"Баярлалаа, Карнатака"

12-09-2018, 09:35  |  Хэвлэх

2018 оны 8 дугаар сар 10

Энэтхэг, Карнатака, Бангалор – Гоаг орхиод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам богино нислэг хийж Бангалорт хүрэлцэн ирлээ. Хотод очиход түүнийг зочид буудлын үүдэнд Карнатакад амьдардаг олон төвөд хүмүүс тосон мэндчилсэн юм. Таши Шолпа болон Гяал Шэй бүжиг бүжиж Төвөд үндэсний хувцастай залуу, бүсгүй хоёр уламжлалт заншлын дагуу арвайн гурил барин угтав. Гандан Ширээт болон бусад мяндагтан лам нар Дээрхийн Гэгээнтнийг албан ёсоор угтан авлаа. Төвөдийн хийдийн хамба лам нар цахилгаан шат хүртэл эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтэн өрөөндөө цайны цагтаа амжиж орлоо.

Энэ өглөө гадагшаа гарахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бангалорын сэтгүүлч, зохиолч Шоба Нарьяанд ярилцлага өгсөн юм. Тэрээр эхний асуултаараа Дээрхийн Гэгээнтнээс үр бүтээлтэй урт наслахдаа юу ойлгож авсныг нь асуухад тэрээр “Аз жаргалтай урт наслах нь хүн хүнээс шалтгаалж ялгаатай байдаг. Миний хувьд Наландагийн уламжлал ба учир шалтгаан, логик ухаанд ихэд суралцсан билээ. Хэдийгээр хүүхэд байхдаа сурахад хойрог ханддаг байсан ч төдөлгүй суралцсан зүйлсийнхээ үнэ цэнийг ойлгож үнэлэх болсон юм,” гэж хариуллаа.

"Баярлалаа, Карнатака"
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Энэ нь эмэгтэй ба эрэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай байх болов уу гэсэн асуултанд ой ухааныг дасгалжуулах нь сэтгэл ухамсрын үйл ажиллагаа учраас энэ түвшинд хүйсний ялгаа байхгүй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тун тодорхой хэллээ.

“Бид сэтгэл ухамсраа элдэв саад сарнилтаас холдуулахын тулд төвлөрлуулж сургаад энэ төвлөрлөө ашиглан үзэгдэх зүйлс болон тэдний цаад мөн чанар, бас уур хилэн атаа жөтөө мэтийн хорлолт сэтгэлүүдийн гэм уршигийг тунгаан шинжихэд ашиглах ёстой.”

Дээрхийн Гэгээнтнээс уйтгар, гуниг өөрт нь төрдөг эсэх, төрвөл ямар арга хэмжээ авдаг тухай Нарьяан асуухад “Өнөө өглөө цонхоор залуу хүмүүс дасгал хийж байгааг хараад ахиад ийм дасгал хөдөлгөөн хийж чадахгүй болсноо бодсон шүү.” гэж хариуллаа. Сэтгүүлч харамсах сэтгэл төрдөг үү гэж асуухад өнгөрсөн амьдралаа эргэн хараад чухал мөчүүдэд гаргасан шийдвэрүүд маань зөв байсан гэдэгт эргэлздэггүй учраас сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан юм.

Мөн Нарьяан Дээрхийн Гэгээнтнээс хүнд хэцүү шийдвэр гаргах тухай, айдсын тухай, дэлхийд энх тайван, эв зохицлыг бий болгох тухай, мөн түүний дуртай хоолны тухай асуусан юм. Бурханы шашинтан хүн бусдын өгсөн хоолыг л иддэг. Бурхан Багш ямар нэг тогтсон урсгал, чиглэлд харъяалагдаж байгаагүй, бас өөрт нь гал тогоо, тэр ч битгий хэл гутал ч байгаагүй, зөвхөн бадар аяга, номын хувцас л түүнд байсан гэж Дээрхийн Гэгээнтэн сүүлийн асуултанд нь хариуллаа.

Ярилцлагын дараа Дээрхийн Гэгээнтэн Уэст Энд зочид буудалд морилсон ба тэнд Төвөдүүдийн 60 жилийн цагаачлалын явцад Энэтхэг улсын үзүүлсэн дэмжлэг, ач тусад талархал илэрхийлэхээр жил бүр Төвөдийн Төв Захиргаанаас зохион байгуулдаг “Баярлалаа, Карнатака” хэмээх арга хэмжээ зохион байгуулагдав. Тэрээр гол зочин, Карнатака мужийн ерөнхий сайд Х.Д Кумарасвамиг угтан тосоод танхимын зүг хамт алхлаа.

Энэтхэг ба Төвөдийн төрийн дуулал эгшиглэхэд бүгд босож зогсов.

"Баярлалаа, Карнатака"
"Баярлалаа, Карнатака" баярын өмнө сурагч хүүхдүүд Энэтхэг, Төвөдийн төрийн дууллыг эгшиглүүлэв. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Орон нутгийн Төвөд иргэдийн ахлах төлөөлөгч Чопел Түвдэн үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн, ерөнхий сайд, мөн профессор СН Киран Шанкар, Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч доктор Лувсан Сэнгэ, Төвөдийн спикер Кенпо Соном Тенпел болон бусад оролцож буй зочдод мэндчилэв.

Тэрээр Энэтхэг, Төвөд хоёрын олон зууны харилцааг дурдсаны зэрэгцээ буддизм нь Төвөдийн соёл, мөн чанар, онцлогийн нэгээхэн хэсэг болсныг тэмдэглэн хэллээ. Анх 1956 онд Мисоре муж хэмээн байгуулагдаж байсан энэ муж 1973 онд Карнатака болон өөрчлөгдсөнийг тэр дурсаад мужийн ард иргэд, засаг захиргааны үзүүлсэн дэмжлэгийг магтан сайшаасан юм.

Кенпо Соном Тенпел төвөд хэлээр үг хэлэхдээ Энэтхэг, Төвөд хоёр улс ойролцоогоор 1,000 гаруй жил дотно харилцаатай байсныг өгүүлээд Энэтхэгийн ерөнхий сайд асан Моражи Десайн хэлсэн “Энэтхэг, Төвөд хоёр улс нэг бодь модны хоёр салаа мөн.” гэдэг үгийг эш татлаа.

Доктор Лувсан Сэнгэ англи хэлээр үг хэлсэн бөгөөд “Дээрхийн Гэгээнтний зөвлөснөөр бид хуучин анд нөхдөө хадгалж үлдээд шинэ анд нөхөдтэй болж байна. Бидэнд тусламжийн гараа сунгаж байсан хүн бүрийг бид санаж, бас талархаж явдаг. Энэ жил Төвөдийн Төв Захиргаа Энэтхэг улс, мөн үзэсгэлэнт Карнатака мужийн бидэнд үзүүлсэн өгөөмөр сайхан сэтгэлд тань “Баярлалаа” гэж хэлж байна. Карнатака мужийн ерөнхий сайд ХД Кумарасвами Карнатака мужийн ард иргэдэд олгодог дэмжлэг туслалцаагаа Төвөдүүд бидэнд яг адил хэмжээнд үзүүлж байна. Энэ мужид Төвөдүүд хамгийн ихээр сууришсан, энд хамгийн олон төвөд лам хуврагууд, хамгийн олон Төвөдийн сургуулууд байдаг.” гэлээ.

“Төвөд нутагт маань маш их дарамт хүчирхийлэл байгаа учраас үүнийг эсэргүүцэж 152 хүн өөрсдийгөө галдан шатаасан. Төвөдүүд өөрсдийн газар нутаг дээрээ хоёрдогч түвшний хүмүүс болоод байна. Тэднийг эдийн засгийн хувьд ч хавчин гадуурхаж байгаа. Гэтэл Энэтхэг, тэр дотроо Карнатакад төвөдүүдэд өргөн боломж байна, тиймээс энэ бүхэнд бид ямагт талархах болно, тиймээс ч бид сэтгэлийн угаасаа “баярлалаа” гэж хэлж байна.”

"Баярлалаа, Карнатака"
Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч доктор Лувсан Сэнгэ үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Доктор Сэнгэ Канадад нэгэн төвөд хүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж зогсоосон цагдаа нь Карнатакад төрсөн хүн байсан тухай түүхийг ярьж хүмүүсийг инээлгэлээ. Каннада хэлээр (Карнатака мужийн хэл) өөрсдийн дурсамжаа хөөрөлдсөөр тэр хоёр замын торгуулаа мартсан гэнэ.

Гэр бүлийхэнд нь талархлаа илэрхийлж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мужийн хамгийн анхны анд нөхөр, ахлах сайд асан Нижалингаппагийн бага хүү профессор СН Киран Шанкарт “Номын Хүрд” гардууллаа. Тэнзин Чоэдэн каннада хэл дээр дуу дуулав.

Ерөнхий сайд Х.Д Кумарасвами Дээрхийн Гэгээнтэнтэй хамт байгаа нь маш их онцгой завшаантай, нэр төрийн хэрэг гэж үгээ эхлэв. Нижалингаппа Төвөдүүдэд газар санал болгосноор таван суурин байгуулагдсан тухай тэрээр дурслаа. Төвөдүүдийн Карнатакад оруулсан хувь нэмрийг тэр дурдаад тэдэнд сайн сайхныг хүсэв.

Үүний дараа Төвөдийн 3 мужийг төлөөлсөн уран сайханчдын үзүүлбэр боллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн олон нийтэд талархснаа илэрхийлэн ерөнхий сайдад “Номын Хүрд” гардуулснаас гадна Төвөдийн суурингууд оршдог дүүргийн Хууль Эрх Зүйн Ассемблийн гишүүдэд бэлэг гардуулав.

Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн цугласан олонд хандаж үгээ хэллээ.

"Баярлалаа, Карнатака"
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Карнатака мужийн ерөнхий сайд Х.Д Кумарасвамид "Номын хүрд" бэлэглэж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Карнатака муж ба түүний ард иргэдэд үзүүлсэн дэмжлэг, нөхөрлөлд баярлалаа гэж хэлэх боломж надад олдсон нь миний хувьд их нэр төрийн хэрэг юм. Төвөдүүд бид та бүгдийн сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Хятадын удирдлагууд өөрсдийн төв нутаг дээрээ хэрэгжүүлсэн өөрчлөлтүүдийг бидэн дээр 1956 оноос хойш хэрэгжүүлж эхэлснээр Төвөдөд маш их асуудал гарч эхэлсэн билээ. Эдгээр өөрчлөлтүүд нь Төвөд хүмүүст тохиромжтой байгаагүй учраас бид эсэргүүцсэн. 1959 он гэхэд дарамт хүчирхийлэл бүх нутгаар хэрэгжих болсон тул эсэргүүцэл улам нэмэгдсэн юм.”

“1954 онд би Хятадад очиж Мао даргатай хэд хэдэн удаа уулзсан. Социализмын тухай уншиж мэдсэний хувьд би энэ санаанд татагдаж байсан. 1955 онд гэртээ эргэн ирж генерал Зан Гуохуатай уулзахдаа би жилийн өмнө их болгоомжилж байсан бол өнөөдөр итгэл дүүрэн буцаж ирлээ гэж хэлж билээ. Гэтэл 1956 оноос хойш бүх зүйлс өөрчлөгдсөн юм.”

“Бид 1959 онд Энэтхэг улсад хандахад Бандит Неру надад “Хэрэв Төвөдийн асуудлыг цааш хадгалж, үргэлжлүүлэн тэмцэхийг хүсэж байгаа бол Төвөдүүд өөрсдийн үр хүүхдүүдээ сургаж боловсруулах хэрэгтэй.” гэсэн маш чухал зөвлөгөөг өгч билээ. Үүний тулд, бас Төвөдийн хэл соёлыг авч үлдэхийн тулд бидэнд тусдаа бие даасан сургуулууд байгуулах хэрэгтэй байлаа. Неру энэ тал дээр бидэнд туслаж эхэлсэн юм. Мөн тэрээр Төвөдийн суурингууд байгуулах бидний хүслийг дэмжиж мужууд руу газар олгох боломжтой эсэхийг нь асууж захиа явуулж байлаа. Би Энэтхэгт 1956 онд ирээд Нижалингаппатай хамгийн түрүүнд уулзаж байсан бөгөөд тэр бас хамгийн өгөөмөр хариуг бидэнд барьсан билээ.”

“Төвөдөд бидний хадгалж ирсэн соёлын өв анх Энэтхэгээс эхтэй. 7-р зуунд Төвөдийн хаан Деванагари үсэг, санскрит дүрэм дээр суурилан Төвөдийн бичгийн хэлийг бий болгох ажлыг эхлүүлсэн юм. Бас 8-р зуунд Төвөдөд буддизмыг үндэслүүлэхийн тулд Наланда их сургуулийн хамгийн шилдэг эрдэмтдийг урьж авчирсан шүү дээ. Энэ цагаас эхлээд бид Наландагийн уламжлалыг хадгалсаар ирэв. Өнөөдөр энэ бүх мэдлэг мэдээлэл уялдаатай хэвээрээ л байна.”

"Баярлалаа, Карнатака"
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Баярлалаа, Карнатака" баярт оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Дэлхий нийтээрээ сэтгэл зүйн хямралд орсон өнөөгийн энэ цаг үед залбирал мөргөл дангаараа шийдэл болж чадахгүй, харин сэтгэл оюунаа дасгалжуулах, өөрсдийн хорлолт, сүйтгэгч зан чанаруудаа багасгаж, эерэг зан чанаруудаа хүчирхэгжүүлж сурах хэрэгтэй байна. Энэ агуулгын хүрээнд эртний Энэтхэгийн мэдлэг оюуныг орчин үеийн Энэтхэгт сэргээж, үүнээсээ суралцан дадуулах хэрэгт би өөрийгөө дайчилж буй. Энэтхэг улс бол эртний сэтгэл судлал, ухамсар оюуны тухай ойлголтуудыг орчин үеийн мэдлэг боловсролтой нэгтгэж чадах ганц орон гэдэгт би итгэдэг.”

“Энд анх цагаачлан ирэхэд бид сэтгэл санааны хүнд хямралд орсон байсан бол 60 жилийн дараа өөрсдийн итгэлийг эргэн сэргээж, улмаар нийтийн эрх ашигт бид хэрхэн хувь нэмэр оруулж чадахаа таньж харах боллоо. Энэ бол Энэтхэгийн Засгийн Газрын дэмжлэгийн ач тус бөгөөд энэ бүгдийн үндэс сууринд Бандит Неругийн сайхан сэтгэл оршиж байгаа юм.”

“40 жилийн өмнөхтэй харьцуулахад Хятад улс бас их өөрчлөгджээ. Төвөдөд ч бас сайхан ирээдүй байна. Тиймээс бидэнд гутрах няцах орон зай байхгүй, өөрсдийн сэтгэл зүрхээ чангалж анд нөхдийнхөө өгөөмөр сэтгэлд талархах ёстой юм.”

Жигмэ Цултим өнөөдрийн энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжихэд хувь нэмэр оруулсан бүх хүмүүст баярласнаа хэлээд мөн Төвөдүүдэд олон жилийн туршид найз нөхөрлөлөө хадгалж байсан олон хувь хүмүүс, байгууллагуудад талархал илэрхийллээ.

"Баярлалаа, Карнатака"
Баярт оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танхимыг орхих үед олон хүмүүс түүнтэй уулзахыг хүсч байсан ба машиндаа суухдаа тэрээр цугласан олонд баяртай гэж даллав. Тэрээр буудалдаа ирээд үдийн зоог зооглоод амрав. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудалдаа Видяалокын гишүүдтэй уулзана.
Үзсэн: 12 955
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц