил байлаа. Өнөөдөр энгийн хүмүүс ч суралцах боломжтой болж байна. Бид саруул оюун ухаанаа ашиглан буддын гүн ухаанд суралцаж чадвал бурханы шашныг хадгалан үлдэж байна гэсэн үг. Мөн “Миний сургаалыг шууд хүлээн авах бус, алтны дархан хүн алтыг шинжихтэй адил нягталж, судалсны үндсэн дээр дагах хэрэгтэй” гэсэн Бурхан Багшийн сургаалыг байнга санах хэрэгтэй.”

“Бурханы шашин 2500 гаруй жилийн хугацаанд оршиж байна. Бид үүнийг хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.”

“Хэдэн өдрийн өмнө би Маяо эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд сайн хариу гарсан. Тэд өнгөрсөн жилийн эмчилгээ үр дүнтэй болсон гэж дүгнэлээ. Тиймээс та бүхэн сэтгэл амар, хоорондоо эв найртай, нэгдмэл байгаарай. Бурханы шашны уламжлалыг дэлхий дахинд түгээх ёстой гэдгээ байнга санаарай.”

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Портын зүг машинаар явна.
Үзсэн: 980
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц