Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа

23-12-2017, 03:59  |  Хэвлэх

2017 оны 12 дугаар сар 12

Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор 5000 гаруй лам хуврагууд, 200 эмэгтэй хуврага, дунд сургуулийн 400 сурагч, энгийн 2500 гаруй иргэд, нийтдээ 8500 гаруй хүмүүс нэгэн дор цугласан байлаа. Тэдгээр хүмүүс Лосалин дацангийн чойрын шинэ талбайд сүүдэрт халхлагдан тухтай суусан байв. Дээрхийн Гэгээнтэн олон нийтийн зүг гар даллан мэндэлсний дараа Шарба цорж болон Гандан Ширээт асан Ризон ринбочэ нарт хүндэтгэл үзүүлээд суудалдаа суулаа.

Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин дацангийн чойрын шинэ талбайд морилон ирж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.12. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Энд ирсэн хойноо би олон нийтийн уулзалт хийе гэж бодсон юм. Энэ нутаг надад эртнээс танил болсон. Бид анх энд ирээд мод, бут сөөгийг цэвэрлэх гэх мэт ажлыг эхлэж байлаа.”

“Би өндөр настан ба өнөөгийн сургуулийн сурагч хүүхдүүдтэй уулзая гэж бодлоо. Өдгөө 83 насыг хүрэх гэж буй би энэ өндөр сэнтийд суух гэж нэлээдгүй олон бэрхшээлийг давсан, тиймээс хааяа нэг дор суудалд сууж олон нийттэй энгийн ярих дуртай болсон юм.”

“Энд олон зүйл өөрчлөгджээ. Энд анх сууршиж байсан хүмүүс бараг бүхэлдээ байхгүй болсон байна. Анх сургууль байгуулж байсан багш нар ч насан эцэслэжээ. Харин бидний байгуулсан сургуульд сурч буй өнөөгийн хүүхэд багачууд тэдний үргэлжлэл болсон юм.”

“Бид өлөн зэлмүүн хийгээд амиа хамгаалах гэж дүрвээгүй. Бид эх нутагтаа байвал өөрсдийн соёл уламжлалаа хадгалан хамгаалж чадахгүйд хүрсэн тул үүнийхээ төлөө дүрвэсэн. Тиймээс бид энд ирсэн хойноо өөрсдийн уламжлалт хэв маяг шингэсэн өөрсдийн суурин газруудаа байгуулахыг хүссэн юм. Үүний зэрэгцээ өөрсдийн сургууль байгуулах хүсэл маань биелэж манай хүүхдүүд эх хэлээрээ үндэсний соёл уламжлалдаа суралцаж, мөн орчин үеийн боловсрол эзэмшиж байна. Ерөнхий сайд Жавахарал Неру бидний хүсэл зорилгыг биелүүлэхийн төлөө чин сэтгэл гаргасан юм.”

“Дүрвэн ирсэн лам хуврагууд Ассамын Мисамарид цугласан байлаа. Гэвч тэнд цаг агаарын нөхцөл маш хүнд байсан тул Баксадуарт шилжин ирсэн юм. Гэсэн ч бид Энэтхэгийн засгийн газраас удаан хугацаанд суурин амьдрах таатай газар хүссэн юм. Нижалингаппагийн удирдлагын үед бид анх удаа Карнатака мужид суурин амьдрахаар хүрэлцэн ирсэн билээ. Бид энд Төвөд эх орондоо байгаа ахан дүүсийнхээ өмнөөс өөрсдийн шашин, соёл уламжлалаа хадгалж хамгаалах боломжтой болсон юм. Өөр бусад улс оронд байгаа бүхий л төвөд хүмүүс өөрсдийн аль чадах бүхнээ хийсэн гэж би боддог.”

Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа
Брайбун Лосалин дацангийн чойрын шинэ талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдвар явагдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.12. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Өнөөдөр дэлхийн олон улс оронд шинжлэх ухааны эрдэмтэд тэргүүтэй олон хүмүүс бурханы шашныг сонирхон судалж байгаа. Учир шалтгааны арга замыг голлодог Наландагийн уламжлал үүнд маш их нөлөө үзүүлж буй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэхүү уламжлал нь өнөөгийн манай дэлхийд нэн чухал болоод буй дотоод сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох арга ухааныг багтаасан юм. Одоогоос 30 гаруй жилийн өмнө би нэгэн Америк найздаа шинжлэх ухаанд сонирхолтой байгаагаа хэлсэнд тэрээр “Шинжлэх ухаан бол шашныг устгагч юм шүү” гэж анхааруулж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа өнгөрсөн 20 зуун өргөн хүрээний дайны эрин үе байсан тухай өгүүлэв. Үүний нөлөөгөөр өнөөгийн зарим хүмүүс одоог хүртэл асуудлыг хүчээр шийдэх сонирхолтой байгааг онцлон мэдэгдлээ. Үнэндээ энэ нь үр дүнгээ өгөх арга биш ажээ. Хүчирхийллийн арга замыг сонговол олон хүнийг хүнд нөхцөлд оруулах болно гэв.

Тэрээр энэрэл хайрын сэтгэлийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн тухайгаа ахин яриад “Хэрэв та сайхан сэтгэлтэй бол та аз жаргалтай байх болно” гэсэн юм. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж батласан тухай тэмдэглэн хэлээд “Биднийг төрөхөд эх маань халамж хайраар өлгийдөж, энэрэнгүй сэтгэлийн үндсийг бид бүгдэд суулгасан бөгөөд бид өсөж өндийхийн хэрээр үүнийг тордох хэрэгтэй байдаг. Гэтэл орчин үеийн боловсролын тогтолцоо нь үүнд бус материаллаг зорилгод төвлөрсөн учир бидний сэтгэлд буй энэрэнгүй сэтгэлийн үндсийг тэтгэж чадахгүй байна.” хэмээн ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн мөн аливаа асуудлыг өргөн хүрээнд, олон талаас нь авч үзэх хэрэгтэй гэлээ. Энх тайван, амар амгаланг ярих нь нэг хэрэг боловч үндсэндээ хувь хүний дотоод сэтгэлийн амар амгалан үгүй бол дэлхийн энх тайван бий болох боломжгүй гэв.

Мөн тэрээр шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэхийн төлөө үүрэг хүлээсэн тухайгаа ярив. Тэрээр дэлхийн томоохон бүх шашин үе улиран эв найртайгаар зэрэгцэн хөгжиж ирсэн Энэтхэг орныг биширдэг гэдгээ мэдэгдэв. Нэгэнт шашин бүгд энэрэл хайрын тухай номлодог тул бүгд хоорондоо эв нэгдэлтэй байх боломжтой гэдгийг тэмдэглэн хэллээ.

Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа
Брайбун Лосалин дацангийн чойрын шинэ талбайд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 8500 гаруй хүн сонслоо. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.12. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би Төвөдийн төлөө мөн адил үүрэг хүлээсэн хүн. V Далай Ламаас эхлэн Далай Ламын институт Төвөдийн шашин, төрийн эрхийг барьдаг байлаа. Гэсэн хэдий ч би аль багаасаа цөөн хэдхэн хүнд асар их эрх мэдэл ногдож буй дутагдалыг олж харсан юм. Ингээд би Төвөдөд шинэчлэл хийхийг хүссэн боловч Хятадууд өөрсдийн санаанд нийцсэн шинэчлэл хийхийг хүссэний улмаас миний зорилго амжилттай болж чадаагүй. Төдөлгүй Энэтхэгт цагаачлан ирснийхээ дараа ардчилалын тухай төвөд иргэддээ танилцуулж, сонгуулийн хороо байгуулсан билээ. Ингээд 2001 онд ерөнхий сайдын албан тушаалыг сонгуулиар явуулж Самдон ринбочэ уг албанд томилогдоход би хагас эрх мэдлээ хүлээлгэн өгч, 2011 онд Лувсансэнгэ төрийн тэргүүний албанд сонгогдоход би улс төрийн эрх мэдлээ бүрэн хүлээлгэж өгсөн юм. Ийнхүү Далай Лам нар шашин хийгээд төрийн эрх мэдлийг бүрэн авдаг тогтолцоог өөрчилсөндөө би сэтгэл хангалуун байдаг.”

“Энэ жилийн эхээр би Ассамд Гувахатигаас Дибругарын зүг нисэхэдээ онгоц агаарын хүчтэй урсгалд автах үед осолд орж амь насаа алдах вий гэж үнэхээр айж билээ. Тухайн үед би өөрийн тухай огт бодсонгүй. Толгойд минь “Надад бүхий л итгэл найдвараа хүлээлгэсэн Төвөдийн 6 сая хүн ард минь хэрхэх бол доо?” гэсэн бодол л эргэлдэж байсан юм.”

“Би Төвөдийн унаган байгалыг хамгаалах тал дээр олон нийтийн анхаарлыг хандуулахын төлөө тууштай ажиллаж байна. Жишээлбэл Төвөдийн өндөрлөгөөс эхтэй томоохон гол мөрөнөөс Азийн 1 тэрбум гаруй хүн ундаалж байгаа тул энэ их чухал асуудал юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Энэтхэг орон Төвөдийн бурханы шашинд чухал нөлөөтэй байсан гэдгийг дурдлаа. Тонми Самбода Төвөдийн бичиг, үсгийг улам боловсронгуй болгохын тулд Энэтхэг орныг зорьж, их эзэн хаан Тисрон Дэцэн Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлэхийн тулд мөн л Энэтхэгээс Шантаракшита гэгээнийг урин залсан байна. Энэ цаг үеэс эхлэн Энэтхэгийн санскрит хэл дээрх буддын ном сургаалыг төвөд хэлэнд орчуулж эхэлжээ. Өнөөг хүртэл гүнзгий суралцаж буй Наландагийн 17 бандида нарын гүн ухааны олон ном сургаалыг төвөд хэлэнд хөрвүүлжээ. Богд Зонхов нэгэнтээ “Цаст цагаан Төвөдийн орон хутагт Энэтхэгийн орноос дээдийн номын гэрэл гийхийг хүртэл харанхуй байв” гэж айлджээ.

Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мундгод дахь төвөд иргэдэд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.12. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг найз нартаа түүхэн талаасаа авч үзвэл Төвөдийн ард түмэн Энэтхэгийг өөрсдийн багш гэж үздэг гэж хэлдэг ажээ. Олон зуун жилийн турш Төвөдийн ард түмэн үнэхээр сайн шавь байж чадсан гэдгээ харуулж чадсан байна. Учир нь төвөдүүд тэдний заасан ном сургаалыг хадгалан авсаны дээр эртний Энэтхэгийн мэдлэг боловсролын тал дээр өнөөгийн олон энэтхэгчүүдээс онцгой илүү байгаа ажээ. Мөн Хятадын сүсэгтнүүд түүнтэй уулзахдаа манай лам нар уншлага, зан үйлийг голлодог, харин төвөдийн лам хуврагууд илүү их тодорхой тайлбарлаж байна гэжээ.

“Бид сүсэг бишрэлийг бус логик, учир шалтгааны зарчмыг голлодог. Энэ нь бидэнд чөлөөт хандлагыг өгдөг билээ. Жишээлбэл бурханы шашны уламжлалт одон орон судлалын талаарх асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг. 1960 оны үед Хятадын бичиг баримтанд Төвөдийн бурханы шашны талаар бичихдээ “Төвөдийн бурханы шашин нь мухар сүсэг дээр оршдог тул үүнийг хорихын төлөө хүч зарах хэрэггүй, шинжлэх ухаан хэдий чинээ хөгжинө тэр хэмжээгээр Төвөдийн бурханы шашин үгүй болно.” гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч ийм зүйл болоогүй.”

“Богд Зонхов “Эхлээд ном сургаалд сайн суралц, дараа нь суралцсан зүйлээ сайн ойлгож ав, дараа нь өдөр шөнөгүй анхааран авлага хий” гэж айлдсан. Тэрээр өөрийн шавь нартаа “Ертөнцийн зургаан чимэг, Хоёр дээд” гэж алдаршсан Энэтхэгийн их багш нарын зохиолд гүнзгий суралцах хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. Би буддын гүн ухааны гэвшийн цол хамгаалсан эрдэмтэн хуврагуудыг ч мөн адил үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Өнөөдөр Богд Зонховын таалал төгссөн зулын хорин тавны их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөртэй холбоотойгоор Хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, Чандракирти гэгээний “Төвд орохуй”, Хутагт Аръяадэвийн “Дөрвөн зуут” гэх буддын гүн ухааны шастируудыг уншаарай.”

Мундгод дахь Төвөд иргэдтэй уулзлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй лам хуврагууд. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.12. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Сүүлийн үед би эртний Энэтхэгийн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилдаг талаарх гүнзгий мэдлэгийг орчин үеийн Энэтхэгт сэргээх сонирхол ихтэй болсон юм. Би Энэтхэг найз нартаа хэдэн мянган эрдэмтэд энэхүү төсөлд оролцоход бэлэн байгаа талаар хэлдэг. Эрдэмтэн лам нарыг бүү хэл сүүлийн үед эмэгтэй гэвшмаа нар төрөн гарч ирсэн. Өнгөрсөн жил 20 гэвшмаа эрдмийн дээд цол хамгаалсан шүү дээ. Нэгэнт манай бурханы шашны ном сургаалд сэтгэл судлалын шинжлэх ухааны ном зохиол олдож байгаа тохиолдолд үүнийг бид яагаад иргэний бөгөөд академик түвшинд судалж болохгүй гэж би маш тодорхой хэлдэг юм. Бид үүнийг хийж чадвал хүн төрөлхтөнд асар их тус үзүүлэх болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан бүх хүмүүсийг удирдаж Пүржог Агваан Жамбагийн увидас дагуу бодь сэтгэл үүсгэх зан үйл хийсэн юм. Дараа нь тэрээр Бурхан Багш, Манзушри, Жанрайсиг, Дарь Эхийн зүрхэн тарнийн аман эш хайрласан бөгөөд эцэст нь бүгд нийлж дэлхийн энх тайвны төлөө залбирлаа.
Үзсэн: 1 026
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц