Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал

8-09-2018, 05:20  |  Хэвлэх

2018 оны 8 дугаар сар 2

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лэх дэхь Элаизер Жолданы нэрэмжит коллежид уригдав. Дээрхийн Гэгээнтнийг танхимын үүдэнд захирал Дэскён Намгял угтан авч тайзан дээр зассан суудалд хүндэтгэлтэйгээр заллаа. Энэ үед 1500 гаруй сурагчид болон багш ажилчид түүнийг хүлээн байв.

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Элаизер Жолданы нэрэмжит коллежид айлчилахад 1500 гаруй оюутнууд үндэсний хувцсаа өмсөн угтав. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сурагчид залбирлын ном уншиж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ерөөлийн ном уншив.

Уншлага дууссаны дараа коллежийн захирал Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ЭЖМ коллежид хүлээн авах үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Тэрээр уг коллеж 1994 онд нээлтээ хийж шинжлэх ухаан, урлаг, бизнесийн чиглэлээр мэргэжил олгож байгаа тухай тайлбарлав. 2004 онд Жамму Кашмер мужийн засгийн газар христийн шашинт гэр бүлээс гаралтай Ладакад багшилсан анхны төгсөгч Элаизер Жолданы нэрээр энэ коллежийг нэрлэхээр шийвэрлэсэн байна.

Ерөнхийлөгч Оцал Ванду хэлэхдээ Дээрхийн Гэгээнтнийг коллежид хүлээн авах нь оюутнууд болон багш нарын хувьд үнэхээр нэр хүндтэй хэрэг бөгөөд орчин үеийн боловсрол хийгээд эртний Энэтхэгийн мэдлэгийг хослуулах нь коллежийн зорилго болохыг дуулгалаа.

Дээрхийн Гэгээнтэн танхимд цугласан өндөр настан, оюутан нарын зүг толгой дохин, өөрийн дүү нартай уулзаж буй мэт элгэмсэг дотно мэндчилэв.

“Бидний санаж байх ёстой хамгийн чухал зүйл бол өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум гаруй хүн бүгд адил гэх ойлголт билээ. Бид оюун санаа, бие махбод, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Үүнийг хоёрдогч ялгаа болох яс үндэс, шашны итгэл үнэмшил, арьс өнгөний ялгаанд хэт их анхаарал хандуулж байгаа тохиол бүртэй таарахдаа би үргэлж онцолж байдаг. Энэ 21-р зуунд илүү тайван амгалан, аз жаргалтай дэлхийг бий болгохын тулд бид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Бидний нүүр тулж буй ихэнхи асуудлыг бид өөрсдөө бий болгосон бөгөөд энэ нь хүмүүсийг “тэд”, “бид” гэж ялгаснаас эхлэлтэй.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Элаизер Жолданы нэрэмжит коллежид үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Энэ талаар бид илүү нухацтай бодох хэрэгтэй байна. Бид бүгд адилхан л аз жаргалтай амьдрах хүсэл тэмүүлэлээр дүүрэн байдаг. Тиймээс би хаана ч явсан хүн төрөлхтөн салшгүй нэгдмэл зүйл гэдгийг дахин дахин дурдан сануулж, зөвлөж байдаг юм. Эрдэмтэд хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй эерэг гэдгийг баталжээ. Бид бол нийгмийн амьтад, бусдаас хамааралтай. Яг л Ладак нь Жамму Кашмерээс хамаарч, Жамму Кашмер нь Энэтхэгээс хамаарч, Энэтхэг нь хөрш зэргэлдээх улс орнуудаас хамаарч оршин тогтнож буйтай адил юм. Энэ бол бодит байдал, бид үүнийг хүлээн зөшөөрөх ёстой. Төвөдүүд бид хамаг амьтдын сайн сайхан, амар амгалангийн төлөө залбирдаг ч үнэндээ бид бөмбөрцөгийн бөөрөн дэх өөрсдийн жижигхэн буланд л анхаарал хандуулдаг. Тэгэхээр бид илүү бодитой хандлагыг хөгжүүлэх нь чухал байна.”

“Хүмүүн бидэнд ирээдүйг төлөвлөх, таамаглах боломжтой гайхамшигтай уураг тархи, ухамсар бий. Бидэнд өөр хоорондоо харилцах хэл яриа, бас боловсрол бий. Өнгөрсөн үед боловсрол зөвхөн шашны институтээс хамааралтай байлаа. Эртний Энэтхэгт амирлангуй бясалгал, мөн судлан бясалгах аргууд нь сэтгэлийн мөн чанарыг таних боломж олгож, улмаар сэтгэл хөдлөлийг хэрхэн хянах арга замыг зааж өгдөг байв.”

“Өнөөдөр бид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл ахуйн хичээл заадагтай адил бидний амгалан тайван байдлыг бусниулагч сөрөг сэтгэл хөдлөлүүдийг номхотгохын тулд сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг заах хичээлийн хөтөлбөр хэрэгтэй байна. Орчин үеийн боловсрол хувь хүн, гэр бүл, нийгмээрээ аз жаргалтай болоход хангалттай нөлөөлж чадах уу? гэсэн асуултын хариу нь эргэлзээтэй. Бидэнд материаллаг хандлагаас сэтгэлийн дотоод үнэт зүйлд илүү чиглэсэн орчин цагийн боловсрол хэрэгтэй байна.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
1500 гаруй багш ажилчид, оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид оюун санаагаа зайлшгүй засаж, хөгжүүлэх шаардлагатай тул би эртний Энэтхэгийн мэдлэг ухааныг зөвхөн шашны үзэл санаанаас бус, академик талаас нь илүү сэргээхийг оролдож түүнд өөрийн хүчин чармайлтыг ихээр зориулж буй. Зөвхөн олон жилийн түүх уламжлал талаасаа бус, өнөөгийн дэлхий дахинд ийм боловсрол хэрэгтэй учир Ладакчууд үүнд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэлтай байна. Одоо би та нарын асуулт болон санаа бодлыг сонсмоор байна.”

Сэтгэл хөдлөлийн сургалтын хэрэгцээний тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хувь хүн, гэр бүл, улс үндэстний түвшинд бий болсон асуудлууд нь сэтгэл хөдлөлтэй холбоотойг анзаарсан гэлээ. Хэрэв хэн нэгэн дөлгөөн тайван сэтгэлийг хөгжүүлэх аваас ямар ч зүйл тохиолдсон тайван тогтуун байх боломжтой гэв.

“Би 16 настайдаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан. Түүнээс хойш хэдэн зуу, мянган Төвөдүүд амь насаа алдсан. Энэ бүхий л хугацаанд би сэтгэлийн амар амгалангаа алдалгүй хадгалсаар байгаа нь Наладагийн уламжлалт сургалтын ач бөгөөд энэ нь практикаар батлагдсан зүйл юм.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Элаизер Жолданы нэрэмжит коллежийн оюутнуудын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Билиг билгүүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэрхэн, яаж гэсэн асуулт асууж, сониуч байх хэрэгтэйг онцоллоо. Мэдлэг, ойлголт хоёр маш чухал. Зөвхөн итгэл үнэмшилд тулгууралсан залбирал хангалттай биш. Өөр нэгэн сурагч чөлөө завгүй амьдрал дунд хэрхэн бясалгалыг дадуулах вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн ямар ч нөхцөл байдлыг ажиглан шинжлэх арга чадварыг эзэмшсэн цагт боломжтой гэлээ. Энэ нь өөрийн чинь уур уцаарыг хүргэх үед ямар хариу үйлдэл үзүүлсэнээр шалгагдаж, хөгжиж байх сэтгэлийн амгалан тайван байдалтай ижил арга юм гэв.

Өөр нэгэн эмэгтэй асуухдаа бусад хүмүүс уур хүргэх үед энэрэнгүй сэтгэлийг хэрхэн хадгалах вэ гэж асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа уур хилэнд ямар нэгэн сайн тал, давуу чанар байгаа эсэхийг сайн бодох хэрэгтэй гэв. Уур хүрсэн үед бид ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болдог гэлээ.

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Элаизер Жолданы нэрэмжит коллежийн оюутнууд асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид хожим харамсахгүйн тулд буруу дадлыг одооноос эхлэн арилгах хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд байнгын уур хилэн, айдас нь бидний дархлааг сулруулж, харин энэрэнгүй сайхан сэтгэл үүнийг дэмждэг хэмээн зөвлөж байна. Уур хилэн нь цочмог хариу үзүүлдэг, харин бусдыг хайрлах энэрэнгүй сайхан сэтгэл нь ямар нэгэн учир шалтгаан дээр үндэслэдэг. Энэрэнгүй сайхан сэтгэл бидэнд итгэл, дотоод сэтгэлийн хүч, урам зориг өгдөг юм.”

Сэтгэл хангалуун байхад материаллаг хөгжил хэрэгтэй ч энэ нь оюун санааны амгалан тайван байдлаас бий болдог байна. Сэтгэл ханамж дутагдсанаас болж амиа хорлолт нэмэгдэж байгаад тэрээр машид харамсаж явдгаа хэлэв. Япон гэх мэт өндөр хөгжилтэй бурханы шашинтай оронд ч амиа хорлолт их байгааг онцоллоо.

“Бид “Аз жаргал гэж юу вэ?” хэмээн асуух хэрэгтэй. Энэрэл хайраас үүдэлтэй аз жаргал нь бидний сэтгэл санаанд байдаг зүйл юм. Тиймээс оюун санаа, сэтгэл, ухамсар дээр төвлөрсөн мэдлэг боловсролыг илүү их анхаарах хэрэгтэй. Оюун ухаан хийгээд ухамсарын хүч чадлыг ойлгохын хэрээр амар амгаланд хүрэх арга замаа хурдан олох болно.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Элаизер Жолданы нэрэмжит коллежийн оюутнуудын асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Уур хилэн, айдас, хардалт гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл бидний амар амгаланг сүйтгэдэг гэдгийг ойлгохын зэрэгцээ шударга, сайхан сэтгэлтэй байх нь сэтгэлийн амар амгаланг авчирдаг болохыг ч ойлгох хэрэгтэй. Бид нийгмийн амьтад тул бидэнд найз нөхөрлөл хэрэгтэй. Бид итгэлцэл дээр үндэслэж найз нөхөдтэй болно. Итгэлцэл нь бусдын сайн сайханд анхаарал хандуулснаас бий болдог.”

Хамгийн сүүлд нэгэн охин бусдын сөрөг нөлөөнд автах үед өөрийгөө хэрхэн тайван байлгах талаар асуулаа.

“Үүнд ямар ч уургүйгээр хариу үзүүлэх нь чухал. Зүгээр л сайн бодоод үз. Өөрийн тайван байдлаа алдаж, орилж хашхирч, өөрийн хяналтгүй хариу үйлдэл үзүүлэх нь ямар ч үр дүнгүй шүү дээ.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Коллежийн оюутан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнд хандан талархал илэрхийлээд энд хамт байхад сайхан байснаа хэлэв. Хурлын танхимаас гарахын өмнө тэрээр эхлээд багш ажилчид, дараа нь оюутнуудын хамт зургаа татууллаа.

Коллежээс гараад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогломсарын зүг буцах зуураа баруун эргэж гүүрээр Индүс мөрөнг даваад Чүшод Ёгма тосгон дахь Имам Барга москт хүрэлцэн ирэв. Тэрээр энд үдийн зоог барих урилга хүлээн авчээ. Дээрхийн Гэгээнтэн москт орсон даруйдаа залбирал үйлдээд суудалдаа суув.

“Таны байрлаж буй Шивацал ордноос холгүй орших манай Имам Барга москт хүрэлцэн ирж бидэнтэй үдийн зоог барих болсонд ихэд баяртай байна.” хэмээн муслимын холбооны төлөөлөгч үг хэллээ. “Ладакын бүх муслимчуудын өмнөөс таныг хүндэтгэн урьж байна. Та бидэнд хүрэлцэн ирж саруул билиг оюун, энэрэнгүй сэтгэлийн талаар бидэнд зааж зөвлөх нь нэр төрийн хэрэг билээ. Та үргэлж энх тайван, энэрэл хайр, нигүүлсэнгүй сэтгэл, шашин хоорондын эв зохицлын онцлон айлддаг. Таны айлдвар бидэнд чухал үр дүнтэй байдаг юм. Бид энэ жил муслимчуудын их хурлыг Дели хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Танд урт удаан наслахыг хүсэн ерөөе.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Имам Барга дахь муслимын холбооны төлөөлөгч үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хүндэт ахан дүүс минь!” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.

“Хүссэн ч, эс хүссэн ч энэ гариг дэлхий дээр бид хамтдаа амьдардаг. Жишээлбэл энд Ладакт та нарын хүслээс үл хамаарч муслим ахан дүүс нар буддист ахан дүүстэйгээ, буддистууд муслимын ахан дүүстэйгээ хамтран амьдарч байна. Бидэнд тохиолдож буй маш олон асуудлын гол эх үндэс нь бид маш өчүүхэн зүйл дээр хэт их анхаарал хандуулж, явцуурах буюу өөрийн үндэс, шашныг дөвийлгөснөөс улбаатай.”

“Муслимын сунни болон шиа урсгал адилхан Аллахт залбирдаг боловч өөр хоорондоо тэмцэлдэж байна. Буддистуудын хувьд адилхан Бурхан Багшид залбирдаг боловч урсгал уламжлалаар явцуурах дутагдал байсаар байна. Ганц улсын эрх ашгаас хэтийдэж нийтийн эрх ашгийг өмнөө тавьсан Европын холбооны үзэл санааг би хүндэтгэдэг. Их Британи улс энэ холбооноос гарсныг би сайн ойлгохгүй байна. Эдүгээ нийтийн эрх ашигт анхаарлаа хандуулах цаг үе иржээ.”

“Энэтхэгт шашин хоорондын эв зохицол өнө эртнээс уламжилж ирсэн юм. Бурханы шашинтны хувьд хаана ч явсан Энэтхэгийн энэхүү уламжлалыг санал болгодог. Араб, Афганистан гэх мэт улс оронд одоо ч явагдсаар буй сунни, шиа урсгалын ахан дүүсийн зөрчилдөөнийг арилгах үүрэг Энэтхэгийн муслимчуудад оногдож буй гэж би боддог. Энэтхэгийн шашны удирдагчид нэгдэж, аливаа шашны хүмүүс нэгэн дор, нэг нэгэндээ хүндэтгэлтэй, талархан амьдрах боломжтой гэдгийг бусдад ойлгуулах цаг үе нь болжээ.”

Элаизер Жолданы нэрэмжит коллеж болон Имам Барга дахь айлчлал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Имам Барга москт үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.08.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Энэ өвөл зохион байгуулах гэж буй муслимчуудын хурлын талаарх төлөвлөгөөг би ихэд сонирхож, хүлээж байна. Та нар бусад улс орноос төлөөлөгч нарыг урих хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд тусгай бэлдсэн зоог авчирсан ба бусад хүмүүс нийтийн зоогноос авч зэрэгцэн сууж үдийн зоог барьлаа. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Шивацал ордны зүг амрахаар буцав.
Үзсэн: 542
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц